Нийгэм
Иргэний улсын бүртгэлийн хугацаа хэтрүүлэх зөрчил нийтлэг үйлдэгдэж байна
![](https://24barimt.mn/wp-content/uploads/2024/07/f8d454da856bcef7943d0c93fb01190b.jpg)
Төв аймагт энэ оны 5 сар хүртэл хугацаанд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн 199 зөрчил бүртгэгдэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэгджээ.
Үүнээс 90 орчим хувь нь иргэний улсын бүртгэлийг хуульд заасан хугацаанд хийлгээгүй зөрчил эзэлж байна. Тухайлбал,
- Хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор;
- Гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор;
- Иргэний нас барсныг 3 хоногийн дотор;
- Иргэний үнэмлэхийг 16, 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчил нийтлэг гарчээ. Иргэний улсын бүртгэл нь:
- төрсний;
- гэрлэсний;
- гэрлэлт дуусгавар болсны;
- гэрлэлт сэргээсний;
- эцэг /эх/ тогтоосны;
- үрчилсний;
- овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;
- нас барсны;
- иргэний үнэмлэхийн;
- үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;
- биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;
- оршин суугаа газрын хаягийн;
- шилжилт хөдөлгөөний;
- Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны;
- хүйс өөрчлөгдсөний гэсэн төрөлтэй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хугацааг Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан байна.
Хэрэв улсын бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй бол иргэнийг 20.000 төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заажээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ хууль
15.24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
![24barimt.mn](https://24barimt.mn/wp-content/themes/zox-news/images/logos/logo-nav.png)
Нийгэм
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна
![](https://24barimt.mn/wp-content/uploads/2024/07/8ce960228046ac5d7886dbe4a397a2b6_x3.jpg)
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.
Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд 17.5 км авто замын засвар, шинэчлэлтийг бүрэн хийж дууссан. Харин 14 дэх байршил буюу “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх 0.78 км авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд замын хойд талд нэмэлт өргөтгөл хийж, 3.5 метр нэмэлт эгнээ, 1.5 метр явган зам, 1.5 метр дугуйн зам тус тус хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 600 метр зам талбайн ухмалын ажил хийж, 11 метр далан барьж, хөлдөхөөс хамгаалах ажлыг хийж дууссан. Мөн замын эхлэл, төгсгөлд 180 метр газар чөлөөлөлтийн асуудал үүссэнээс болж ажил бага зэрэг удаашралтай байна. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт барьсан ногоон хашаа орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлэх юм. Газар чөлөөлөх асуудал зөвшилцөх шатандаа явж буй” гэв.
Түүнчлэн өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа шинээр засвар шинэчлэлт хийсэн 13 байршилд үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн асуудал үүсээгүй, борооны ус зайлуулах шугам хэвийн найдвартай ажиллаж байсан. Эдгээр байршлын 11 байршилд нэмэлтээр ус хүлээж авах шүүрт болон үзлэгийн худаг хийн нийт 210 метр урт ус зайлуулах шугам сүлжээ суурилуулсан гэдгийг тодотгож байлаа.
Нийгэм
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
![](https://24barimt.mn/wp-content/uploads/2024/07/44b36d18fcb69b2f1083fdcdf52af82f_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр уншиж сонордууллаа.
Их түүхээ түмэн олондоо сурталчилан таниулахаар алдарт Луврын музей тэргүүтэй Европын томоохон музей, архивын сан хөмрөгт буй дурсгалуудыг эх орондоо дэлгэн үзүүлж буй байгууллага, хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, цаашид түүх, соёлтой холбоотой дурсгалуудаар олон үзэсгэлэн гаргахыг онцгойлон дэмжихээ илэрхийлжээ.
Ирэх наймдугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд дэлгэх үзэсгэлэн нь монголчууд дэлхийд хэрхэн нөлөө үзүүлж, амар амгаланг тогтоон, соёл, худалдаа, эдийн засаг, улс төрийн хувьд хэрхэн өөрчилснийг илтгэх эртний улсуудын түүхтэй холбоотой дурсгалууд, Монголын эзэнт гүрний дурсгал, хаад, түүний угсааныхны дурсгал хэсгээс бүрджээ.
Тухайлбал Монголын эзэнт гүрэн, Ил хант, Юань, Кидан Улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарийн Ритберг музей, цуглуулагч Сэм ба Мирна Майэрсын цуглуулга зэрэг Европын таван томоохон музей, архиваас татаж авчирсан үзмэрүүдийг толилуулж байна.
Ил хаант, Юань, Кидан Улс, Хүннү үеийн ховор чухал дурсгалууд нь Монгол нутгаас олдоогүй бөгөөд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын бүх харьяа улсуудын дурсгалуудыг анх удаа нэг дор дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн онцлох гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал юм. Энэ захидал нь монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монгол бичгийн гайхамшиг, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлдэг, үнэлж баршгшй түүхэн баримтад тооцогддог.
Үзэсгэлэнг 2025 оны гуравдугаар сард Прага хот дахь Үндэсний музей, 10 дугаар сард Цюрих хотын Ритберг музей, 2026 онд Берлиний түүхийн музей, Канад, АНУ зэрэг улсад дэлгэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн жил Монгол Улс, БНФУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын Нант хотод дэлгэсэн үзэсгэлэнг зургаан сарын хугацаанд 250 гаруй мянган хүн үзэж сонирхжээ.
Нийгэм
Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна
![](https://24barimt.mn/wp-content/uploads/2024/07/af2e0dcc14c9f27060880e9fb48d06ba_x3.jpg)
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд бороо орохгүй. Агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ учраас нарийвчилсан мэдээллийг бид цаг алдалгүй гаргах болно. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.