Нийгэм
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон.
Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр “Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн.
Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарлалаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байна. Уг үзүүлэлтүүдээс харахад Улаанбаатар хотын гол, гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс 2 дахин их байгаа бөгөөд өдрийн 12 цагийн 70 хувьд түгжрэлтэй байдаг. Энэ нь хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Мөн нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ бүртгэсэн” гэдгийг хэллээ.
Автомашины улсын бүртгэлийн дугаарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд олгож байгаа бөгөөд автомашины импортод ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй юм. Ташрамд, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/цаг байлгахын тулд замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Нийгэм
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна.
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгад E-Mongolia вэб порталаар нэвтэрч, санал асуулгад идэвхтэй оролцоорой.
Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!
Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Санамж: Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.
Нийгэм
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.
Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна.
Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ.
Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ.
Нийгэм
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг нийслэлийн алслагдсан бүсүүд болон хүн амын төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдийн гадна талбайд байрлуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлдэг.
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг:
Даваа гарагт:
Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Хүннү молл худалдааны төвийн гадна талбайд
Мягмар, Лхагва гарагт:
Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Саруул худалдааны төвийн гадна талбайд
Пүрэв, Баасан гарагт:
Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон хорооллын гадна талбайд тус тус байрлана.
Та бүхэн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг харьяалал харгалзахгүй аваарай гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм1 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм26 минут өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм14 минут өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ