Connect with us

Улс төр

ХЗБХ: Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16-нд хуралдаан 12 цаг 01 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нар бичгээр санал ирүүлсэн бөгөөд тус саналыг нь хэлэлцэж, шийдвэрлэв. Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар холбогдох тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах хүсэлтэй байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат уламжилж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тав хоногийн завсарлага өглөө. Түүнчлэн Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ гаргуулах саналыг Д.Цогтбаатар гишүүн гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжив. Энэ дагуу дээрх төслүүдийн талаар эрх зүйн дүн шинжилгээ гаргуулахаар Тамгын газарт албан бичиг хүргүүлэхээр болсон.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.
Тус Байнгын хороо энэ сард Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; “Авлигататай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цаглавар хамаарахгүй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулав. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэхүү илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн үндсэн 7 бүлгийн хүрээнд боловсруулж, энэ хүрээнд нийт 54 саналыг Улсын Их Хуралд танилцуулсан байна.
“Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал” гэсэн эхний хоёр бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хуралдаанд танилцуулав. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын хүрээнд нэн тэргүүнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн нөхцөлд дүгнэлт хийхэд 30 орчим хууль, 200 орчим стандарт, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам байгаль орчны салбарт үйлчилдэг гэдгийг тогтоожээ. Энэ бүлгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлсон. Түүнчлэн агаар, хөрс болон усны бохирдол, Улаанбаатар хотын стандартын асуудал, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг тусгажээ. Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байгаа бөгөөд, агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байгаа юм байна. Хөрсний бохирдлын хувьд хог хаягдал, нүхэн жорлон зэрэг нь 60 гаруй төрлийн халдварт өвчний шалтгаан болж байгаа талаар танилцуулсан. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байгаа талаар, холбогдох төсвийг усны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцууладаггүйн улмаас хэрэгжилт хангалтгүй байгаа талаар илтгэлийн дээрх сэдвийн хүрээнд дурджээ. Энэ бүлгийн дотор “Хотын стандарт ба аюулгүй орчинд амьдрах эрхийн зарим асуудал” дэд сэдвээр судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад 6589 стандарт үйлчилж байгаа ч Хотын стандарт, хяналтын газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2023 оны байдлаар 305 сургуулиас 231, 241 хүүхдийн цэцэрлэгээс 131, нийт тоглоомын талбайн 80 хувь нь стандартын шаардлага хангаагүй байгаа гэлээ. Мөн 2023 оны байдлаар нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган замыг норм, дүрмийн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хавтан хагарч эвдэрсэн, стандартын шаардлага хангаагүй эрсдэлтэй нийт 1054 газарт зөрчил дутагдал илэрсэн нь нийт явган замын 77,9 хувь стандартад нийцээгүй байгааг харуулж байгаа бөгөөд энэ бүхэн нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил үүсгэх эрсдэл гэдгийг тэрбээр хэлж байв.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын хүрээнд нэн тэргүүнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн нөхцөлд дүгнэлт хийгээд Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 30 хууль, 200 эрх зүйн акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах; Засгийн газраас 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг цаг хугацааны мөчлөгтэй, оновчтой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой шалгуураар үнэлэх гэх зэрэг Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар 14 санал хүргүүлсэн байна.

Үргэлжлүүлэн Комиссын дарга Д.Сүнжид боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Боловсролын багц хуулийн 2023 оны цогц шинэчлэлтээр хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйн зарчимд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болсон. Ийнхүү Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа хэдий ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна гэв.
Боловсролын салбар технологийн үсрэнгүй хөгжил, дэлхий нийтийн цахим шилжилтэд нийцүүлэн цахим шилжилтүүдийг хийж байгаа боловч амьжиргааны түвшин, оршин суугаа газрын алслагдсан байршил зэргээс шалтгаалж компьютер, гар утас, дата интернэтийн төлбөргүй, интернэт холболтгүй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх, боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүйг онцгой анхаарах шаардлагатайг илтгэлд тэмдэглэжээ.
Бүх хүнд чанар, хүртээмжтэй боловсрол олгох нь улс орны Засгийн газрын нэн тэргүүний үүрэг бөгөөд энэ үүргээ боловсролын яам, орон нутгийн боловсролын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчинд оюутан, суралцагчийн аюулгүй байдлыг хангах, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчин бүрдэж, тодорхой стандартууд мөрдөгдөж байгаа хэдий ч стандартын шаардлага хангаагүй орчин нөхцөлтэй СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургууль олон байна гэлээ. Гадаад орчин, дотоод орчин, үйл ажиллагаанд тавигдах стандартын шаардлагын хэрэгжилт сургалтын байгууллагын байршил, өмчийн хэлбэрээс хамааран харилцан адилгүй байгаа аж. СӨББ, ЕБС-ийн бүлэг, анги дүүргэлт нийслэл, орон нутагт тогтоосон нормоос хэтэрсэн үзүүлэлттэй байна. Хүн амын төвлөрөлтөөс шалтгаалан сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн тоо аймаг, нийслэл, сум дүүрэгт харилцан адилгүй байгааг харгалзан үзэж шаардлагатай байршилд СӨББ, ЕБС барих, барилгын өргөтгөл хийх хэрэгтэй байгаа аж. Боловсролын сургалтын байгууллагын онцлог, суралцагчдын ялгаатай хэрэгцээнээс шалтгаалан СӨББ-д ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байршуулах, тоглоом, тоглоомын талбайн хүртээмж, аюулгүй байдлыг хангах, багш, ажилтнуудын тоог нэмэгдүүлж, багшийн хөгжлийг дэмжих шаардлагатай байна. Түүнчлэн, цэцэрлэгийн хоолны чанар, хүртээмж, нэр төрлийг олшруулж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотой нэмэгдүүлэх асуудлыг судалж бүх талын оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлбэл үр дүнтэй талаар салбарынхан дурджээ. Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, стандарт, хуулийн зохицуулалт, хяналт тавих механизм байхгүй байгаа нь хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор төрөөс онцгой анхаарах шаардлагатай байгаа гэжээ. Боловсролын салбарт үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт нь нийгмийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, эрүүгийн хэргийн  гаралт, хүүхдийн ирээдүйн хөдөлмөр эрхлэлт, орлогын байдал, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход ноцтой үр дагавар учруулахын зэрэгцээ эдийн засгийн үргүй зардлыг нэмэгдүүлдэг. Холбогдох хууль тогтоомжоор бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг хориглож, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр журам, чиглэл баталж, нэгдсэн удирдамжаар хангаж байгаа хэдий ч СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургуульд суралцагчдын эрх зөрчигдөж байна гэж үзжээ.
Боловсролын тухай багц хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох орчин, сурах бичгээр хангах, сургалтын хэрэглэгдэхүүн, багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгох, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын сургалтын хэл дохионы хэл байх зэрэг зохицуулалт орсон нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд бусад үе тэнгийнхэнтэй хамтдаа суралцах тэгш боломжийг олгосон зохицуулалт туссан. Гэвч бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад налуу зам, тусгайлсан бие засах өрөө, сургуулийн давхар хооронд зорчих шат зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай наад захын хэрэгцээ бүрэн хангагдаагүй, сургуулийн орчны хүртээмж хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг саад бэрхшээлийн талаар багш, ажилтнууд хангалттай мэдлэг ойлголтгүй, багш нарын арга зүй, чадвар харилцан адилгүй, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдээ сургахын төлөө хамтын ажиллагаа, уялдаа холбоо муу байна.
ЕБС-ийн хүний эрхийн агуулга туссан сурах бичигт хүний эрхийн суурь ойлголт, жендэрийн тэгш байдал, олон талт ялгаатай байдлын талаар агуулга хангалтгүй, хамран сургах тойргийн биш хүүхдийг сургуулиас шилжихийг шаардах тохиолдол цөөнгүй, өрхийн амьжиргааны түвшингөөс хамаарч ялангуяа хөвгүүд ажил, хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээх зэргээр сургууль завсардаж сурч боловсрох, хөгжих, нийгмийн хамгаалалд орох эрх нь зөрчигдөж байна.
Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хүүхдийн сурч боловсрох, хөгжих, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдсөөр байгаа талаар тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Мэргэжлийн болон техникийн боловсролын салбар нь суралцах хугацаандаа онолын болон сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн дадлага ажлаар дамжуулан суралцагчдад мэдлэг, ур чадвар олгодог онцлогтой. Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос хамаарч сургалтын хэрэглэгдэхүүн, түүхий эд материал, бусад шаардлагатай зүйлс хэрэглэх шаардлага гардаг ч судалгаанд хамрагдсан суралцагчид бүрэн хангагдахгүй байна гэж үзсэн. Түүнчлэн, элсэлтийн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулах замаар төлөвлөх, суралцагчид тэтгэлэг олгох журмыг эргэн харж мэргэжлийн боловсролын салбарын онцлогтой уялдуулан дахин үнэлгээ хийх шаардлагатай болохыг Д.Сүнжид дарга танилцууллаа.
Багш, ажилтнууд илүү цагаар ажиллах, албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил, үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт хангалтгүй, багшийн хөгжлийн төвгүйгээс ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломж бага, нийгмийн баталгаагаар бүрэн хангагдаж чадахгүй байгааг мөн дурдаж байв.
Дээд боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх, суралцагчдыг тэгш хамруулахад анхаарч, олгож байгаа тэтгэлэг, зээлийн эргэн төлөлтөд иргэдийн оролцоотой хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын орчин, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх; Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан журамлах, хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавих; Хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, хууль эрх зүйн орчныг бий болгох зэрэг 11 саналыг Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар боловсруулжээ.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн эхний хоёр бүлгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Комиссын дарга болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Үргэлжлүүлэн 23 дахь илтгэлийн гурав дахь бүлэг буюу “Хүүхдийн эрхийн зарим асуудлаар”-х мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулсан. Энэхүү илтгэлээр хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, бүртгэл, нөхцөл байдал, төрөөс үзүүлж буй халамж, үйлчилгээ, тулгамдаж буй асуудлыг хөнджээ.
Монгол Улсад 2022 оны байдлаар 0-18 насны нийт 1,282,373 хүүхэд бүртгэлтэй байгаагаас хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911 хүүхэд байна. Засаг даргын захирамжаар Асрамж халамжийн төвд 2019 онд 908, 2020 онд 904, 2021 онд 960, 2022 онд 964, 2023 онд 906 хүүхэд хүргэгдсэн байна. Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа аж.
Монгол Улсад нийгмийн эрсдэлт бүлэгт хамаардаг хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна хэмээн дүгнэжээ. Монгол Улсад асрамж халамжийн төвд амьдарч байгаа бүтэн өнчин хүүхэд төрийн хараа хяналтад байгаагаас бусад ах, дүү хамаатан садан, өвөө, эмээгийндээ амьдарч буй хүүхдүүд эсэн мэнд аж төрж байгаа эсэх, авах ёстой тэтгэвэр, тэтгэмж бүрэн гүйцэт авч байгаа эсэх, өөртөө зарцуулж байгаа эсэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульдаа хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих механизм хангалтгүй байна гэв. Хагас болон бүтэн өнчин хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилсон Засаг даргын захирамж харилцан адилгүй байх бөгөөд захирамжийн үндэслэл, ямар үндэслэлээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилж байгаа шалтгаан, хэрэв хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд өмч хөрөнгийн асуудал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой мэдээллийг захирамжид бүрэн тусгах шаардлагатай байна.

Харин эцэг, эх байх эрхийг шүүхийн шийдвэрээр хассаны улмаас хүүхэд хагас болон бүтэн өнчин болсон тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийн тэтгэвэр, хүүхдэд ногдох өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаад цаашид анхаарч ажиллах хэрэгтэй.
Төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдардаг хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэгт хамрагдалт болон МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг эсэхийг хянах боломжтой, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагддаг бол бусад ах, дүү, өвөө, эмээ, хамаатан садныдаа амьдардаг хагас болон бүтэн өнчин хүүхдийн хувьд нэгдсэн бүртгэл, мэдээлэл хангалтгүйгээс сурч байгаа эсхүл сургуульд завсардсан эсэхийг тодорхойлох, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд тогтмол хамрагддаг эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн их, дээд сургуульд хамрагдсан эсхүл төгссөн оюутнуудын статистик мэдээлэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэл байхгүйгээс хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаад дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Цаашлаад бүтэн өнчин хүүхэд их, дээд сургуульд сурах хугацаандаа сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх болон амьжиргааг дэмжих тэтгэлгийн олгох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэжээ.
Хагас болон бүтэн өнчин хүүхэд бүр хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид бүрэн хамрагдаж байгаа эсэхэд нэгдсэн бүртгэлийг хийж, хэрэв хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэврээ авч чадахгүй байгаа бол нөхөн олгох нь зүйтэй байна. Мөн Нийгмийн халамжийн тухай хууль дахь тэжээгч нь нас барсан хүүхдэд сар бүр олгох нийгмийн халамжийн тэтгэвэр зохицуулалтын талаар, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг бүтэн өнчин хүүхэд бүрд олгох, үтэн өнчин хүүхэд асрамж халамжийн газраас гарах үед онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг ялгаварлалгүй олгох, тодорхой хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамруулах гэх мэтээр газар, орон байраар хангах зохицуулалтыг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Ийнхүү энэ хүрээнд 9 саналыг боловсруулан, холбогдох шийдвэрийг Улсын Их Хурал гаргах нь зүйтэй хэмээн илтгэлд дурдав.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн дөрөвдүгээр бүлэг буюу “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал” сэдвийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Энэ удаагийн илтгэлд анх удаа хуульд заасан 7 багц асуудлын хүрээнд тайлагнаж байгааг тэрбээр тэмдэглэв.
2021-2023 онд нийт гэрлэлт 51,122 бүртгэгдсэн бол гэрлэлт цуцлалт 12,743 бүртгэгдсэнээс үзэхэд дунджаар 4 гэрлэлт тутмын нэг нь гэр бүл цуцлуулж үүний цаана бүтэн гэр бүлд, эцэг эхтэйгээ хамтдаа байх хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байхад гэр бүл цуцлалтын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, суурь шалтгааныг арилгахад чиглэсэн дорвитой ажил хийгдээгүй байна. Гэр бүл цуцлалтын 76 хувь нь таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэх боловч хосуудад чиглэсэн зөвлөгөө мэдээлэл хангалтгүй, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ хангалтгүй, ялангуяа сэтгэл зүйчийн орон тоо хангалтгүй, үйлчилгээний хөлс хэт өндөр байна. Иймд гэр бүлийн бүтэц хэв маягийн талаарх статистик мэдээллийг дэлгэрэнгүй, нарийвчлалтай гаргаж зорилтот гэр бүлүүдэд чиглэсэн бодлого, үйлчилгээг тодорхойлох, бий болгож, хөгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо буурахгүй байгаа бөгөөд энэ нь тухайн хэрэг, зөрчил гарсан хойно биш гарахаас өмнөх урьдчилан сэргийлсэн бодлого, үйл ажиллагаа бүх түвшинд хангалтгүй байгаагийн илэрхийлэл гэж үзжээ. Үүний зэрэгцээ сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийллийг тогтоох, таслах зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа ч судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын 2 нь хянах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаагаа илэрхийлсэн байна. Технологийн дэвшилтэй холбоотойгоор хөдөлгөөнт төхөөрөмж, аппликейшн ашиглах хянаж, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хязгаарлах зөрчлүүд гарч байгаа ч үүнийг зөрчил, гэмт хэрэг хэмээн үзэж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байгааг дурдав. Гэр бүлийн хүчирхийллийн нийгмийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн судалгааг Эрүүл мэндийн яас хийхгүй байгааг танилцуулсан.
Хүүхдээ хүмүүжүүлэхэд гэр бүлийн гишүүдийн оролцоо сул, хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалт хангалтгүй байгааг мөн холбогдох мэдээлэл, тоо баримтын хамт танилцуулсан. Анхаарал хандуулан өөр нэг чухал хэсэг нь 2021-2022 онд өсвөр насны охидын жирэмслэлтийн хяналтын тоо, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин жил бүр өсөх хандлагатай байна гэв. 2022 онд 10-19 насны буюу өсвөр насны 2391 охин төрсөн байна. Энэ нь өсвөр насны охидын эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, тусгай арга хэмжээ авах шаардлагын талаар мөн Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулав.
Энэ бүлгийн хүрээнд гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийн талаар судалсан бөгөөд эмэгтэйчүүд гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийг эрэгтэйчүүдээс 3.5 дахин хэмжээгээр гүйцэтгэдэг гэсэн дүн гарчээ. Гэр бүлийн боловсрол олгох асуудлын талаар, онцгой анхаарал хандуулах ёстой гэр бүлийн хэв маягийн талаар мэдээлэл өгөөд зорилтот гэр бүлүүдийн онцлог, тэдний хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамж, хамгааллын хосолсон хувилбарт үйлчилгээг бий болгох, үйлчилгээний стандартыг батлах, анхан шатанд үнэ төлбөргүй нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх; өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, тэдний өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний тусгай арга хэмжээ авах; 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх, эцэгт сар бүр олгодог тэтгэмжийн 50 мянган төгрөгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоож, мөн уян хатан цагтай бага насны хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвүүд зэрэг олон хувилбарт сонголттой үйлчилгээг төрөөс дэмжин бий болгох зэрэг 6 саналыг боловсруулснаа нэгбүрчлэн танилцуулсан юм.
Дээрх хоёр бүлгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, тодорхой асуудлаар тодруулга хийсэн юм.

Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн талаарх тайланг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн тавдугаар бүлэг болгон боловсруулсан. Энэ бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Энэ бүлгийн хүрээнд “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй бэрхшээл, эрсдэл тэдгээрийг даван туулж буй арга замууд”, “Байгаль орчны хүний эрх хамгаалагчдын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, хамгаалалтын талаарх нөхцөл байдал” дэд сэдвээр судалгаа хийжээ.
Монгол Улсад 31000 иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байгаагаас 7000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээгээд олон улсын индексээр сүүлийн жилүүдэд Монгол Улс дахь иргэний нийгмийн байгууллагын индекс буурсаар байгааг танилцуулсан. Уул уурхай болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрх илүүтэй зөрчигддөг болохыг судалгаагаар тогтоосон байна.
Сүүлийн жилүүдэд байгаль орчны хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчид нь байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй иргэд, бүлгийн эрх ашгийг хамгаалах, тэдний өмнөөс дуу хоолойгоо шийдвэр гаргагчид, бусад оролцогчдод хүргэх, тэмцэх явдал эрчимжиж байгааг дурдаад Монгол Улсад 1147 байгаль хамгаалагч байгаа юм байна. Тэдгээрийн статус тодорхойгүй байгаа нь байгаль орчны хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчдад эрсдэл болдог хэмээлээ.
Судалгаанд оролцсон хүний эрх хамгаалагчдын хувьд нийтлэг байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадаагүй байна. Ялангуяа байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад аюул, эрсдэл их тохиолддог байна. Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, ялангуяа байгаль орчны хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй өс хонзонгийн сэдэлтэй хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, арилгах чиглэлээр бодлого, зохицуулалт бий болгох, мөн нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Түүнчлэн байгаль хамгаалагч хариуцан хамгаалж байгаа нутаг дэвсгэртээ ажиллаж, амьдрахад тохиромжтой ажлын байр бий болгох, камержуулах, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны бохирдлыг шинжлэх, тухайлбал байгаль дээрх хүнцэл, ионы хэмжээ болон уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчинд үзүүлж буй бусад сөрөг нөлөөллийг судлах олон улсын стандартын шаардлага хангасан лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ сэдвийн хүрээнд гурван саналыг боловсруулан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгажээ.

Дараа нь хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулав.
Монгол Улсад сүүлийн хоёр жилийн дунджаар 2614 хүн хорих ялаар шийтгүүлж, 1597 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагдаж байгаа бол нийт хорих ял эдэлж байгаа хүний 45 орчим хувь нь 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна.
Хорих ял нь хүний эрхийн хязгаарлалтын хамгийн хүнд хэлбэр бөгөөд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох зорилгоор  энэ төрлийг ялыг хэрэглэж байгаа ч  санхүүгийн хувьд харьцангуй өндөр зардалтай, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь багатай албадлагын арга хэмжээ гэдгийг тэрбээр тодотгов. Иймээс олон улсын чиг хандлага нь энэ төрлийн ялыг эцсийн арга хэмжээ болгож, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэгт зохих хугацаагаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ажилд цогц байдлаар анхаарал хандуулах гэдгийг танилцуулгадаа дурдсан.
Монгол Улсад хоригдлыг нийгэмшүүлэх, хорихоос суллагдахад бэлтгэх, суллагдсаны дараа хяналт тавих, нийгэм, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хорих ангийн санхүүгийн нөөц бололцоо дутмаг, нийгмийн ажил явуулах арга барил шинэчлэгдээгүй, суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх, үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгаагаас хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэв. Нөгөө талаар хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсхүл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй нь хорих ялын үр нөлөөг сулруулж, нийгмийн болон хувь хүний хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ. Дахин гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлуудын дийлэнх нь суллагдсаны дараа нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байсан гэж үзжээ. Тиймээс хорих ял эдлээд суллагдсан хүнд тодорхой хугацаанд (2 жил) нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүст тулгарч байгаа нийтлэг асуудлыг багцлан үзвэл суллагдсаны дараа нийгмийн харилцаанд бие даан оролцоход хүндрэлтэй байдаг, хуулиар тодорхойлсон нийгмийн халамж авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс, нийгмийн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, өөрийн гэсэн оройн байр байхгүй зэрэг асуудлыг нэн тэргүүнд дурджээ. Энэ хүрээнд хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаарх 6 санал, зөвлөмжийг боловсруулсныг Комиссын гишүүн Б.Энхболд дэлгэрэнгүй танилцуулсан.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа илтгэлийн долдугаар бүлэг болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” сэдвээр тайлан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг байна. Эдгээрийн 80 орчим хувь нь санал өгөх буюу сонгох эрхээ эдэлж байгаа бол сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгааг дараах тоо баримт илэрхийлнэ гэв. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн нэр дэвшиж байсан ч нэг нь ч сонгогдож байгаагүй аж. Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа талаар мөн дурдав.
2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсад 10 болон түүнээс дээш настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 78.0 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшсэн байсан бол 2020 оны тооллогын дүнгээр 86.1 болж, 8.1 хувиар өсжээ. 2010 онд улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол 2020 онд 29.2 хувь болсон байна. ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8.0 хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд төвшинд эдэлж байна гэж, харин 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж үнэлжээ.
Илтгэлийн энэ бүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал, авах арга хэмжээг санал болгох; олон талт хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн эрх зүй, институтийн арга хэмжээ хангалтгүй, харин тухайн асуудалд нөлөөлж буй хүчин зүйлсийг цогцоор тодорхойлж, бодлогын эрэмбийг тогтоох нь үр дүнтэй болохыг хууль тогтоогч, бодлого боловсруулагчдад сануулах гэсэн хоёр үндсэн зорилгыг дэвшүүлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол өнөөгийн нийгмээс хамгийн их тусгаарлагдсан нийгмийн бүлэг юм. Амьдралын наад захын шийдвэрийг өөрөө гаргах дадал бага, бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох чадвар сул, хөдөлмөр эрхлэхгүй, эдийн засгийн чадавхгүй байдал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн идэвх, оролцоонд саад учруулж буй тэргүүлэх хүчин зүйлс байна. Орчны хүртээмжгүй байдал, бие даан чөлөөтэй зорчих боломжгүй, бэрхшээлийн онцлогт тохирсон байдлаар мэдээлэл авч чадахгүй байгаа нь нийгмийн идэвхтэй харилцааг хязгаарлах удаах хүчин зүйл болж байна. Орчны хязгаарлалт ялангуяа Улаанбаатар хотын хувьд өвлийн улиралд нэмэгддэг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс улс төр, нийгмийн амьдралд оролцох хүсэл, эрмэлзлэлтэй, өөрийгөө бусдаас ялгаатай гэж үзэх хандлага харьцангуй бага, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчийг дэмжих хандлага нийгмийн бусад гишүүдэд харьцангуй их байгаа тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ үр дүнд хүрэх боломжтойг илтгэж байна. Богино хугацаанд улс төрийн намуудын санаачлага, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчдийг санхүүжилтээр дэмжлэх, урт хугацаанд боловсролын хүртээмж, чанарын өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хангахад бодитой түлхэц үзүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан нийгмийн харилцаанд орох хүсэл, өөртөө хамааралтай асуудлаар шийдвэр гаргах, улс төрийн оролцоонд хүйсийн ялгаатай байдал ажиглагдаагүй. Энэ нь нэг талаас өөрийн чадвар, чадавхын талаарх төсөөлөлд хүйс төдийлөн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл биш болохыг, нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоо маш бага учраас хөгжлийн бэрхшээл ба нийгмийн бусад хүчин зүйлсийн харилцан хамаарлыг мэдрэх туршлага байхгүйг илтгэж байгааг хэлж байв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй. Харин тухайн асуудалд нөлөөлж буй хувь хүний, нийгэм-соёлын, эдийн засгийн, улс төр, эрх зүйн суурь хүчин зүйлсийг тодорхойлж, авах арга хэмжээний эрэмбийг тогтоох нь илүү үр дүнтэй хэмээн дүгнэжээ. Энэ хүрээнд эрхийн хэрэгжилтийг хангах, холбогдох шийдвэр гаргуулахаар Улсын Их Хуралд 3, Засгийн газар 2 санал дэвшүүлсэн болохыг Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцуулсан.
Ийнхүү Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн сүүлийн гурван бүлгийг танилцуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд эдгээр танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх шаардлагатай 3 саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, бүх шатны сонгуульд нэр дэвшиж буй хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох нь шударга хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн ийм агуулга бүхий зөвлөмжийг улс төрийн намуудад хүргүүлэх саналыг тэрбээр хэлж байв.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг бүлэг тус бүрээр нь хэлэлцсэнээр ийнхүү Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүй тодорхой болох юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж.

Уг хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч талуудын эрх, үүргийг оновчтой болгохоос гадна мэргэжлийн байгууллагын үүрэг, хариуцлага тодорхой болох учиртай хэмээн хууль санаачлагчийн зүгээс онцоллоо. Улмаар хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, байгаль орчинд ээлтэй, нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий хотууд бий болно гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад анхны буултаа хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  АНУ-д албан ёсны ажлын айлчлал хийхдээ тухайн үеийн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харристай албан ёсны хэлэлцээ хийсэн.  Энэ үеэр сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлэцээр болох “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Airlines” компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ.
Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд “United Airlines” компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна.

Монгол Улсын ИНЕГ болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог САТ-1  гэрчилгээжилтийг авах ажил явагдаж байна.

Энэхүү гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр 2025 ондоо багтаж Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно.
АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлнэ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож, хэлэлцлээ. Илтгэлийн талаарх танилцуулгыг Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид хийв. ХЭҮК илтгэлийг 2024 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдийн гомдол, мэдээлэл болон хяналт шалгалтын ажлын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 45 саналын хамт ирүүлсэн байна.

Монгол Улсын төрөөс хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалахаар баталгаажуулж, холбогдох хууль тогтоомжид хуульчилсан хэдий ч хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа тул бодитой арга хэмжээг хойшлуулшгүй авах шаардлагатайг ХЭҮК-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцолсон юм. Тэрбээр, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын механизмуудаас энэ асуудалд онцгой ач холбогдол өгч, нэн тэргүүнд анхаарахыг зөвлөж буйг дурдан, ХЭҮК-оос үүнд дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаар есөн санал дэвшүүлж буйг танилцуулсан юм. Түүнчлэн 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж долоо, хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн нөхцөл байдлын судалгааны үр дүн тулгуурлан тэдний аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн мөн долоо, мэдээлэл, өгөгдлийг их хэмжээгээр цуглуулж, боловсруулах горимоор ажилладаг цахим технологиуд хүний эрх, эрх чөлөөнд ноцтой эрсдэл дагуулж буй талаар найм, мөн цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах асуудлаар дөрөв, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах талаар 10 санал дэвшүүлсэн байна.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахдаа дээрх зургаан бүлэг сэдвийг хураангуйлан дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар сэдэв тус бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн тухай тэмдэглэв. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг мөрдөн байцаах, прокурор, шүүх зэрэг хууль хяналтын байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний эрхийг зөрчиж буй эсэх асуудлыг тодорхойлж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, магадлангаар оруулах процессын тэгш, шударга байдлыг хэрхэн хангах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Засгийн газраас хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан төсвийн үр дүн, хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэж байгаа боловч үр дүнтэй арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал хэвээр байгаагийн шалтгаан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудалд ХЭҮК хэрхэн анхаарч буйг болон өргөдөл, гомдлын дүн мэдээ, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуульд 2019 онд оруулсан Улсын Их Хурлын сонгуультай холбоотой өөрчлөлтийн талаарх тус Комиссын байр суурийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдпын талаарх 21, 22, 23 дугаар илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, эдгээр шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа тохиолдолд илтгэл, тайланг боловсруулах үр ашиг, ач холбогдпыг хэрхэн үнэлэх, мөн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд ахиц гаргахын тулд ямар арга хэмжээ авсан, салбарын холбогдох байгууллагууд сургалт, сурталчилгааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байгаа болон тухайн байгууллагуудын ажилтнуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт нь ямар түвшинд байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хүний эрхийн асуудал зөвхөн Хууль зүйн байнгын хорооны асуудал биш бөгөөд парламент цаашид ямар асуудлаар бодлогын шийдвэр гаргах, ямар асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авч төрийн бусад байгууллагыг чиглүүлэн ажиллах зэрэгт анхаарах, мөн хүний эрхийг хангах нь удаан хугацаанд үргэлжпэх процессын шинжтэй үйл явц учир түүнд зарцуулах төсөв, хөрөнгө нэг удаагийн шинжтэй бус, ямар давтамжтайгаар төрийн бодлого шийдвэрийг үргэлжлүүлэхээс хамаарах тул илтгэлд тусгасан саналуудыг бодлогын шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, төсөв санхүү хүрэлцээгүйгээс шалтгаалж хүндрэлтэй байгаа зэргээр ангилж, тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор үүсэж буй болон цаашид үүсэж болзошгүй хүний эрхийн зөрчил, эрсдэлийг илтгэлдээ тусгасныг сайшааж, Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) дээр үүсээд байгаа сонгуултай холбоотой маргаануудыг холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллах, технологиос хүнээ хамгаалах бус технологи ба хүний эрхийн тэнцвэртэй байдлыг хангах, технологи эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах шаардлагатайг дурджээ.

ХЭҮК-ын даргын илтгэл болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Д.Бум-Очир, А.Ариунзаяа, Н.Алтаншагай, О.Алтангэрэл, У.Отгонбаяр нарын 17 гишүүн асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ХЭҮК-ын энэ жилийн илтгэлд иргэдийн сонгох, сонгогдох эрх, хүүхдийн хүчирхийллийн асуудал, цахим орчин дахь одоо хүний эрх, шударгаар шүүлгэх, тэр дотроо эрүүдэн шүүлтээс ангид байх зэрэг маш чухал асуудлуудыг хөндсөн байгааг онцолж, Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар өгсөн саналуудын алийг Засгийн газарт чиглэл өгөх, аль асуудлаар хууль тогтоомжийг сайжруулахыг тогтож, хугацаатай, эзэн хариуцагчтай үүрэг даалгавар бүхий Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр гэмт хэргийн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа жишээ баримт дурдан илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир 2020-2024 онд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон 14-17 настай хүүхэд 66-гаас 119 болж, бага насны хүүхэд 138-аас 247 болж өссөн талаар илтгэлд дурдсан байгааг анхааралдаа авахыг анхааруулж, энэ гэмт хэргийг гэр бүлийн гишүүд, хамаатан саднууд үйлдэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна хэмээн тодорхой дүгнэлтүүдийг хийлээ. Иймд үүнд ХЭҮК анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эцэг, эхчүүдийг соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа сүүлийн таван жилд осол гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан 844000 хүний 260000 нь 0-14 насны хүүхэд байгааг, тэдний 320 нь нас барсныг, мөн хүчирхийллийн улмаас энэ насны 4262 хүүхэд эмнэлэгт хандсаныг, 5-9 насны ес, 10-14 насны 65, 15-19 насны 179, нийт 253 хүүхэд амиа хорлосныг танилцуулж, Монгол Улс хүүхдээ хамгаалж чадахгүй байгааг анхааруулав. Тэрбээр, хүүхдийн хүчирхийллийн олон орхиолдол мэдэгдэхгүй өнгөрч байж болзошгүйг сануулаад, энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цаазламаар санагддаг гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай ХЭҮК-оос хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлууд, тэдгээрийн үр дүн ямар байгааг асууж, цахим орчны дарамтанд өртсөн хүүхдийн тухай драмын жүжгийг Хүүхэд, залуучуудын театрт тавьж, тоглуулахад маш их үр дүнтэй байсныг дурдан, энэ мэт арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл илтгэлд дурдагдаж байгаа тулгамдсан асуудлуудын олонх нь төсөв, санхүүгийн хүрэлцээтэй холбоотойг хэлж, улсын төсвийн төслийг хэлэлцэх үед үүнд анхаарал хандуулж өгөхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хохирогчдын хэдэн хувь нь хүүхэд болохыг, тэдгээр гэмт хэргийг хэчнээн хувь нь шүүхээр шийдэгдсэн болон энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэдэн хувь нь бага насны хүүхдүүд рүү чиглэснийг асууж, хариулт авсан юм. Тэрбээр НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.

ХЭҮК-оос зургаан бүлэг асуудлыг ихээхэн ул суурьтай дүгнэснийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сайшааж, Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрийг гаргаж Засгийн газарт тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өгөх ёстой гэв. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, илтгэлтэй хамт дэвшүүлсэн ХЭҮК-ын саналуудыг Байнгын хороодод хуваарилж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх горимын санал гаргав. Хууль тогтоомжийн зөрчлийг арилгаж, хүний сонгох, сонгогдох эрхийг хангах төлөөрх зөвлөмжийг үндэслэн энэ талаарх эрх зүйн орчныг тодорхой болгож, шинэчлэн сайжруулах ажлыг ул суурьтай хийхийг тэрбээр Улсын Их Хурлын гишүүдэд уриалж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар цаг хугацааны хориглолт байх атлаа Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэхэд цаг хугацааны хязгаарлалт байхгүй байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэв. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал ирээдүйд нэлээд эрсдэл дагуулах зүйл бол хиймэл оюун ухаан гэдгийг онцлоод, залуучуудын улс төрийн чиг баримжаанд хүртэл шууд бусаар нөлөөлж буй талаарх Стэнфордын их сургуулийн судалгааг эшлэн, олон улсын жишигт энэ талаарх хүний эрхийн эрсдэлийг эрх зүйн зохицуулалтад зөвлөмж, удирдамжийн шинжтэйгээр тусган мөрдүүлж буйг танилцуулав. Хэтэрхий чандлан хуульчлах нь хүний эрх, ёс зүйн эрсдлийг хаахад нэмэртэй боловч инновацыг хязгаарлаж мэдэх ур дагавартайг тэрбээр анхааруулав.

Сонгуулийн үеийн инфляцыг тогтворжуулах, эрүүл мэндийн даатгал, банкны зээлийн хүү зэрэг эдийн засгийн амлалтууд хүний сонгох, сонгогдох эрхэд нөлөөлж буй талаарх ХЭЗК-ын дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат онцгойлж, хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчдийн талаар, мөн сонгуулийн дараахь төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол саналуудыг шийдвэрлэх, нийгмийн сүлжээгээр доромжлуулсан, гүтгүүлсэн, бэлгийн хүчирхийлэлд автсан залуучууд, хүүхдүүдийн асуудалд тусгайлан анхаарал хандуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцын хараат бус байдлыг хангах, соошл дарамтыг хуулиар зохицуулж, хариуцлагыг чангатгах хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хүний эрхийг хангах, хүнд эрх, эрх чөлөөг эдлүүлэх талаар төр болон төрийн зохих эрх мэдэлтнүүд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдгээс бүхий л зүйл шалтгаалж байгааг дүгнээд, ХЭҮК илтгэлдээ Улсын Их Хурал, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудад зөвлөмж гаргах нь зүйтэй гэв. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг боловсрол, сургалтын хөтөлбөрийн агуулгаас орхигдуулснаас бий болсон бүхэл бүтэн үе өнөөдөр нийгмийн амьдралд хөл тавьж байгааг дурдан, үүнд ул суурьтай дүгнэлт хийж, засан сайжруулах, өөрийн улс үндэстний иргэдийг бэлдэх, төлөвшүүлэхэд чиглэсэн агуулгыг хөгжүүлэх шаардлага байгааг онцлон дурдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн ял эдэлж байгаа байдлыг жишээлж манай улсын хуулийн тогтолцоо хүний эрхийн мэдрэмжгүй байгааг нотлон өгүүлээд, ялыг чангаруулж, өршөөлгүй болгосон боловч хэрэгжихгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг бүртгэлжүүлж, суллагдсаных нь дараа олон нийтэд мэдээлдэггүй юм аа гэхэд ядаж хүүхэд хамгааллын тогтолцооны ажилтнуудад мэдэгддэг болгож холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэлээ. Түүнчлэн ирэх 2026 оноос Гэр бүлийн шүүх бий болгох эрх зүйн шинэчлэлийг дэмжиж байгаагаа тэрбээр онцлоод, үүний бэлтгэл ажилд анхаарах, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулсан цахим орчин дахь хүүхдийн эрх, үл хайхралт, хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх процесс дахь хүүхэд хамгааллын асуудал зэрэг олон зохицуулалтын хэрэгжилтийг хангах, холбогдох журам, дүрмийг баталж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ярив.

Цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат мөн онцолж, холбогдох хуулиудад яаралтай өөрчлөлт оруулах шаардлага бий болсныг дурдав. Хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсныг тэрбээр хэлж, төрийн албан хаагчдын эрх ялангуяа орон нутагт ихээхэн зөрчигдөж байгааг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлийн сэдвийн ХЭҮК хэрхэн сонгодгийг асуугаад, Улсын Их Хурал хүний эрхийн зөрчилтэй хууль баталснаас болж албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч буруудаж, ял зэм хүлээж буй асуудлыг дараагийн 25 дахь илтгэлийнхээ сэдэвт хамааруулахыг хүслээ. Түүнчлэн хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжуудын талаар ХЭҮК дүгнэлт гаргах, энэ асуудалд Улсын Их Хурал анхаарал хандуулах шаардлагатай байгааг тэрбээр онцлоод, цаашид Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хуулийн төсөлд хүний эрхийн зөрчлийн асуудал байгаа эсэхэд ХЭҮК дүгнэлт өгдөг байх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун төрийн үйлчилгээг цахимаар авч байгаа хэрэглэгчдийн дийлэнхийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлж буй танилцуулаад, ХЭҮК-ын илтгэлд энэ үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх талаар дүгнэлт, зөвлөмж бага байгааг сануулан, тус комиссын байр суурийг асуусан юм. Мөн тус Комисст иргэдээс гомдол гаргах механизмыг тодорхой, хялбар болгож, хүртээмжийг тэлэх, орон гэргүй, бие даан амьдрах чадваргүй хүмүүсийн эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах талаар асууж, хариулт авлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин улс төрийн намууд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг алдагдуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байгаагаас төрд итгэх иргэдийн итгэлийг алга болгож буйд ямар хяналт хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хүүхдийн бэлгийн хүчирхийллийн шалтгаан нөхцлийг судлан тогтоож, тэдгээрийг хаахгүй бол хэчнээн төсөв мөнгө тавиад ч үр дүнд хүрэх боломжгүйг, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл гэр бүлийн доторх хүчирхийллийн асуудалд орлогын болон хот, хөдөөгийн ялгаа хэрхэн нөлөөлж буйг судлан, олон улсад хэрэглэдэг зэрэглэл, индексийн дагуу дүгнэж, улс орныхоо хэвлэлийн эрх чөлөөний, шударга ёсны, ил тод байдлын, авлигын төсөөллийн, хүний эрх, эрх чөлөөний болон жендерийн тэгш бус байдлын индексийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатайг тус тус дурдан, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн хамт ХЭҮК-оос дэвшүүлсэн зургаан бүлэг саналыг Байнгын хороодод шилжүүлж буйгаа мэдэгдлээ. Сонгох, сонгогдох эрхийн талаарх саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаарх саналуудыг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд, хүний эрх ба цахим технологийн талаарх саналуудыг Инновац, цахим бодлогын байнгын хороонд, цахим орчинд үйлдэгдэж байгаа жендерт суурилсан хүчирхийллээс хамгаалах тухай саналуудыг Нийгмийн бодлогын, Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаарх саналуудыг Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороонд, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах талаарх саналуудыг Хууль зүйн байнгын хороонд тус тус шилжүүлэв. Байнгын хороод саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, холбогдох тогтоол, шийдвэрийг гарган, төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллах, мөн Байнгын хороодоор хэлэлцсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо нэгтгэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Улс төр2 өдөр өмнө

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдаалж байна

Нийгэм2 өдөр өмнө

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

Нийгэм2 өдөр өмнө

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа

Нийгэм2 өдөр өмнө

Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно

Улс төр2 өдөр өмнө

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад анхны буултаа хийлээ

Нийгэм2 өдөр өмнө

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Бусад2 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв

Нийгэм2 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Нийгэм2 өдөр өмнө

Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой

Улс төр3 өдөр өмнө

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Эдийн засаг3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

Улс төр3 өдөр өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Энтертайнмент3 өдөр өмнө

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Улс төр3 өдөр өмнө

Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг болгов

Улс төр3 өдөр өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээр товлосон 3 асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа

Нийгэм3 өдөр өмнө

Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Нийгэм3 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа

Нийгэм3 өдөр өмнө

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим