Энтертайнмент
Орхоны хөндийд олон улсын судлаачид хуралдана
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо, Архангай, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, “Чингис хаан”, “Эрдэнэзуу”, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей хамтран “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын өвийн сэргээн засварлалт ба хадгалалт хамгаалалт” сэдэвт зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 30-нд Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа.
Монгол Улс Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийд өвийн жагсаалтад бүртгүүлээд 20 жил болж байна. Үүнийг тохиолдуулан, 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-нд манай улсад олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Уг хурлаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг шилжүүлэн зөөх, Орхоны хөндий дэх түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Мөн археологийн малтлага судалгаа хийх, соёлын аялал жуулчлал хөгжүүлэхдээ түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалттай хэрхэн уялдуулах тухай ярилцана.
Дэлхийн өвд бүртгэсэн соёлын өвийг хэвээр нь хадгалах, хамгаалахад тухайн улс санаа тавихгүй бол ЮНЕСКО уг жагсаалтаас тухайн өвийг хасдаг. Иймд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг хэвээр нь хойч үедээ үлдээхэд одооноос санаа тавих шаардлагатай байгааг тэмдэглэв.
Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей
Энтертайнмент
Үндэсний номын сангийн шинэ барилгыг тавдугаар сард нээхээр төлөвлөж байна
Үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн байгуулалт дуусч, тавдугаар сард нээгдэхээр төлөвлөж байна.
Шинэ барилга нь 11 давхар, 10,000 м.кв талбайтай, 16 уншлагын танхимтай бөгөөд нэгэн зэрэг 530 хүнд үйлчлэх боломжтой. Цаашлаад, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, дэвшилтэт технологийг ашигласан орчин үеийн дэд бүтцээр тоноглогдсон.
Үндэсний номын сан шинэ барилгадаа үйл ажиллагаагаа эхлүүлснээр иргэдэд үзүүлэх номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Ном, хэвлэмэл бүтээгдэхүүний эргэлт сайжран, соёлын салбарт шинэ түлхэц үзүүлнэ.
Иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, бусадтай туршлага солилцох боломжтой болно. Номын сан нь зөвхөн мэдээлэл олж авах газар төдийгүй, иргэдийн хөгжил, суралцах үйл явцад хувь нэмэр оруулах соён гэгээрлийн төв болно. Үндэсний номын сангийн шинэ барилга нь манай улсын соёлын салбарт Чингис хаан Үндэсний музейн дараа орох томоохон хэмжээний бүтээн байгуулалт болно гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.
Энтертайнмент
Хүүхэд, залуучуудын театр албан ёсоор нээгдлээ
Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр албан ёсоор нээгдлээ.
Энэхүү театр нь хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих төдийгүй соён гэгээрлийн олон талт үйл ажиллагаа явуулах төв болох юм. Үүнд номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээ багтах юм.
Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. 2021 оны 6-р сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ийнхүү нээгдлээ.
Энэхүү театр нь Сонгинохайрхан дүүргийн 341 мянган иргэний төдийгүй нийт Монгол Улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, гоо зүйн боловсрол, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагийг өвлөн уламжлуулах, уран сайхны олон талт чиг хандлагыг танин мэдэх боломжийг нээж, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих, хамтдаа сурч, хөгжих соёлын орон зай болох юм.
Энтертайнмент
“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно
“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “МӨНГӨН МОД” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн “Мөнгөн мод-2023” наадмын хүрээнд Үндэсний болон сонгодог орчин үеийн урлагийн төрөл зүйлийг уран сайхан, дүрслэл, ур чадварын өндөр түвшинд бүтээн туурвисан шилдэг 13 бүтээл, Тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үзэгчдийн талархлыг хүлээсэн, билэг авьяас бүхий шилдэг 12 уран бүтээлчдэд Мөнгөн мод цомыг тус тус гардуулна.
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 18 цагт Улаан хивсний ёслолоор эхлэх аж.
2008 оноос соёл урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулан ирсэн тус үйл ажиллагааны он оны шилдэг болон бичигдсэн эрхэм уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.
“Мөнгөн мод” наадмын шилдэг бүжигчин шагналт бүжигчид:
-
Нийгэм3 цаг өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Нийгэм4 цаг өмнө
Ховд аймгийн Дарви суманд газар хөдөллөө
-
Нийгэм3 цаг өмнө
ЦЕГ: 444 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
-
Спорт1 цаг өмнө
Улсын заан Л.Сүрэнжав нарын нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ