НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2023-2027 онд манай улсад хэрэгжүүлэх стратегийн хөтөлбөрийн хамрах хүрээг танилцуулах уулзалт (2023.04.12) боллоо. Тодруулбал, ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, хамрах хүрээ, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг нягт нарийн боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого чиглэл, НҮБ-аас Монгол Улсад дэмжлэг үзүүлж буй хөтөлбөрийн баримт бичигт тусгагдсан зорилтуудтай уялдуулан боловсруулсан байна.
Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдлага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, зөвлөх Стефан Рудгард болон бусад төлөөлөл оролцлоо.
Хамтын ажиллагааны хамрах хүрээ, хэрэгжүүлэх төлөвлөгөөг урьдчилж, нарийн боловсруулах нь чухал
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: “Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурласан үндсэн ажиллагаа, “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, уг хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоол зэрэг бодлогын гол зорилго, төлөвлөгөө бий. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал. Газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах зэргээр бүх чиглэлд ямар арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шаардлагатайг энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөндөө урьдчилж нарийвчлан тусгаж, үйл ажиллагаануудаа зохион байгуулаад явах нь зүйтэй.” хэмээгээд тус байгууллагын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаанд талархалтай байдгаа илэрхийлсэн юм.
Салбарт тулгамдаж буй хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлага бий
Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун: “Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх УИХ-ын 36-р тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор гол 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Үүний тулд бидэнд их хэмжээний санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийг олон улсын донор байгууллагуудад санал болгохоор зээл дэмжлэгт хамрагдах төсөл, хөтөлбөрүүд ногоон байх ёстой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг багасгахад чиглэгдсэн байх ёстой гэдэг шалгуур үзүүлэлтүүдийг тавьдаг болсон. Тэгэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй.
Ойрын 4 жилийн хугацаанд хүнсний хангамжаа бүрдүүлж улмаар экспортлох, үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, түүнийг баталгаажуулах чиглэлд бидний хамтын ажиллагаа өрнөнө гэж төсөөлж байна. Мөн салбарт дутагдалтай байгаа боловсон хүчнийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хамтын ажиллагаа явагдах болов уу.
36-р тогтоолын хүрээнд хөнгөлөлттэй зээл гаргаад явж байгаа. Гэхдээ зөвхөн зээл олгосноор хангамж бүрдэж, асуудлууд шийдэгдэхгүй, цогцоор нь шийдэж байж тавьсан зорилтдоо хүрэх учраас олон талаас нь харж хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй байна. Үүнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын туршлага оролцоо, дэмжлэгүүд маш чухал.” гэсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ