М.ДАВААДУЛАМ
Цагаан хад, Гашуун сухайт боомт нүүр нүдгүй шороо, элс, нанги/нарийн ширхэгтэй нунтаг/ нүүрсээр шуурсан, том оврын нүүрсний машинууд давхилдсан, дугаарласан ийм л газар аж. Тэнд нөхцөл байдал үнэхээр хүнд ч аргагүй амьдралын эрхээр 22 мянга гаруй иргэн ажиллаж байна. Гашуунсухайтын боомт гэдэг нь эхлүүлээд орхисон хэдэн барилга, цементээр цутгасан талбай, нүүрсээ тээвэрлэсэн том оврын машинууд, чингэлэг тээвэр, автомат тээвэр, шороон шуурга гэсэн тойм төдийхөн. Гэтэл цаана нь БНХАУ-ын Ганц модны боомт аанай давхар давхар барилга байгууламж сүндэрлэсэн хот гэлтэй харагдана. Ердөө таван алхмын наана, цаана байдал өдөр шөнө шиг ялгагдана. Өдөр шөнө ч гэж нүдэнд өртөх ганц барилгагүй боомтыг өдөр, шөнө гэдгээс өөрөөр яаж зүйрлэхийг үнэндээ мэдэхгүй байна. Гэвч Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүн сэргэлт болох боомтын сэргэлтийн хүрээнд нэлээд ажил хийхээр төлөвлөгдөн одооноос ажлаа эрчимтэй эхлүүлж байгааг сайшаах нь зөв байх.
Гашуунсухайт боомтыг 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, олон улсын боомт болгоно
Улсын эдийн засгийн голыг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх боомтуудаа хариуцах эзэнтэй болгосноор ийнхүү боомтуудын сэргэлт хөдөлж эхэллээ. Тус боомтод ажиллаж буй иргэдийн хувьд нийгмийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй, түүний тулд заавал аймаг, сум хот явах шаардлагатай гэнэ. Өөрсдөө цаг зав байхгүй тул энэ ажлыг нь мөнгөөр хийдэг тусгай хүмүүс байдаг гэх. Эндээс харахад бид хэддүгээр зуунд, яаж амьдраад байна гэж бодогдоно. Ямартаа ч тэнд ажиллаж, амьдарч буй иргэддээ нийгмийн үйлчилгээ саадгүй авах нөхцлийг нь бүрдүүлж төрийн “Нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгож өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдөр нээлтээ хийсэнд иргэд үнэхээр их баяртай байсан юм. Нөгөөтэйгүүр экспорт нэмэгдэхийн хэрээр боомтын ачаалал нэмэгдэж тэнд ажиллаж амьдарч буй хүмүүс нэмэгдэх нь тодорхой. Хүүхдийн сурах сургууль, цэцэрлэг, амьдрах орон сууц, ундны цэвэр ус гээд шийдэх ёстой, орхигдсон асуудал их байгаа. Тиймээс боомтын бүтээн байгуулалтад амьдрах орон сууц, цэцэрлэгийн асуудлыг тусгаж өгсөн юм байна. Нүүрсний экспортын 60 гаруй хувь, зэсийн баяжмалын 50 гаруй хувийг дангаар экспортолж буй Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтыг 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, олон улсын боомт болгох саналыг импортлогч болон тээврийн компаниудаас гаргаж ирсэн гэдгийг салбарын сайд нь мэдэгдэж байсан. Үнэндээ энэ санал хамгийн нүдээ олсон, бодит санал гэдэгтэй хүн болгон санал нэгдэх байх. Энэ утгаараа ч хөрш орондоо албан ёсоор санал тавьж, түүнийг нь БНХАУ хүлээн зөвшөөрөхийн сацуу танай тал шаардлагатай дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй гэсэн хариу өгсөн. Ингэснээр хоёр тал тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэх дээр санал нэгдсэн байдаг. Гашуунсухайтын боомтоор гарч байгаа нүүрсний экспортыг төмөр зам, авто тээвэр, мөн чингэлгийн, автомат AGV тээврийн гэсэн дөрвөн төрлөөр гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд терминалыг ангилж хийхээр төлөвлөжээ.
Барилга байгууламжийн ажил эхэлсэн тул дуусах нь тодорхой
Бүтээн байгуулалтын ажил цар тахлын улмаас түр зогссон ч энэ онд эрчимтэй ажиллан уг боомтын барилга байгууламжийг оны эцэст дуусган хүлээлгэж өгөхөөр болж байна. Тэнд бүтээн байгуулалт хийж буй компаниудын хувьд намгархаг газрыг хатаах, барилгын ажилд хэрэглэж буй усны асуудал гээд хоёр хүндрэлтэй асуудал байгааг хэлж байсан. Гэхдээ хөршийн буцалтгүй тусламж, Засгийн газрын санхүүжилт гээд хөрөнгө оруулалт саадгүй байхад тухайн асуудлаа өөрсдөө шийдчихэж юу нь болохгүй байгаа юм бол, ямар хөршөөсөө шийдээд өгөөч гэж гуйлтай биш дээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан 148 сая юаний (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ачаа тээврийн гарах 10, орох зургаан урсгал бүхий 16 эгнээ замтай бол зорчигч тээврийн хэсэгтээ орох, гарах нийт зургаан урсгал зам бүхий бүтээн байгуулалт, барилга байгууламжийн ажил хийгдэж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр цахилгаан эрчим хүчний асуудал, Хятадын талаас худалдаж авч байгаа ч Тавантолгойн цахилгаан станцыг хүлээсээр, харсаар олон жил болж. Ер нь боомтын асуудлыг бүрэн дүүрэн шийдэхэд төрийн байгууллагууд, яамд нягт уялдаа холбоотой байхгүй бол бие биенийхээ ажлыг үгүйсгэсэн байдал ажиглагдана. Боомтыг газар дээр нь очиж харсан хүний хувьд хэдийгээр нүүр нүдгүй тоос шороо буцалж байгаа хэдий ч оны эцэст олон улсын стандарт бүхий боомт болох үүд хаалга нь нээгдэнэ гэдэгт итгэл төрсөн юм. Боомтод заавал байх ёстой барилгын сууриуд бүгд тавигдсан, санхүүжилт нь саадгүй тул дуусах нь ойлгомжтой шүү дээ. Эндээс харахад Х.Булгантуяа сайд ч энэ үүргээ сайн биелүүлж, ажлаа цэгцэлж, урагшлуулж байгаа. Боомт ч гэлтгүй аливаа зүйл хариуцах эзэнтэй болно гэдэг маань эмх цэгцтэй, хариуцлагатай болдог, тэр утгаараа боомтын тухайд салбарын сайд нь ажил байдлаараа харуулсаар байгаа. Гашуунсухайт боомтыг олон улсын болгох ерөнхий төлөвлөлт, хөрөнгө оруулалт, төсөв санхүүжилт гээд бүгд шийдэгдсэн юм чинь одоо юунд гацна гэж. Тиймээс аль аль талаасаа хичээж байгаад ач холбогдол бүхий том боомтоо ашиглалтад оруулаад авах л үлдлээ.
Монгол улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа: Гашуунсухайт нь экспортын гол боомт учраас хамгийн түрүүнд сайжруулах жагсаалтад орсон
-Боомтын бүтээн байгуулалтыг хийж, шинэчилснээр эдэлбэр газар хоёр дахин нэмэгдэж, орц гарцын тоо нэмэгдэж, үүнийгээ дагаад ухаалаг гарцуудыг бий болгоно. Автомашинаар нүүрс тээвэрлэхээс гадна жолоочгүй автомат тээврийн хэрэгслийг ашиглаж байна. Мөн тусгайлсан чингэлэг тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж байгаа. Манай улс өнөөдөр жилд 40 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж байна. Ингээд төсвийнхөө хөрөнгө оруулалтыг үүнтэй уялдуулаад төлөвлөж байна. Манай компаниуд жилд 100 гаруй сая тонн нүүрс олборлоход ямар ч асуудал байхгүй. Харин хил гааль нь үүнийг нэвтрүүлэх, экспортлох чадалтай байх ёстой. Дэлхийн зах зээлд манай гол түүхий эд зэс, нүүрсний үнэ 2023 онд сайн байх төлөвтэй байгаа. Гашуунсухайт боомт экспортын гол боомт учраас хамгийн түрүүнд сайжруулах жагсаалтад орсон юм.Бүтээн байгуулалтын ажил“Ковид”-оос болоод хойшилсон байсан. Өнөөдөр эхэлж байгаа барилга угсралт, шинэчлэлтийг энэ жилдээ дуусах бүрэн боломжтой. Мөн бүтээн байгуулалтын ажлыг хариуцлагч “Хөгжлийн хөтөч” төслийн багийнхан дараах тайлбарыг өгсөн юм. “Энэ боомтыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай цаг үе ирээд байна. Манай улсын хамгийн гол эрдэс баялаг болох нүүрс, зэс экспортолж байгаа боомт бол яах аргагүй Гашуунсухайт юм.
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Гашуунсухайт боомтын цогцолбор нь хоёр дахин томорно. Нэвтрүүлэх хүчин чадал, ачаа тээвэр гурав дахин нэмэгдэнэ. Энэ боомтыг шинэчилж барьснаар зорчигч, энгийн ачаа тээврийн хувьд орох гурав, гарах гурван урсгалтай, нийт зургаан урсгалтай зам тавигдана. Нүүрс, зэсний экспортын гарах 10 эгнээ, орох 6 эгнээтэй авто зам талбайг өргөтгөж шинэчилж тавих юм. Мөн гаалийн агуулах, мэргэжлийн хяналтын агуулахууд, химийн бодисын агуулахууд гээд боомтод байх шаардлагатай барилгуудын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 16 хувьтай явж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Жүнмэн инженеринг компани, мөн дотоодын туслах таван компани уг төсөл дээр ажиллаж байна. Төслийн үр дүнд тус боомтын нүүрс экспортлох хүчин чадал гурав нэмэгдэж тээврийн хэрэгсэл хилээр түргэн шуурхай нэвтрэн, экспортын байгалийн баялгийн чанар, тоо хэмжээг бүрэн тодорхойлох боломж бүрдэх юм. Мөн боомтын хяналтын байгууллагуудын алба хаагчид, гэр бүл, хүүхдүүдийн нийгмийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор алба хаагчдын орон сууцны таван барилга буюу 80 айлын хотхоныг боомтоос найман км зайд буюу машины хөл хөдөлгөөн, тоос тоосонцор, автомашины утаа, нүүрс зэргээс хол байрлах Хайрхан баг дээр байгуулахаар төлөвлөсөн. Тус хотхон нь нэг маягийн орон сууцны таван барилга авто зам, дэд бүтцийн байгууламж, инженер шугам сүлжээний хамт төлөвлөж өгсөн. Ингэснээр тус боомтын алба хаагчдын амьдрах таатай орчныг цогцоор нь шийдвэрлэж өгөх юм. Орчин үеийн стандартад нийцсэн зорчигчдын ая тухыг хангасан, гаалийн шинэчилсэн ухаалаг системээр иж бүрэн тоноглогдсон орчин үеийн боомтыг барихаар төлөвлөн, энэ ондоо барилга угсралтын ажлыг дуусгана гэсэн зорилттой замын болон барилгын компаниуд шуурхайлан ажиллаж байна” гэв.