Нийгэм
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.
Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд 17.5 км авто замын засвар, шинэчлэлтийг бүрэн хийж дууссан. Харин 14 дэх байршил буюу “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх 0.78 км авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд замын хойд талд нэмэлт өргөтгөл хийж, 3.5 метр нэмэлт эгнээ, 1.5 метр явган зам, 1.5 метр дугуйн зам тус тус хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 600 метр зам талбайн ухмалын ажил хийж, 11 метр далан барьж, хөлдөхөөс хамгаалах ажлыг хийж дууссан. Мөн замын эхлэл, төгсгөлд 180 метр газар чөлөөлөлтийн асуудал үүссэнээс болж ажил бага зэрэг удаашралтай байна. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт барьсан ногоон хашаа орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлэх юм. Газар чөлөөлөх асуудал зөвшилцөх шатандаа явж буй” гэв.
Түүнчлэн өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа шинээр засвар шинэчлэлт хийсэн 13 байршилд үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн асуудал үүсээгүй, борооны ус зайлуулах шугам хэвийн найдвартай ажиллаж байсан. Эдгээр байршлын 11 байршилд нэмэлтээр ус хүлээж авах шүүрт болон үзлэгийн худаг хийн нийт 210 метр урт ус зайлуулах шугам сүлжээ суурилуулсан гэдгийг тодотгож байлаа.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр14 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр14 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм14 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм14 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна