Хуулийн байгууллагаас аялагч Амай буюу Ж.Золбаярыг хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгаж буй. Энэ хэрэгтэй холбоотойгоор түүнийг амиа хорлосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас “Аялагч Амайг олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн” гэсэн мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 24-ний өдөр “Чингэлтэй дүүргийн “Нисдэг машин”-ы урд байрлах байранд иргэн хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай, иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж аван, хадгалж байсныг илрүүлсэн.
Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар албаныхан мэдээлж байв.