Нийгэм
Хулгай, дээрмийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ
Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 18,804 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 1.8 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 503, зөрчлийн шинжтэй 12,283, мөн хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1311, зам тээврийн ослын 4585 гомдол, мэдээлэл хүлээж авсан. Хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурсан бол залилан болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн тоо өссөн байна” хэмээлээ. Мөн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 1401 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх 14 хоногоос 21 хувиар өсжээ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 54 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрийн ойр орчим, уулзвар, гарцад дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс 134 алба хаагч халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллалаа. Мөн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон бусад 30 орчим сүм хийдэд зохион байгуулсан ном хурах үйл ажиллагааны үеэр давхардсан тоогоор 32 анги, байгууллагын 4288 алба хаагч, 335 тээврийн хэрэгсэл, 300 хамгаалалтын хайстайгаар ажиллаж хэв журам сахиулав.
Харин замын хөдөлгөөн зохицуулалтын хувьд 229 хяналтын цэгт давхардсан тоогоор 524 алба хаагч ажиллаж, 29,328 зөрчил илрүүлсэн байна. Түүнчлэн хяналтын камераар 20,514 зөрчил илрүүлсэн тухай Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам тээврийн ослын дуудлага 3875 бүртгэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчил илрүүлснээс 25 нь осол гаргасныг тэрбээр онцолсон юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно