Дэлхий дахинд
Украинаас хоёр дроноор Москва руу дайрчээ
Украинаас хөөргөсөн хоёр нисгэгчгүй онгоц өнөө өглөө үүрээр Москвад довтолсныг амдаж устгасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Төрийн мэдээллийн агентлагууд яамны байрнаас хоёр километрийн зайд нисгэгчгүй онгоцны хэлтэрхий олдсон гэж мэдээлэв. Оросын Батлан хамгаалах яам үүнийг “террорист халдлага” гэж нэрлээд халдлагад хүний амь эрсдээгүй гэж мэдэгджээ.
Хотын дарга Сергей Собянин мэдэгдэхдээ, өглөөний 04:00 цагт болсон халдлагын үеэр орон сууцны бус хоёр барилга гэмтсэн гэж мэдэгджээ. Нисгэгчгүй онгоц унахдаа барилгуудыг оносон уу, эсвэл зориудаар барилгуудыг онилсон уу гэдэг нь тодорхойгүй байв. Батлан хамгаалах яам ч, хотын дарга ч нисгэгчгүй онгоцуудыг хаана амдаж сөнөөсөн талаар мэдээлээгүй байна.
Комсомольскийн өргөн чөлөөнд орших Батлан хамгаалах яамны байрнаас холгүй орших нэгэн барилгын ойролцоо нисэгчгүй онгоцны хэлтэрхий олдсон тухай Оросын төрийн мэдээллийн агентлагууд онцгой байдлын албанаас иш татан мэдээлсэн.
Мөн Москвагийн өмнөд хэсэгт байрлах Комсомольскийн өргөн чөлөө болон Лихачевын өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хааж, өндөр оффисын барилга гэмтсэн талаар Оросын мэдээллийн агентлагууд мэдээлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны телевизийн “Звезда” суваг мэдээлэхдээ, дээд давхарт нь цонх дутсан, байгууламж нь эвдэрсэн өндөр барилгыг харуулсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Харин Оросын бусад сувгууд ОХУ-ын аюулгүй байдлын албатай холбоотой Комсомольскийн өргөн чөлөө гэж хэлж байсан шилэн болон бетонон хагархайн дүрс бичлэгийг нийтэлжээ.
Киевээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Украин улс нь ОХУ-ын нутаг дэвсгэр дотор эсвэл Оросын хяналтад байгаа Украины нутаг дэвсгэрт болсон халдлагын хариуцлагыг бараг хэзээ ч олон нийтэд хүлээдэггүй. Гэхдээ сүүлийн саруудад Оросын цэргийн дэд бүтцийг устгах нь Киевийн сөрөг довтолгоонд тустай гэж мэдэгдсээр байна.