Энтертайнмент
Монгол-Тайландын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээ Тайландын өдөрлөгөөр эхлэв

Жил бүрийн намар Улаанбаатар хотноо Тайланд Улсыг таниулан сурталчлах урлаг, соёлын өдөрлөгийг зохион байгуулдаг.
Энэ жил Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд Тайландын өдөрлөгийг зохион байгуулж гадаад, дотоодын зочид, хүүхэд багачууд, урлаг, спортынхон, Тайландын соёлыг сонирхсон иргэд олноор оролцлоо.
Энэ өдөрлөгөөр Монгол Улс, Тайланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээг эхлүүлж байгаа юм.
Тайланд Улс, Монгол Улсын хамтын ажиллагааг хариуцдаг БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Тайландын Вант Улсын Элчин сайд Чатчай Вириявежакул өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нүүдэлчдийн энэ сайхан нийслэл хотод энэ жил дахин ирж, Тайланд орны өнгө, аясыг илтгэх энэ өдөрлөгийг та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна. Энэ жилийн Тайландын өдөрлөг онцгой ач холбогдолтой юм. Учир нь бид энэ жил 1974 оны 3 дугаар сарын 5-нд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж байна” гэлээ.
Өдөрлөг Тайландаас ирсэн бүжигчдийн үзүүлбэрээр эхэлж, Монголд дэлгэрч буй Муай Тай буюу Тай боксын Тайланд, Монгол Улсын тамирчдын ур чадварыг гайхуулсан үзээлбэрээр үргэлжилсэн юм.
Арван жилийн өмнө Монголд үүдээ нээсэн Муай Тай Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Холбооны дэргэдэх Клубын багш Б.Гантогтох “Тай бокс”-оор хичээллээд 16 жил болж байгаа аж.
Тэрбээр Муай Тай боксыг сурахаар Тайландыг зорьж, хоёр жилийн турш Тайландын уламжлалт спортыг суралцаад өдгөө Монголдоо багшилж байна. “Манай Клуб 8-40 насны 50 гаруй тамирчинтай. Энэ спортоор хичээллэхийн ач холбогдол их. Нэг дүгээрт, бие бялдар сайжирна, бие хамгаалах урлагт суралцна. Хоёр дугаарт, Муай Тай нь уламжлалт спорт учир бусдыг хүндэгтэх, сахилга бат суух, мөн энэ спортын философи болох өөрийгөө ялан дийлэхэд суралцдаг” гэж Б.Гантогтох багш ярьж байлаа.
Тайландын өдөрлөгөөр Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд зассан 40 асарт Тайландад үйлдвэрлэсэн тансаг торго, дурдан, бөс бараа, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, хатаасан жимс, Тай иргэдийн хийсэн амттай хоол хүнсний худалдаа гарч, бизнес эрхлэгчид хоорондоо танилцаж, худалдаа наймааны хамтын ажиллагаагаа ч хэлэлцэж байв.
Үдийн цайны үеэр Тайланд хоолны асарт олон хүн цуглалаа. Дараалалд зогсож байсан Д.Намуун “Би Тайландад нэг удаа очиж байсан, маш их таалагдсан. Бас тэнд байхдаа стики манго райс-д маш дуртай болсон. Тайландын өдөрлөг болно гэж дуулмагцаа нөгөө амттангаа олж авна даа гээд ирсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Амттанаас гадна тахианы сатэй, папайя салат, кокостой амтат шөл, сам хорхойтой ороомог, спринг роллз зэрэг Тай хоолыг хийж байгаа асарт дотоод, гадаадын зочин олон байв.
“Монголчууд Тайландын будаа, цуу зэрэг хүсний бүтээгдэхүүнийг сайн мэддэг. Хэдийгээр манай хоёр улс газар зүйн хувьд зайтай оршдог ч логистик, тээврийг дараагийн түвшинд гарган хөгжүүлбэл, мөн манай хоёр улсын хооронд зөвхөн өвлийн чартер нислэг гэлтгүй жилийн турш хийх агаарын нислэгийн тоог ихэсгэн, тогтмолжуулбал бусад олон бараа бүтээгдэхүүний худалдаа идэвхжих, иргэд хоорондын солилцоо сайжрах бүрэн боломжтой. Монголчууд Тайландад өвлийн цагаар ирж амрах нь элбэг. Тайчууд Монголд ирж аялах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бас боломжтой” гэж Элчин сайд Чатчай Вириявежакул ярилаа.
Тайландыг аялал жуулчлалын орон гэдэг. Иймдээ ч өдөрлөгийн үеэр сугалаа явуулж, сугалааны азтануудыг Тайланд улсын Пукет хотод хосоороо аялан, долоо хоногийн турш амрах эрхийн бичгээр шагнаж байв.
“Монгол Улс-Тайланд Улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавартай тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Тайландын сэргээгдэх эрчим хүчний компани Монгол Улсад төсөл эхлүүлээд байна. Энэ төсөл нь нарнаас эх үүсвэрээ авч 109 мега Ватт эрчим хүчийг үйлдвэрлэн Монгол Улсад нийлүүлэх юм.
Өдөрлөгийн үеэр Тайландын гоо сайхны бүтээгдэхүүн, хүнс үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл ч ирсэн байлаа. Тэд Монголын түнш компаниудтай гэрээ хэлцэл хийхээр ирээд байна гэж Тайландын Вант Улсын Монгол дахь Өргөмжит Консулын газрын ажилтан Л.Тунгалаг онцолж байсан юм.
Тайланд улсыг сонирхсон, хамтын ажиллагаа тогтоохыг хүссэн хэн бүхэн Тайландын Вант Улсын Монгол дахь Өргөмжит Консулын газарт хандаж болох юм.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн хүрээнд Тайланд улсын нийслэл Бангкок хотод ч цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөж буй юм байна.
“Хоёр улсын найрсаг харилцаа нь иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, бие биенийхээ түүх, соёл, урлаг, нийгэмтэй илүү дотно танилцахаас эхэлдэг. Манай өдөрлөг ч энэ найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой” гэж Л.Тунгалаг хэллээ.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм6 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав