Нийгэм
Кувейтийн сантай эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажиллана
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон уг уулзалтанд Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Альмутайри, Кувейтийн сангийн Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан менежер Юсеф Аль-Бадер, тус сангийн Сурталчилгаа, маркетинг, үзэсгэлэн хариуцсан газрын дарга Салех Аль-Такуй болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцсон.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын эхэнд Кувейтийн сангаас буцалтгүй тусламжийн хүрээнд 8.0 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад орж, хүн амд түлэнхий, осголт, хөлдөлтийн үеийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Тэрбээр Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэн түлэгдэлт, осголт хөлдөлтийн улмаас гарах хүндрэл, нас баралтыг бууруулах, хүндрэлтэй тохиолдлуудад нөхөн сэргээх мэс заслыг хийх боломж нэмэгдсэн болохыг тэмдэглээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Онцгойлон Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтээ Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр тавьсан. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулахаар тусгасан. Энэ хоёр эмнэлгийг барих газрыг хотын захиргаанаас шийдсэн, зураг төсөл нь бэлэн хэдий ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.
Монгол Улсын хувьд хавдрын өвчлөл өндөр, хавдраас шалтгаалдаг нас баралтын тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 2022 онд 206.1, нас баралт 136 байсан нь дэлхийн дунджаас өндөр байгаа ба сүүлийн 10 жилд хорт хавдрын тохиолдол тогтмол нэмэгдэж, өнгөрсөн онд хавдрын 6,885 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь хожуу шатанд оношлогдсон.
Хавдрын хожуу шатанд оношлогдсон өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ байдаггүй ба эрхтэн шилжүүлэх мэс засалд орохын тулд 2 хүртэл жил хүлээх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар л гэхэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд 460, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 550 өвчтөн орохоор хүлээж байгаа юм. Хэдийгээр манай улс эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багтай болж, эмч, мэргэжилтнүүдийн чадавхи бэхэжсэн ч өөрийн гэсэн байргүйгээр өвчтөнүүд удаан хугацаагаар хүлээж, зарим тохиолдолд амь насаа алдах тохиолдол ч гарах эрсдэлтэй тулгараад байгаа юм.
Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Монгол Улсын анхны эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нэн даруй байгуулах шаардлага байгаа бөгөөд газрын асуудлыг нь шийдсэн энэ хоёр төсөлд 191,0 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг Кувейтийн сангийн буцалтгүй тусламж болон урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакд илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Хатагтай Иман Абдулраззак эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг хэлээд Монголын талаас хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломж нээгдэнэ гэсэн юм. Уулзалтын үеэр Кувейтийн сангаас 200 мянган ам.долларыг ойрын үед эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж буйг дуулгаад чухам ямар төсөлд ашиглахыг Эрүүл мэндийн сайдаас тодруулсан. С.Чинзориг сайд шинээр байгуулагдсан Түлэнхийн төвд шаардлагатай эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангахад зориулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Түүнчлэн тус сангаас Монголд зайлшгүй шаардлагатай байгаа Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж нааштайгаар шийдэхийн төлөө ажиллана гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг ирэх долдугаар сард монгол түмний их баяр цэнгэл наадмыг үзэж сонирхохоор Монгол Улсад айлчлахыг урьсныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг баталгаажуулж түүнийг Монголд дахин зочлохыг хүслээ.
Нийгэм
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан.
Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр боллоо.
Хурлаар:
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг
- Виртуал бүсийн ажиллах журам, түүнд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай журмын төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ.
Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм.
Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.
ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.
Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав.
Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна.
Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна.
АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА
Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож, 665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна.
УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ
Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ.
МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна.
Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр19 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр19 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм1 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм55 мин өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм29 мин өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо