Энтертайнмент
Б.Мөнх-Эрдэнэ, Т.Дэмчигдорж нар хүрэл медаль хүртжээ
Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.
Тэмцээний 57 кг-д оролцсон “Төгс дэвжээ”-ний тамирчин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, 92кг-д “Алдар спорт хороо”-ны тамирчин Т.Дэмчигдорж хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Тамирчид өнөөдрөөс үргэлжлүүлээд ОХУ-ын Саха улсын Якутск хотод 7 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлд хамрагдана.
Үүний дараа ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.
Энтертайнмент
Дэлхийн нэр хүндтэй музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг гаргах эрх авлаа
“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний өвөг түүхийн музейн захирал Матисс Бемхофтой уулзаж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор 2026 онд “Чингис хаан: Монголчуудын ертөнц” том хэмжээний олон улсын үзэсгэлэнг Симон галларейн танхимд гаргахаар тогтлоо.
Айлчлалын хүрээнд тус үзэсгэлэнд оролцуулах Хүлэгүгийн улс буюу Иль хант улсын Берлинд хадгалагдаж буй дурсгалууд, текстиль эдлэл, чулуун эдлэлийн лаборториудтай танилцлаа.
Энэ үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун Хумбольт форумын захирал Кохтой уулзаж, “Дэлхийд тархсан өв цуврал”-д Герман дахь монголын өв каталогийг хэвлэн нийтлүүлэх эрхийг авч, удахгүй гаргахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Берлиний Үндэсний номын сангийн Азийн тасагт буй Дьезийн XIII зууны монгол зураг, Турфанаас олдсон монгол бичгийн дурсгалууд, XIX зууны Халхын хошуудын зургаас хэвлэн нийтэлж оруулахаар захирал Каунтай тохиролцож, энэ онд багтаан эхний боть гаргахаар боллоо.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг дэлхийн нэр хүндтэй музейнуудад гаргахыг зорьсны үр дүнд 2027 он хүртэл захиалгаа ийнхүү авч чадлаа.
“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан цагаасаа хойш гадаад хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч ирсний хүчинд өнөөдрийн байдлаар 10 гаруй орны нийт 20 гаруй музейнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан томоохон төсөл хөтөлбөр, хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулаад байна.
Энтертайнмент
Монголын 11 хүүхэд 2025 онд Англид “Фүлхэм” клубийн бэлтгэлд хамрагдана
Монгол Улсаас 11 хүүхэд 2025 онд Англид очиж, алдарт “Фүлхэм” клубийн бэлтгэлд хамрагдана.
“Фүлхэм” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд ССАЖЗЯ, Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, 10-р сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулна.
Сургалтад хамрагдсан 160 хүүхдээс “Фүлхэм” клубийн дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгож, 2025 онд “Фүлхэм” клубийн бэлтгэлд хамруулах болно.
Энэ нь “Фүлхэм” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд “Go Mongolia” Үндэсний брэндийг 2024-2025 оны Премьер лигийн улиралд албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулж дэлхийн хөлбөмбөг сонирхогчдод сурталчилж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энтертайнмент
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Сархан Алиевтай тулалдлаа
Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулаан есдүгээр сарын 28-ны өдөр болоход манай улсаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд рингний эзэн орны боксчин Сархан Алиевтай зургаан үе тулалдлаа.
16 насны зөрүүтэй хоёр боксчны тулаан зургаан үе өрнөсөн бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр залуу тамирчин Сархан Алиет ялалт байгууллаа.
Өдгөө 26 настай Сархан Алиев нь “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтай бол У.Мөнх-Эрдэнэ нь “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, “Доха-2006” Азийн наадмын мөнгөн медальтай юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.