Нийгэм
“Хатгал” нисэх буудлын ашиглалтыг сайжруулах талаар хэлэлцлээ
Монголд зочлох жилийн хүрээнд “Хатгал” нисэх буудлыг үйл ажиллагаанд оруулах, ашиглалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага, эрэлт хэрэгцээ бий болоод байна. Тиймээс тус нисэх буудлын ашиглалтыг хэрхэн сайжруулах талаар өнөөдөр хэлэлцлээ. “Хатгал” нисэх буудлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаад буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлын дарга Д.Хишигбат танилцууллаа.
“Хатгал” нисэх буудлын барилга нь 2007 онд ашиглалтад орсон бөгөөд 2012 оноос хойш засвар арчлалт хийгдээгүйн улмаас дээврээс дусаал дусаж, гадна дотор хананд борооны ус нэвчих зэргээр барилгын чанар, өнгө үзэмж мууджээ. Мөн хөөрч буух шороон зурваст 2011 оноос хойш урсгал засварын ажил хийгдээгүй, өнөөдрийн байдлаар хөрс суларсан, шигдэлт ихтэй, бороо орсон үед агаарын хөлөг хүлээж авах боломжгүй байдалтай байгааг хэллээ. Тиймээс барилгын гадна фасад, дээвэр мөн зурвасыг яаралтай засварлах шаардлагатай байгааг танилцууллаа.
“Хатгал” нисэх буудлыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх боломжуудыг дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд:
- Улирал харгалзахгүйгээр нислэг үйлдэж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх;
- Жижиг оврын агаарын хөлгөөр байгалийн үзэсгэлэнт, цогцолбор газруудаар богино зайн нислэг үйлдэх;
- Сонирхогчдод зориулсан шүхрийн буулт, дадлага сургуулилт зохион байгуулах;
- Ханх-Мондын хилийн гарцыг Олон улсын боомт болгохтой холбогдуулан Ханх-Хатгал-Мөрөн-Хатгал-Ханх чиглэлд жижиг оврын агаарын хөлгөөр зорчигч болон ачаа тээврийн нислэг үйлдэх.
“Хатгал” нисэх буудлыг хөгжүүлснээр дараах үр дүн гарна гэж үзэж байна.
- Гадаад болон дотоод жуулчдын тоо нэмэгдэнэ;
- Аялал жуулчлалын компаниуд, жуулчны баазуудын үйл ажиллагаа хялбаршиж, зардал, цаг хугацаа хэмнэнэ;
- Аймаг, орон нутгийн болоод бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ;
- Орон нутгийн хөгжилд дэмжлэг болж, дэд бүтэц хөгжинө;
- Цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтэд чухал нөлөө үзүүлнэ;
- Орон нутгийн нислэг сэргэж, нутгийн иргэд агаарын тээврээр түргэн шуурхай, ая тухтай зорчих боломж бүрдэнэ.
Хуралд АНҮГ-ын дарга Э.Төрбаяр, НБҮГ-ын дарга С.Нацагдорж, ХАГ-ын дарга Р.Амарбаясгалан болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: ИНЕГ
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм18 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм9 мин өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ