Нийгэм
Мөнгөн хонхны жингэнэх чимээтэй хамт ирсэн өдөр
Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд сургуулийн сурагчид, оюутан залуусын хөөр баяр, инээд цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бага, ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, анги руугаа яаран ирнэ. Зуны зугаатай сарууд намрын налгар өдрүүдээр солигдож охид хөвгүүд, хүүхэд залуус эрдмийн өргөөндөө ирлээ. Энэ жил анх удаа сургуулийн босго давж буй бяцхан, өхөөрдөм сурагчдын хувьд эрдмийн аянд мордож байгаа эрдмийн анхны баярт өдөр. Оюутнуудын хувьд ч гэсэн есдүгээр сарын 1 сэтгэл хөдөлгөсөн, догдлол төрүүлсэн баярын өдөр. Шинэхэн оюутнууд их, дээд сургуулийн үүдээр алхаж, сурагч биш оюутан гэдэг эрхэм нэр зүүн, амьдралынхаа ирээдүйг тодорхойлох шив шинэ ертөнцөд хөл тавьдаг. Өөдрөг бүхнийг бодон, шинэ бөгөөд үеийнхээ найз нөхөдтэйгөө танилцан, багшдаа загнуулаад л гүйж явдаг ахлах ангийн сурагч биш харин өөрийн ухамсар, оюунаараа аливаа эрдмийг задлан шинжилж, гүнзгийрүүлэн суралцаж эхлэх өдөр. Энэ өдөр нь эцэг эхчүүдийн хувьд охин, хүүгээ эрдмийн аянд мордуулах гэж яарч догдлон, сүүгээ өргөн үдэж өгдөг бас л баярын өдөр ч мөн.
Бяцхан жаалуудын хувьд цэцэрлэгт явж, шинэ орчинд орж, шинэ найзуудтай болж эхлэх баярын өдөр. Гэхдээ хамгийн хөөрхөн нь ээж ааваасаа бараг холдож үзээгүй бяцхан жаалуудын маань зарим нэг нь өнгө өнгийн олон тоглоом хараад баярлахдаа ээж ааваа баяртай ч гэхгүй анги руугаа гүйгээд ордог бол, бараг ихэнх шинэ жаалуудын хувьд уйлан байж ээж аавыгаа ангиас гаргадаг, тэр ч бүү хэл зарим нэг өрөвчхөн ээж аавыг “хүүгээ эсвэл охиноо цэцэрлэгт нь явуулахаа болих уу” гэж хүртэл бодогдуулдаг гэгээлэг өдөр билээ.
Багш нарын хувьд хамгийн их бүр хамгийн их хүлээж догдолдог, сэтгэл хөөрч баярладаг баярын өдөр бол есдүгээр сарын нэгэн мөнөөс мөн. Шинэ анги авсан багш нар ангийнхаа шинэ хүүхдүүдтэй танилцах харин ангиа аль хэдийн авсан багш нар сурагч нарынхаа хэр том болсныг, хэн нь хэрхэн өөрчлөгдсөнийг харах нь тэдний хувьд хамгийн сайхан.
Улсын хэмжээнд 80 мянган хүүхэд нэгдүгээр ангид орно
Шинэ хичээлийн жил буюу 2022-2023 оны хувьд улсын хэмжээнд 750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцана. Жил бүр 40 мянга орчим хүүхэд сургуулиа дүүргэн, төгсдөг бол нэгдүгээр ангид элсэгчдийн тоо 80 орчим мянгад хүрч буй. Үүнээс Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364,091 сурагч суралцана. Тэднээс 38,233 нь нэгдүгээр ангид элсэн орох шинэ сурагчид юм.
Их дээд сургуулийг цөөлсөн ч оюутны тоо цөөрөөгүй
Монгол улсад 147,393 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Тодруулбал 13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуультай нэгтгэсэн. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Дээрх тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1,567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй байхаар зохицуулалт хийжээ.
Оюутны дотуур байр
Улсын хэмжээнд 44 оюутны байр бий. Эдгээр байранд нийт 15 мянган оюутан хамрагдах боломжтой энэ нь нийт оюутнуудын 10 хүрэхгүй хувийг эзэлж байна гэсэн үг. Мөн хувийн хэвшлийн сургуулиудын 50 гаруй хувь нь дотуур байргүйтэй холбоотой. Орон нутаг бүр хоёр их, дээд сургуулийн дунд нэг дотуур байртай аж. Дотуур байрны төлбөр энэ жилийн хувьд 500 мянгаас 3.1 сая орчим төгрөг байна.
Жил бүрийн ЕБС-д элсэж буй хүүхдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ нийслэл улаанбаатарт 20 сургуулийн дотоод зохион байгуулалт, бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээ хангамж зэргийг тооцоолсноор дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан засвар тохижилтыг нь хийж, хичээллүүлэхээр болсон. Мөн одоогоор эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан түрээсийн 19 байранд 9,580 хүүхдийг шилжүүлж сургахаар болоод байгаа. Түүнчлэн орхон аймагт нэг сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул татан буулгаж, сурагчдыг нь түрээсийн байранд шилжүүлсэн. Харин бусад аймагт гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсэхгүйг албаныхан хэлэв.
2-6 насныхан бүгд цэцэрлэгт явна
Мөн сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141,023 хүүхэд хамрагдах төлөв гараад байна. Тэднээс 33,972 нь хоёр настай анхлан суралцагчид байгаа юм.
Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн нэгэн онцлог бол 2-6 насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах юм. Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг гаргасан. Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог.
Цэцэрлэгийн бүртгэлийн сугалааг халлаа
Нөгөөтэйгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд эцэг эхчүүд “e-mongolia” систем ашиглан 111,539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байгаа. Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй.
Сургууль цэцэрлэгийн орчинд дараах зүйл худалдаалахгүй
Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн а/370 тушаалаар сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.
Үүнд: бүх төрлийн хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа, өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль, нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт), чипс, эрдэнэ шишийн хөөс /попкорн, давсалсан, бүрсэн самар/, бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон, шошгын мэдээлэлд үндэслэн, энгийн нүүрс ус ихтэй (100 граммд арван грамм ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр, шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 граммд 450 мг натри буюу 1.1 граммаас их давс агуулсан бүх төрлийн хүнс, шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 граммд дөрвөн граммаас их ханасан өөх тос, 100 граммд 0.1 граммаас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс, мөхөөлдөс (ургамлын гаралтай алтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж vii заалтын дагуу) багтаж байна.
Энэхүү жагсаалтыг сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн боловсролын газарт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хяналт шинжилгээ, үнэлгээний газарт даалгасугай гэжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3.1.4 дэх заалтад дурдсанаар … “сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг” … хэлнэ.
Хүүхдийн 261 автобус сурагчдад үйлчилнэ
Он гарснаас хойш улаанбаатар хотод ерөнхий боловсролын нэг сургууль, бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолбор, есөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Түүнчлэн ЕБС-ийн сургалтын орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 102 сургуульд хүүхдийн 261 автобусаар 8740 сурагчийг гэрээс сургууль, сургуулиас гэр хооронд зөөвөрлөнө гэсэн судалгаа гарчээ. Энэ жил “сургуулийн автобус” төслийн хүрээнд 25 автобус шинээр оруулж ирсэн бөгөөд цаашид 50 автобус нэмж авчрах юм. Одоогийн байдлаар 101 автобусыг техникийн үзлэгт хамруулж буй юм байна. Үлдсэн автобусыг энэ сардаа багтаан үзлэгт оруулж дуусгах аж. Дээрх 102 сургуулийн сурагчдад үйлчилж буй 261 автобус дээр “сургуулийн автобус” төслийн 25 автобусыг нэмж тооцвол ирэх хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 286 автобус сурагчдад тусгайлан үйлчлэх юм.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна