Нийгэм
Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд хараат бус үнэлгээний компанийн гаргасан дүнг иргэдэд танилцуулан, зөвшилцөж эхэллээ.
Сүхбаатар дүүргийн айл өрхүүдийн хөрөнгийн үнэлгээг “Ган гурван од’’ ХХК, Чингэлтэй дүүргийн иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгийн үнэлгээг “Тэгш хэм групп’’ ХХК тус тус хийж буй. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн нэг иргэнд үнэлгээний дүнг танилцуулан, зөвшилцөлд хүрч, тохиролцсон байна.
“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ’’ ХК
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон.
Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр “Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн.
Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарлалаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байна. Уг үзүүлэлтүүдээс харахад Улаанбаатар хотын гол, гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс 2 дахин их байгаа бөгөөд өдрийн 12 цагийн 70 хувьд түгжрэлтэй байдаг. Энэ нь хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Мөн нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ бүртгэсэн” гэдгийг хэллээ.
Автомашины улсын бүртгэлийн дугаарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд олгож байгаа бөгөөд автомашины импортод ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй юм. Ташрамд, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/цаг байлгахын тулд замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.