Улс төр
УИХ: Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны тайланг сонсож, хэлэлцлээ
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ, 2023 онд Эрүүл мэндийн даатгалд нийт 3240.0 даатгуулагч хамрагдсан нь хамрагдвал зохих иргэдийн 92.5 хувь байсныг дурдаж, тус сангийн тухайн жилийн төсвийн орлогыг 1564.0 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс 97.5 хувьтай биелснийг танилцууллаа. Үүний 43 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 41 хувийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл, 16 хувийг даатгалыг нь төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэлийн орлого эзэлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 онд 1785 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд зориулан гэрээ бүхий 2349 байгууллагад олгожээ. Үүний 974.0 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт, 359.0 тэрбум төгрөгийг анхан шатын эрүүл мэндийн байгууллагад, 249.0 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэгт, 99.0 тэрбум төгрөгийг эмийн санд олгосон бол 43.0 тэрбумыг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд, 39.0 тэрбум сувилалд, 11.0 тэрбумыг төр хариуцах эмийн зардалд зарцуулсан байна. Төсвийн зарлагын гүйцэтгэл 222.0 тэрбум төгрөгөөр давсан учир 2023 оны эрсдэлийн сангийн 40.0 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээний зардалд зарцуулжээ. Мөн 2022 оны 60.5 тэрбум төгрөгийн өрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвөөс барагдуулж ажиллажээ.
Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 27-45 хувиар нэмэгдүүлсэн, мөн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийн тоо, хэмжээ өмнөх онтой харьцуулахад 36.8 хувиар өссөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан сангийн зарлага батлагдсан төсвөөс 218.3 тэрбум төгрөгөөр хэтэрснийг сайд мэдээлэлдээ дурдаад, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд учрах санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор ЭМДҮЗ-ийн тогтоолоор 1500-аас доош хүн амтай, 23 сумын эрүүл мэндийн төвийн хүн амаас хамаарсан тэгш байдлын коэффициентыг хоёр дахин, амбулаториор үзүүлэх тусламж үйлчилгээ болон өдрийн эмчилгээний нэр төрлийг олшруулж, тарифыг 20 хувиар нэмэгдүүлснийг мэдээллээ. Мөн жирэмсний хяналтын багцад өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх, шүдний тусламж үйлчилгээ авах зэргийг багтааж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний тарифыг ялгаатай байдлаар шинэчлэн тогтоож, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг гуравдагч шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд тухайн эмнэлгийн гүйцэтгэлээр авах санхүүжилтийн тариф буурахаар, түүнчлэн иргэн өөрийн хүсэлтээр хоёр дахь шатлалын эмнэлгээс авах боломжтой үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд хамтын төлбөрийг илүү өндөр төлөхөөр зохицуулж, энэхүү хамтын төлбөрийг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хувиар тооцдог байсныг тогтмол мөнгөн дүнгээр төлөх хэлбэрт шилжүүлсэн байна. Өрхийн болон сумын Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг үнэлж байсан 14 шалгуур үзүүлэлтийг цөөрүүлж, мэдээллийн эх сурвалж, тооцох аргачлалыг нэг эх үүсвэртэй болгожээ. Урьдчилан сэргийлэх багцын төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан шинэчилж, тарифыг дунджаар 40 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас шинээр буюу өмнө огт үзүүлж байгаагүй төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр үзүүлэх тохиолдолд харгалзах шалгуур үзүүлэлтээр чадавхыг үнэлэхээс гадна мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр тухайн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхтэй болгох зохицуулалтыг бий болгосон байна. Эдгээр бодлогын арга хэмжээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад иргэний халааснаас төлөх төлбөрийн хэмжээ буурахад ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илэрхийлэв. Тэрбээр үүнийхээ жишээ болгож хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 800 мянган төгрөг хүртэл тарифын тусламж үйлчилгээнд 50 мянган төгрөгийн тогтмол хамтын төлбөр тогтоож, тарифыг тогтмол дүнтэй болгосон болон элэг шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний төлбөрийн 113,6 сая төгрөгөөс иргэн 28.4 сая төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.7 дахин бууруулж, 5.0 сая төгрөг болгосныг нэрлэсэн юм. Амбулаториор тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо 2022 онтой харьцуулахад 40.3 хувиар, өдрийн эмчилгээнд хамрагдсан иргэд 57 хувиар тус тус нэмэгджээ.
ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллийнхээ төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх саналыг танилцуулсан юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг давхар нэмэгдүүлж байх, даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 27.4 хувийг бүрдүүлэх атлаа тусламж үйлчилгээний зардлын 77 хувийг зарцуулж байгааг үндэслэн тэдний улсын төсвөөс төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдаж, Капитал банкнаас авах 136.1 тэрбум төгрөгийн авлагын 44 хувь буюу 59.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, 76.2 тэрбум төгрөгийн, Чингис Хаан банкнаас авах 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байгааг мэдээлсэн юм.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ж.Баясгалан нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн 2023 оны тайланд дурдагдсан 250.0 тэрбум төгрөгийн зөрчлийн тухай, хавдрын, тэр дундаа хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулах, эсэх тухай, ЭМДҮЗ тогтоол шийдвэр гаргах, түүнд өөрчлөлт оруулахдаа судалгаа тооцоонд хэр үндэслэдэг, өдрийн сувилал зэрэг зарим тусламж үйлчилгээний санхүүжилт жил бүр нэмэгддэг атлаа яаралтай тусламж зэрэг зарим үйлчилгээний санхүүжилт хасагдаж байгаагийн шалтгаан, тайлангийн хэлэлцүүлэг юуны учир оройтсон, малчид, оюутан залуусын эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг хэрхэн нэмэгдүүлж, эрт илрүүлэгт хамруулах зэрэг олон асуудлаар асуулт асууж байлаа.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс яагаад хүүгийн орлого орохгүй байгаа, төр хариуцах тусламж үйлчилгээний зардлын төлөвлөлт болон гүйцэтгэл адил дүнтэй байгаагийн учир болон өр үүссэн шалтгаан, тэдгээр шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр хийгдсэн ажлууд, эрүүл мэндийн эрсдэл гаргаагүй, үйлчилгээ аваагүй даатгуулагчдад урамшуулал олгодог болох, эсэх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 170 албан хаагчийн 50 орчим нь орон нутагт, 128 нь ерөнхий газартаа ажиллаж байгаа нь юутай холбоотой болох, цаашид салбарын хэмжээнд ямар бүтцийн шинэчлэлт хийх, зөвлөлийн гишүүд, ажлын алба төвөөс алслагдсан аймаг сумдад хүрч ажиллах зэрэг асуудлыг хөндөв. Түүнчлэн, ЭМДҮЗ нээлттэй хуралдаж, мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхайн мэдээлж байх, бие даан хараат бусаар ажиллах, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавих боломжийг нэмэгдүүлж өгөх, тэдгээрийн үүсгэсэн өр төлбөрийг хаах, тэглэх, улсын төсвөөс барагдуулах зэрэг нэг удаагийн арга хэмжээ авахгүй байх, Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах талаар ямар санал, санаачилга гаргаж ажилласан, тус сан арилжааны банкуудаас авах авлагаа барагдуулах талаар идэвх санаачилгатай ажилласан эсэх, энэ талаар хууль, хяналтын байгуулагуудтай хамтарч ажиллах, өр авлага үүсгэж, дур зоргоороо авирласан хүмүүст ямар хариуцлага тооцох, орлого, зарлагын бүтцийг цаашид хэрхэн шинэчлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлдэг байх, эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог өргөжүүлэх, халдварт өвчний эрт илрүүлгийг тусгай хөтөлбөрөөр явуулах, эмнэлэг болгон ашиглаж болох объектуудын банкны барьцаанаас чөлөөлж ашиглах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөн асууж, ЭМДҮЗ-ийн дарга гишүүд, ЭМД-ын ерөнхий газар болон Үндэсний Аудитын газрын удирдлага, нэгжийн дарга нараас хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн даатгалын санд үүсээд байгаа өр авлага бол 2021 оноос буюу Ковид19 цар тахлаас шалтгаалан үүссэн бөгөөд буцааж санд төвлөрүүлэх байсан боловч энэ ажиллагаа гүйцэт хийгдээгүгээс хуримтлагдсан гэсэн юм. Мөн Хавдрын эмнэлэг барих 12 га газрын зөвшөөрөл гарсан, зураг төслийг боловсруулах гүйцэтгэгч шалгараад байгаа гэдгийг мэдээлсэн юм.
Асуулт, хариултын дараа Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн 2023 оны тайланг хэлэлцэж буйтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн 218.0 тэрбум төгрөгийн өр, авлагыг 2025 онд багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа илэрхийлээд, ЭМДҮЗ-ийн гишүүдийн эрх, үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс тус зөвлөлийн дүрмийг шинэчлэх шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр ЭМДҮЗ-ийн гишүүдийг ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөж, хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааны үр нөлөөг сайжуулж ажиллах шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын бүтцийг шинэчлэн сайжруулах талаарх саналаа Улсын Их Хуралд эртхэн оруулж ирж шийдвэрлүүлэхийг зөвлөөд, түүнд агуулагдаж буй асуудлуудыг эхнээс нь дэс дараатайгаар шийдээд явах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны эв санааны нэгдлийн болон эрх тэгш байх зарчим цаашид хадгалагдах учир санд хэн, ямар хувь нэмэр оруулж байна, тэр хэмжээгээрээ үр өгөөж хүртдэг механизмыг хэрэгжүүлэх, цахим шилжилттэй холбоотой сайн туршлагыг шуурхай нэвтрүүлэх шаардлагатай гэлээ. Мөн тэрбээр, аливаа асуудалд судалгаа шинжилгээтэй хандах шаардлагатайг тэмдэглээд, ЭМДҮЗ-ийн техникийн хороодыг байгуулж ажилд нь оруулахыг зөвлөв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээл дэх монополыг задлах талаар ярилцаж байснаа дурдаж, энэ мэт асуудлаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороонд хандаж, хамтран ажиллаж байхыг зөвлөсөн юм. Малчид, оюутны даатгалд хамрагдах байдлыг сайжруулах талаар Улсын Их Хурал улс төрийн шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр өгүүлээд, сургалтын төлбөр, хоршооны зээл зэрэгт орлого, зарлагын зүйлд нь суулгаж өгөх боломжийг эрэлхийлж ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн салбарын ажил ялангуяа, хөдөө орон нутагт, сумдад ихээхэн цалгардаж байгааг шүүмжлээд, өнгөрсөн онд Улсын Их Хурлаас баталсан Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын үйл ажиллагааны уялдааг сайжруулах шаардлагатайг онцолж, салбарын тогтолцоо шилэн байх тал дээр Үндэсний зөвлөл санаачлагатай ажиллах хэрэгтэй байна гэв. Тэрбээр, техникийн хороодоо байгуулж судалгаа, нотолгоотойгоор тогтоол шийдвэрээ гаргаж, үнэ тарифыг зөв тогтоож ажиллахыг ЭМДҮЗ-ийн гишүүдэд зөвлөж, Монголын иргэд эрүүл мэндээсээ болж ядууралд ордоггүй байх тогтолцоог та бүгд хийх ёстой гэлээ. Мөн эдгээр асуудалд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам дэмжлэг үзүүлж, манлайлалтай, нягт хамтран ажиллах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн яам, ЭМДҮЗ болон холбогдох газрууд салбарнхаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Байнгын хороо, яам, үндэсний зөвлөл эрчимтэй хамтран ажиллаж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналтын шинжилгээний хэлтсээс хийсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, холбогдох дүрэм журмыг шинэчлэх, ЭМДҮЗ-ийн техникийн хороодыг байгуулах зэрэг олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг сануулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улс төр
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.
Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.
Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.
Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.
Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.
Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.
Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.
Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.
Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг
Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалангаас тодрууллаа.
-Асрах үйлчилгээний эрх зүйн орчин өнөөдөр ямар байна вэ?
-Асрах үйлчилгээ гэхээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай л бодоод байдаг. Гэтэл өнөөдөр 397 мянган өндөр настан байна. Дөнгөж төрсөн эхийн асаргаа, эмнэлэгт хэвтэж эмчилгээ, үйлчилгээ авч байгаа иргэдийн асуудал ч хамаатай. Монгол Улсад өнөөдрийн байдлаар улсын дөрөв, хувийн найман ахмадын асрах газар, хүүхдийн асрамжийн 29 төв үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ хүртээмж маш тааруу. Хүүхдийн асрах төвүүдийн ихэнх нь гадны байгууллагын тусламж, иргэдийн хандиваар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд төрөөс зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Асрах үйлчилгээний талаар Монгол Улсын хуульд заалт бий юу гэвэл байгаа. Долоон хуульд нэг, нэг заалт л байдаг. Үндсэн хуульд, Нийгмийн даатгалын тухай хуульд гэх мэт долоон хуульд ганц ганцхан л заалт байх шижээтэй. Тэдгээр заалтуудаар асрах үйлчилгээний эрх зүйн орчныг тодорхойлох боломжгүй. Тийм учраас УИХ-ын даргын 100 дугаар захирамжаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлын хэсгийг байгуулсан. Манай ажлын хэсэг зөвхөн санал, дүгнэлт гаргах биш холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй гэж ойлгож байгаа.
-Ажлын хэсгийн ажлын явцын талаар тодруулбал?
-Бид Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийг боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид хуралдаж ажлын удирдамжаа баталсны дараа судалгааны ажлаа эхлүүлээд байна.
Хуулийн төсөл боловсруулахын тулд маш сайн судлах ёстой. Эрхзүйн орчин, нийгмийн орчныг судлахаас гадна бусад улс орнуудын хуулиудыг судлах шаардлага байна. Мэдээж төгс хууль гэж байхгүй ч төгсөд хамгийн ойртсон орны хуулиуд, сайн туршлагыг судлах хэрэгтэй.
Бид Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор болон албаны хүмүүстэй уулзсан. Тус сангаас Монгол Улсад болон бүс нутагт хийж байгаа асрах үйлчилгээний талаарх судалгаагаа өгөхөө мэдэгдсэн. Мөн бид Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл лавлагаа авахаар хандсан. Манай ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Батбаяр, Х.Болормаа, Д.Рэгдэл, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Д.Энхтуяа нарын асрах үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй хүмүүс багтсан. Мөн УИХ-ын даргын хоёр зөвлөх, УИХ-ын Тамгын газраас томилогдсон зөвлөхүүд ажиллаж байгаа. Түүнчлэн бид Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Асрах үйлчилгээтэй холбоотой Азийн, тэр дундаа Монголын соёл онцлогтой. Хуулийн төсөл боловсруулахдаа энэхүү соёлыг ч авч үзэх учиртай.
-Асрах үйлчилгээ үзүүлж буй хүмүүс ажил хийх боломжгүй, авч буй тэтгэмж нь хаанаа ч хүрэлцдэггүй тухай байнга ярьдаг?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, ахмад настнаа асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоход хуулийн төслийн нэг зорилго чиглэнэ гэж бид үзэж байгаа. Тэдгээр хүмүүст давхар ажил хийх ямар ч боломж байдаггүй. Энэ асуудал хуулийн төсөлд нэг бүлэг болж орж ирэх ёстой. Асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс бараг 24 цагийн турш завгүй байдаг. Гэтэл энэ нь хөдөлмөрийн нэг хэлбэр мөн. Тэдгээр хүмүүс халамжийн 302 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс бараг хоёр дахин бага мөнгө авдаг. Хэдийгээр халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэхийн тулд халамжийн мөнгө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх ёстой гэдэг зарчим байдаг ч хүн асарч буй хүний хийж буй ажил цаг наргүй байдаг. Тиймээс энэ асуудлыг хуулийн төсөл боловсруулахдаа далайцтай авч үзэх ёстой юм. Ажлын хэсгийн ахлагч, эрх зүйч хүний хувьд энэ асуудлаар бизнес эрхлэгчид, төрийн байгууллагынхан, судлаачидтай уулзаж байна. Өнөөдөр Монгол Улсад 880 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч хэд нь иргэдийнхээ төлөө буюу хүн төвтэй байна вэ гэдгийг авч үзэх ёстой. Ер нь олон хууль татвар төвтэй, иргэдийн нуруунд ачаалал үүрүүлж буй нь нууц биш.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг?
-Бид иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Халамжийн үйлчилгээнд зориулан улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийг баталсан. Гэтэл иргэд энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад олгодог гэж ойлгоод байдаг. Үнэндээ халамжийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн дээрх мөнгөний 1.6 их наяд нь хүүхдийн мөнгө буюу сар бүр хүүхдүүдэд олгодог 100 мянган төгрөг. Энэ бол халамж биш хөгжлийн хөрөнгө оруулалт. Би энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы индэр дээр ч, Байнгын хорооны хуралдааны үеэр ч хэлж байсан. Хүүхэд бүрт олгож буй хөгжлийн мөнгө, одонтой ээжүүдэд олгож буй мөнгийг халамжийн мөнгөнөөс салгах нь зүйтэй гэдгийг илэрхийлсээр ирсэн. Ингэж байж жинхэнэ халамж авч байгаа хүмүүсийн тоо бодитойгоор гарна.
Үнэнийг хэлэхэд 397 мянган өндөр настан, 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол бүгд хөдөлмөрлөхийг хүсдэг. Бид Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө боловсруулж, батлуулснаар асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс маань ажилтай болно. Асаргаа авч байгаа хүнээ дэмжсэнээр хөдөлмөрийн чадвар нь сайжирна. Биеийн хөдөлмөр эрхэлж чадахгүй ч зайнаас оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Хуулийн төслийг ийм өргөн цар хүрээтэйгээр харж байгаа.
-
Нийгэм10 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Бусад5 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм10 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм12 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ