Нийгэм
Монгол Улсын төлөө зүтгэе “ДӨЛ-2022” тэмцээн
Нэгэн зорилго дор нэгдэн баг хамт олон болж аймаг дүүргийнхээ нэрийг өндөрт гаргахын төлөө хурд хүч, авьяас чадвараараа өрсөлдөх сурагчдын “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг сурвалжиллаа. Энэхүү сурвалжилгаа бэлтгэхээр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хүрэн очиход аймаг дүүргийнхээ өнгө төрхийг илтгэх цэргийн хувцсаар ижилссэн сурагч хүүхдүүд угтав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай болж хөшгөө хаалаа.
Цогцолбор тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, бусад холбогдох албаныхан, аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, Цэргийн штабын дарга, тэмцээнд оролцогч баг тамирчид, багш дасгалжуулагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо. Арга хэмжээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмцээнд оролцогч сурагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, улсын аварга шалгаруулах төрөлд шилдэг баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан явдалд аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын цэргийн штаб, багш-дасгалжуулагч нарт талархал илэрхийлье. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон сурагчид та бүхний нүдэнд оч гялалзаж, нүүрэнд цог золбоо гэрэлтэн жавхаажиж, бие бялдар, сэтгэл зүйн хат суусан нь илхнээ харагдаж байна. Мэргэжлийн алба хаагчидтай эн зэрэгцэх эр зориг, тэсвэр хатуужилтай байж, тэмцээний талбарт нөхөрлөж, бас шударгаар өрсөлдсөн өсвөрийн дайчид та бүхнээрээ бахархаж байна. Тэмцээнээс олж авсан цэргийн хэргийн мэдлэг, дадал, ур чадвараа үе тэнгийн найз нөхдөдөө сурталчлан таниулж, цэрэг-эх оронч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн нь өмнөө тавьсан зорилго, зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, эх оронч үзэл сэтгэлгээтэй өсвөрийн дайчдаар хүрээгээ тэллээ” хэмээн тодотгож, тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлов.
Үүний дараа тэмцээний Ерөнхий шүүгч, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цогцолбор тэмцээний нэгдсэн дүнг танилцуулав. Нэгдсэн дүнгээр Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний тэргүүн байрт Э.Өсөхбаяр тасгийн захирагч, Б.Дэлгэрмаа дасгалжуулагчтай нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасаг, дэд байрт С.Энхбаяр тасгийн захирагч, Б.Батцог дасгалжуулагчтай нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хар сүлд” тасаг, гутгаар байрт А.Ганбаяр тасгийн захирагч, Ч.Гаваа дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” тасаг, тусгай байрт З.Төгөлдөр тасгийн захирагч, Т.Ганболд дасгалжуулагчтай нийслэлийн Багануур дүүргийн “Соёмбо” тасаг, Ж.Төгсжаргал тасгийн захирагч, А.Мөнхсувд дасгалжуулагчтай нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасгийн тамирчин сурагчид бусдыгаа хошуучлан манлайллаа.
“Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний тэргүүлэгчээр шалгарсан Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасгийн захирагч Э.Өсөхбаяр нийт сурагчдаа төлөөлөн хэлсэн үгэндээ “Дөл үнэхээр гайхамшигтай тэмцээн юм. Намайг болон манай найзуудыг эх орноо хайрлах сэтгэл, цэргийн албаар бахархах үзлээр дэвэргэж, цэнэглэсэнд баярлалаа. Энэ тэмцээнд оролцож, бүр ялалтын медалийг зүүснээрээ миний зам мөр нэгэнт тодорхой боллоо. Тэр нь цэргийн хүн болох эргэлт буцалтгүй шийдвэр юм. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээв.
Цогцолбор тэмцээний нэг төрөл болох ханын сонины уралдаанд тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн “Сүлд” тасгийн сурагч А.Мөнхтөр, Г.Мишээл, дэд байрт нийслэлийн Налайх дүүргийн “Тусгай” тасгийн сурагч Н.Нямцоож, Н.Эрдэнэ-Уянга, гутгаар байрт нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасгийн сурагч Б.Төгөлдөр, Б.Лхам-Эрдэнэ нар тэргүүлснийг энэ үед зарлаж, шагнаж урамшуулав. Сурагчдын эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монгол бахархал, өв соёлыг бийрээр дүрслэн буулгасан ханын сонинуудыг үзэгчдэд дэлгэж толилуулсанд эцэг, эхчүүд талархаж байсныг энд дурдъя. Энэ үеэр үзэгчдийн талархлыг хүлээсэн шагнал хүртээсэн нь “Дөл-2022” цэрэг-спортын тэмцээнд баг тамирчдаа зөв удирдан чиглүүлж, манлайлсан зарим тасгийн захирагч нарт Үндэсний Батлан хамгаалах Их сургууль, Дотоод хэргийн Их сургуульд суралцах урилга байв. ҮБХИС-д суралцах урилгаар Өмнөговь аймгийн тасгийн захирагч Б.Энхмэнд, Сэлэнгэ аймгийн тасгийн захирагч Б.Тэмүүжин, Хэнтий аймгийн тасгийн захирагч А.Баяржавхлан нарыг, Дотоод хэргийн Их сургуульд суралцах урилгаар Булган аймгийн тасгийн захирагч Д.Базарсад, Дорноговь аймгийн тасгийн захирагч М.Анар, Төв аймгийн тасгийн захирагч Н.Даваажаргал нарыг шагнасныг ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн алба, зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг гардуулан өглөө. Мөн Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын шагналыг баг тамирчдыг бэлтгэн оролцуулсан аймаг, нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын дарга, багш-дасгалжуулагч нарт хүртээж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн зарим байгууллагуудын удирдлагад өргөмжлөл гардуулав.
Хаалтын ажиллагааны төгсгөлд сонс эргэлтээр 1111 эргэж гиннесийн дээд амжилт шинэчлэн тогтоосон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлагч С.Батцэнгэлд батламж гардуулах ёслол болж, Зэвсэгт хүчний 032, 014, 016, 119, 120 дугаар нэгтгэл, ангиудын авьяаслаг хөгжимчид морин дэл дээр хөгжмийн бүх төрлөөр хөгжимдөж толилуулав. Морьтон дайчдын эрэмгий чанар, эрч хүчийг харуулсан үзүүлбэр, дайчин хэмнэлт хөгжмийн уухай, зөөлөн борооны товшоо, эрмэг залуухан цэргүүдийн алхаа, морьдын хөлс, бүрээ бөмбөрийн нижигнээн, яруу алдрыг бахдан дуулсан цэрэг эрсийн дуунууд, хүлэг морины туурай дээр морин хуураар эгшиглүүлсэн аязаар “Дөл”-ийн сурагчдад бэлэг барилаа.
Ийнхүү “Дөл-2022” тэмцээнд оролцогчид болоод холбогдох албаны хүмүүсийн санал сэтгэгдлийг хүргэе.
Г.Сайханбаяр: “Дөл” тэмцээн хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох онцгой гавьяатай нэг талын сургалт
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Дөл” тэмцээн хүүхэд, залуучуудыг зөв ёс суртахуунтай, хувийн зохион байгуулалттай, зорилго тэмүүлэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанар, хувь хүний хүмүүжилд эергээр нөлөөлдгийг дурдахад таатай байна. 2015 онд батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг болон Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэхүү төр, засгаас баталсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн өндөр ач холбогдолтой юм. Тэртээх 38 жилийн өмнө есдүгээр ангидаа өнөөгийн Баянзүрх дүүрэг, тухайн үеийн Найрамдлын районоосоо шалгаран “Шонхор” тоглолтод тасгаараа оролцож, тусгай байр эзэлж байлаа. “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд оролцохоор жигдрэн жагссан та бүхнийг хараад сурагч насны минь дурсамж сэдэрч, сэтгэл хөдөлж байна. Яг л та нар шиг тэмцээн хурдан болоосой гэж хөөрч догдолж, шөнө нойр хүрэхгүй хүлээж байснаа санаж байна. “Дөл” тэмцээн хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох, хувийн зохион байгуулалттай, тэсвэр хатуужилтай иргэн бэлтгэхэд онцгой гавьяатай нэг талын сургалт” гэв.
Д.Цог-Эрдэнэ: Бие биеэ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг төрүүлж гаргах нь тэмцээний гол зорилго
Тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ. “Дөл”-д оролцож буй нэг хүүхдийн цаана мянган хүүхэд бий. Сайн үлгэрлэлийг тэдэнд өгч чадвал тэд хэдэн мянга дахин болгон цацаж чадна. ирээдүйд эх орноо авч явах залуусыг бид зөвхөн бие бялдар, сэтгэл зүй талаас нь хараад бэлтгээд байх нь оновчтой биш. Алсыг харах ёстой. Ёс суртахуун, соёл уламжлал, монгол бахархал, өв соёл, урлаг, түүх гээд өргөн хүрээнд харж, өв тэгш иргэнийг бэлтгэх нь зөв юм. Эрүүл саруул, ёс суртахуунтай, монгол түүх, уламжлалаа дээдэлдэг, эх оронч үзэл сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, бие биеэ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг төрүүлж гаргах нь тэмцээний гол зорилго.
Г.Анужин: Гэрийнхээ анхны эмэгтэй цэргийн алба хаагч болно
Орхон аймгийн “Эрдэнэт” багийн тамирчин Г.Анужин “Аймагтаа зохион байгуулагдсан “Дөл” тэмцээнд амжилттай оролцож улмаар улсын аваргын төлөө өрсөлдөж байгаадаа тун их баяртай байна. Анх ирээд шантрах зүйл байсан хэдий ч эмэгтэй хүүхдүүд бид нар ч гэсэн хөвгүүдээсээ тэвчээртэй гэдгийг харуулахыг зорьсон. Энэ тэмцээнд оролцсоноороо цэргийн хүн болох бодол илүү төрөх болсон манай гэр бүлд цэргийн мэргэжил эзэмшсэн хүн байдаггүй би анхных нь эмэгтэй цэргийн албан хаагч болно. Манай багш бид нартай ойлголцож, ярилцахдаа маш сайн тиймдээ ч манай баг бусад багаас илүү хоорондоо дотно байж тэмцээндээ амжилттай оролцсон.
А.Өсөхбаяр: Энэ хэд хоногт цэргийн амьдралаар амьдрахад үнэхээр сайхан байлаа
Орхон аймгийн “Эрдэнэт” багийн тамирчин А.Өсөхбаяр “Миний бие Орхон аймгийн I сургуулийн 12Г ангийн сурагч. Манай баг Орхон аймгийн 186-р цэргийн ангид байрлаж бэлтгэлээ базаасан бидэнд аймгийн засаг дарга болоод багш дасгалжуулагчид маань том дэмжлэг үзүүлсэн. “Дөл” тэмцээнд анх удаа оролцлоо сэтгэгдэл маш өндөр байна. Энэхүү зэвсэгт хүчний сургалтын төвд байрлаад цэргүүдийн унтдаг орон дээр унтаж, өглөө цэргүүдийн сэрдэг цагт сэрж энэ хэд хоногт цэргийн амьдралаар амьдрахад үнэхээр сайхан байлаа. Би сургуулиа төгсөөд хамгийн түрүүнд цэрэгт явна манай гэр бүлийн хувьд их дэмжиж байгаа. Мөн энэ тэмцээнд оролцсон маань надад дурсамж, тэвчээр хатуужил, найз нөхөд гээд маш олон зүйлийг өгсөн.
Б.Ариунзаяа: Цэргийн эмч болохыг хүсдэг
Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” багийн тамирчин Б.Ариунзаяа “Өөр өөр аймаг сум, дүүргээс ирсэн хүүхдүүдтэй танилцаж олон зүйл сурч мэдэхийн зэрэгцээ найз нөхөдтэй болж хүрээллээ тэлж байгаадаа маш их баяртай байна. Энэ тэмцээнд манай баг энгэртээ алдан медаль зүүх гэж л ирсэн. Би сургуулиа төгсөөд эмчийн мэргэжлээр сурна бүр цаашлаад цэргийн эмч болохыг хүсдэг. Манай хамаатны ах дэд хурандаа цолтой бага наснаасаа л тэр ахыгаа харж, үлгэр дуурайлал авч ирсэн тиймдээ ч цэргийн эмч болно гэж шийдсэн. Бэлтгэлдээ гарч эхэлсэн эхний хэдэн өдрүүдэд манай багийн эмэгтэй гишүүд их шантарч байсан. Харин манай багийн хөвгүүд маань бидэнд их тус дэм болж сэтгэлээр унахад хүртэл дэмжиж тусалдаг.
О.Мөнхтулга: Цэрэг эх оронч хүмүүжил гэдгийг эндээс л ухаарч байна
Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” багийн тамирчин О.Мөнхтулга “Цэрэг эх оронч хүмүүжил гэдгийг эндээс л ухаарч мэдэж авч байна. Урд урьдын жилүүдэд оролцож байсан ах эгч нарынхаа гаргасан амжилтыг давтаж цаашлаад давуулан биелүүлэх зорилготой ирсэн. Мэдээж энэ тэмцээнд оролцож байгаа багууд бүгд ялагч болохыг хүсэх нь гарцаагүй. Манай баг ч гэсэн түрүүлэх зорилготой ирсэн гэвч хараахан бодсон шигээ амжилтыг гаргаж чадаагүй ч гутгаар байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. Багынхандаа болон тэмцээнд оролцсон бүх хүүхдүүддээ хандаж хэлэхэд бид чадсан. Энэ тэмцээнд оролцсон өдрүүд бүхэн насан туршийн минь дурсамж болон үлдэнэ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр1 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ