Дэлхий дахинд
Европчууд хувийн онгоцоор ниссэн тоогоороо дээд амжилт тогтоов
Европ тивд хувийн онгоцны нислэгийн тоо 2022 онд өмнөх оноос 64 хувиар өссөн. Тодруулбал, европчууд 2022 онд 572806 удаа хувийн онгоцоор нисч, дээд амжилт тогтоожээ. Энэхүү тоог “Greenpeace” байгаль орчны бүлэг гаргасан байна.
Өмнөх оноосоо хоёр дахин өссөн энэ үзүүлэлт нь Европын холбооны иргэдийн нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгаралт хэвийн хэмжээнээс хэтэрсэнийг илэрхийлнэ. Хувийн тийрэлтэт онгоцны нислэгийн тоо ийнхүү өссөн нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг нэн даруй бууруулахыг шаарддаг цаг уурын шинжлэх ухаантай зөрчилдөж байгаа юм. Ялангуяа Европ тивд сүүлийн 500 жилд тохиогоогүй хуурай зун үргэлжилж, цаг уурын хямралд нэрвэгдээд буй. Тив даяар гүний усны хомсдолд ороод буйг эрдэмтэд энэ оны нэгдүгээр сарын сүүлээр анхааруулсан.
572806 нислэгийн 55 хувь нь 750 км-ээс богино зайн нислэг буюу хэт богино аялал байсан. Тиймээс онгоцны оронд галт тэрэг эсвэл гатлага онгоцыг сонгож болох байсан гэж “Greenpeace” бүлэг мэдэгдлээ. Судалгаанд дурдсанаар Их Британи, Франц, Герман улсууд хамгийн их нислэг үйлджээ. Covid-19-ийн хязгаарлалт сулрахын хэрээр улс орнуудад хувийн тийрэлтэт онгоцны эрэлт ч нэмэгдсэн байна.
“Transport & Environment” төрийн бус байгууллагын мэдээллээс харахад, хувийн онгоц нь энгийн онгоцноос 14 дахин, галт тэрэгнээс 50 дахин их бохирдол ялгаруулдаг. Тодруулбал, ганцхан цагийн дотор хоёр тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг ажээ.