Нийгэм
Олон улсын шуудан илгээмжээр мансууруулах бодис хүлээн авсан иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын ахлах байцаагч И.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Х” ХХК-д татварын хяналт шалгалт хийгдэх талаар урьдчилан мэдэгдэж, татвараас зайлсхийхэд тусалж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Э, мэргэжилтэн Г.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “А” ТББ-д бичил уурхайн үйл ажиллагаа явуулах талаар албан бичиг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Я.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус газрын ажилтан С.Э-ийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д зааснаас илүү хэмжээний архи, тамхийг “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, ахлах мэргэжилтэн Б.А нар нь Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн өр төлбөртэй “Д” ХХК-аас өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Д” ХХК-аас нэхэмжилж буй өр төлбөр болох 612.1 сая төгрөгийг 427.8 сая төгрөг болгон бууруулж, эвлэрлийн гэрээ байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Иргэн О.Т нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Бүгд Найрамдах Сингапур улсаас 100 гр мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.У нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Б” ХХК-ийн ачаа бараанд 8.6 сая төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
– Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Ч.Н нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнээс хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.