Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн шалгалтын ажил дуусаагүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Өдгөө “нүүрсний” эрүүгийн хэрэгт 50 гаруй хүнийг холбогдогчоор татаж цагдаагаас шалгаж буй. Эдгээр нэр холбогдсон хүмүүсээс дуулиантай саатуулагдсан, яллагдагчаар татагдсан зарим хүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх асуудал олны анхаарлын төвд хэвээр байна.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2023.04.06/ прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
С.БАТДӨЛИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАСАН НЬ ХЭРГИЙН ЭЭДРЭЭТЭЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан. Тодруулбал, Нийслэлийн прокуророос С.Батдөлийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд хүргүүлсэн байдаг. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийслэлийн прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан хянан хэлэлцээд, С.Батдөлийг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 9-нд дуусах байсан ч Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 8-нд хорих хугацааг дахин сунгасан юм.
Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…” гэсэн заалтыг үндэслэн, яллагдагч С.Батдөлийг цагдан хорих хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн юм.
С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.
С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.