Улс төр
Эмийн үнийн өсөлтийн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр 41 гэрчийг сонсоно
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.04.15) эхэллээ.
Түр хороо өнгөрөгч оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна. Сонсголыг Түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж, гурван хоногийн үйл ажиллагааны хөтөлбөр, сэдвийн дараалал болон эдгээр сэдвүүдийн хүрээнд хөндөх асуудлыг нэг бүрчлэн танилцууллаа. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэг, бүрэлдэхүүнийг танилцуулсан юм. Сонсголд ажиглагчаар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон Улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар оролцож байгаа юм. Урилгаар сонсголд Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж байна. Үүний хүрээнд хүртээмж, эмийн үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, нотлох баримт, гэрчүүдийн мэдээллийг сонсон, асуулт асууж, хариулт тайлбар авч байна.
Сонсголыг даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Түр хороо хяналт шалгалтын ажлынхаа хүрээнд хэрхэн ажилласан талаар товч танилцуулгыг хийв. Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн www.emiinsonsgol.mn, www.parliament.mn цахим хуудсууд болон шууд утсаар иргэд, олон нийтээс эмийн үнэ, чанар, хүртээмжийн талаар мэдээлэл авсан байна. Үүний хрээнд иргэдээс эдгээр асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугласан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85 000 ширхэг файл болжээ. Сонсголын үйл ажиллагаанд 11 хянан шалгагч, шинжээч ажиллах бөгөөд тэдний тайлан дүгнэлтэд гурван өдөрт давхардсан тоогоор нийт 150 орчим гэрчийг дуудаж хариулт, тайлбар, мэдүүлэг авна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр Эм зүйн салбарын ерөнхий мэдээллийг шинжээч танилцуулж, хүртээмж, үнэ болон эмийн чанарын талаар иргэн Н.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Дархлалын олдмол хомсдол болон бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга, мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ж.Даваалхам, нийгэмд үйлчлэх “Наран ижий заяа” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Ариунаа, “Элэгний B, D вирустэй тэмцэгчид” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэрмаа, B, D вирустэй иргэдийн төлөөлөл Б.Буянтогтох, эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн М.Өлзийбаяр, уналт таталттай өвчтнүүдийн төлөөлөл О.Хонгор, чихрийн шижинтэй өвчтнүүдийн төлөөлөл Г.Жаргалсайхан нар тайлбар өгч байна.
Түүнчлэн өнөөдрийн сонсголоор эм зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэх үйл ажиллагаанд гарч буй гажуудлын талаар Энэрэл сургуулийн жишээн дээр хянан шалгагч тайлан дүгнэлт хийнэ. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон эдгээр зохицуулалтуудад албан тушаалтнууд хэрхэн нөлөөлсөн, мөн төрийн байгууллага дахь эм хангамж эрхэлсэн байгууллагын хамаарлын талаарх тайлан дүгнэлтийг хянан шалгагч нар танилцуулж хэлэлцүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улс төр
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчилж, анх удаа Улсын Их Хурлын нээлттэй сонсгол зохион байгуулж, “Чингис”, “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцууллаа” гээд Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Цаашид эдийн засгийн хөгжлийг бүсчлэн тухайн бүсүүдийн онцлог, давуу талд тулгуурлан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулан хэрэгжүүлнэ гэлээ.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 11.6. 2023-2024 оны өвөл нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй, зудтай байсан. Өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна.
Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцах шийдвэр гаргалаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг Ерөнхий сайд мөн хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалан хэлж байв. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрджээ.
Улс төр
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв.
Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.
Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.
Улс төр
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ховд аймгийн Дарви суманд газар хөдөллөө
-
Нийгэм12 цаг өмнө
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авчирлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо
-
Нийгэм16 цаг өмнө
ЦЕГ: 444 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
-
Спорт15 цаг өмнө
Улсын заан Л.Сүрэнжав нарын нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ