Дэлхий дахинд
НҮБ-ын түр гал зогсоох саналыг Суданы мөргөлдөгч талууд бүрэн хүлээж авсангүй
Африк тивийн Судан улсад гэнэт зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн нь сүүлийн хэдэн өдөр олон улсын хамгийн анхаарал татсан сэдвийн нэг болж байна. Бүгд найрамдах Судан улсын үндэсний арми болон хагас цэрэгжсэн, хувийн эзэмшлийн Шуурхай дэмжих хүчний хооронд эрх мэдлийн төлөөх зэвсэгт мөргөлдөөн гурав дахь өдрөө үргэлжилж байна. НҮБ-ын саналаар мөргөлдөгч хоёр тал ням гарагийн өглөө шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор түр гал зогсоох саналыг хүлээж авсан ч удалгүй бөмбөгдөж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй хүн амь үрэгдэж, 1100 гаруй хүн шархадсан байна. Гэхдээ амиа алдсан хүн, шархдагсдын хичнээн нь энгийн иргэн, цэрэг болох нь тодорхойгүй, мэдээлэл ихээхэн зөрүүтэй байна. Эмч нар нийслэл Хартум хотын эмнэлгүүдэд нөхцөл байдал туйлын хүнд байгааг мэдэгджээ. мөн хоёр талын ширүүн галын улмаас эмнэлгийн ажилчид ажиллах нөхцөлгүй, эмнэлгийн эм тариаг шархадсан хүмүүст хүргэх боломжгүй болжээ. НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн 3ажилтан амиа алдаж, тус хөтөлбөр Судан дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Суданы үндэсний телевизийн эфир тодорхойгүй шалтгаанаар хаагджээ. ДЭМБ эмнэлгийн хүмүүнлэгийн үйлсийн төвийг сахисан байдлыг хүндэтгэж, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж хязгаарлалтгүйгээр оруулахыг тэмцэгч талуудад уриалжээ. Хиймэл дагуулаас авсан зургаас харахад Хартумын олон улсын нисэх онгоцны буудал, төмөр замын шугам, Суданы армийн төв байр агаарын бөмбөгдөлтөд ихээхэн сүйдсэн, олон арван байшин барилга шатаж байгаа юм байна. Суданы нийслэл Хартум болон бусад хотуудад өнгөрсөн 7хоногийн бямба гарагт зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн. Шалтгаан нь өнгөрсөн 7хоногийн дундуур Шуурхай дэмжих хүчин цэргийн хуягт машинуудаа цэргийн баазын ойролцоо шилжүүлэн байршуулсантай холбоотой юм байна. учир нь үндэсний арми нь хувийн армийн зэвсэг техникийг хөдөлгөх нь хууль бус буюу аюулгүй байдалд заналхийлсэн гэж үздэг юм байна. Суданы энэ байдал цэргийн засгийн газрын доторх эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй юм байна. Энэ цус урсгасан тэмцэл Суданы де факто удирдагч, генерал Абдел Фаттах Аль-Бурханд үнэнчээр зүтгэдэг армийн анги нэгтгэлүүд болон Суданы дэд удирдагч, Мухаммед Хамдан Дагалогийн удирддаг хагас цэрэгжсэн Шуурхай дэмжих хүчний хооронд болж байна. өөрөөр хэлбэл улсын нэг, хоёрдугаар удирдагчид хоорондоо байлдаж байна. Улс орноо иргэний засгийн газарт шилжүүлсэн нөхцөлд 2013 онд байгуулагдсан, 100 мянган цэрэгтэй Шуурхай дэмжих хүчнийг үндэсний армид нэгтгэснээр армийн шинэ хүчнийг хэн нь удирдах вэ гэдэг дээрх генералуудын зөрчилдөөний гол асуудал нь юм байна. 2022оны 12-р сард арми, иргэний удирдагчдын хооронд байгуулсан гэрээний хүрээнд хувийн армийг үндэсний армид нэгтгэх шаардлагатай болсон нь хоёр зэвсэгт хүчний дундах зөрчилдөөнийг улам гүнзгийрүүлжээ.