Нийгэм
“Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна
Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй.
Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж буй энэхүү үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна.
Нээлттэй инновацыг хөгжүүлэн, нутагшуулснаар байгальд ээлтэй, оновчтой, ухаалаг шийдлүүд бүхий хотыг цогцлоох технологи буюу Сити-Тек салбарын санаачилга, асуудлууд, дэвшлүүдийг бусад хоттой хуваалцах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох үнэ цэнтэй боломжийг ч “Сити-Тек Токио 2023” олгож буйгаараа онцлог.
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат тэргүүтэй холбогдох албаныхан тус үзэсгэлэнг үзэж сонирхон, Монголын старт-ап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан юм.
Үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа “Метафорс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл “Үзэсгэлэнд 30 гаруй улсын 100 хотоос 300 гаруй компани оролцож байна. Компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, мөн хоорондоо харилцаа холбоо тогтоох гээд ач холбогдол өндөртэй арга хэмжээ болж байна. Бид “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Энэ төсөл нь виртуал ертөнцөд харилцаа холбоо, үйлчилгээг бодитоор бий болгоно. Өөрөөр хэлбэл, манай металандад нэгдсэнээр аватараараа дамжуулан бүх үйлчилгээг нэг дороос хялбархан авах боломжтой. Түүнээс гадна компаниуд виртуал салбараа байгуулж, бизнесээ танилцуулах боломж ч нээлттэй. Манай металанд нь толин ертөнц гэдэг ангиллынх тул виртуал ертөнцөд авсан үйлчилгээ бодит орчинд хэрэгжиж байх юм.
Бид өнгөрсөн арваннэгдүгээр сард платформынхоо нээлтийг хийсэн. Зураглал сайтай, бодит мэт мэдрэмж төрүүлэх энэ ертөнцөд өөрийгөө төлөөлүүлэн үүсгэсэн аватараараа дамжуулаад та бусад хүнтэй харилцан, хотоор зугаалж, музей ч үзэж болно. Ингэхийн тулд “Metaland Metaverse” аппликейшн татаад и-мэйл хаягаараа үнэ төлбөргүй бүртгүүлэн, өөрийн аватараа үүсгэхэд л хангалттай.
Бид гуравдугаар сарын 30-нд “The Hu” хамтлагийн тоглолтыг метаверс орчинд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд хэд хэдэн уулзалт товлож амжлаа. Бас манай компани хүртээмжтэй буюу дохионы хэлтэй метаверс концепцыг хэрэгжүүлж байна. Энэ талаараа ч арга хэмжээний үеэр танилцууллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Мөн арга хэмжээний оролцогч “Фибо Глобал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар “Манай компани 2018 онд байгуулагдсан, хоёр жилийн хугацаанд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч болж чадсан. Бид дата төвүүдэд зориулан үйлдлийн систем хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бидний гаргасан үйлдлийн системийг ашиглаад дата төвүүд илүү орчин үеийн мобайль, вэб аппликейшн хийх боломжтой. Өнгөрсөн жилийн хувьд манай компани Казахстан Улстай гэрээ хийж, Төв Азийн зах зээлд гарах сууриа тавьсан. Үүлэн технологид суурилсан бизнесийн зах зээл бол дэлхийн хэмжээнд 10-20 хувийн өсөлттэй, Японд гэхэд л хоёр жилийн дотор 100 тэрбум ам.долларын эргэлттэй зах зээл болох төлөвтэй байна. Энэ зах зээлийн цаашдын чиг хандлага, технологи ямар түвшинд байгааг судлахаар ирсэн” гэсэн юм.
“Сити-Тек Токио 2023” арга хэмжээнд дэлхийн хотуудын удирдлагууд, удирдах албан тушаалтнууд, томоохон компаниуд, гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн салбарынхан тэргүүтэй 10 мянга гаруй хүн оролцож байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно