Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дөрөвдүгээр сарын 22, 23-ний өдрүүдэд “З.Хангал-75, С.Рахманинов-150” сонгодог концертыг театрынхаа тайзнаа тоглох гэж байна. Ийнхүү дэлхийн сонгодог хөгжмийн агуу суутан, Монголын хөгжмийн урлагийн сонгодог сод төлөөлөгчийн бүтээл нэгэн үдэш, нэгэн тайзнаа эгшиглэх нь ээ.
Энэ үдэш С.Рахманиновын “Төгөлдөр хуурын концерт-2”, З.Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгэн жүжгийн адажио, престог Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим удирдаач Ц.Гансүх, Ц.Тэлмүүн-Очир нарын удирдлага дор хөгжимдөнө.
С.Рахманиновын “Төгөлдөр хуурын концерт-2″ бол эзэндээ хөгжмийн зохиолчийн хувьд үхэшгүй мөнхийн алдрыг авчирсан суут бүтээл. Тэрээр нэгдүгээр симфонио бичсэнээс уран бүтээлчийн хувьд арваад жилийн уналт гутрал, зогсонги үеийг туулсны эцэст энэхүү гайхамшигт бүтээлээ туурвиж урам зориг, онгод нь бадарсан гэдэг.
Харин Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Зундуйн Хангал хоёр балетын хөгжим бичсэний нэг нь”Эрдэнэсийн уул” хоёр бүлэгт балетын хөгжим юм. Ардын жүжигчин Б.Жамъяндагвын цомнолоор 1981 онд бичсэн энэхүү бүжгэн жүжгийн хөгжим түүний урын сангийн үнэт өвийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ.