Улс төр
Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ
УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн /2024.12.20/ Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмын төслийг хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоолоор батлууллаа.
Ийнхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль, баталсан журмын дагуу газрын хэвлийн баялгийг Монгол Улсын нийт иргэд эзэмших бодит боломж бүрдэж, өнөөдрөөс эхлэн иргэн бүрээр Хуримтлалын нэрийн дансны бүртгэл үүсгэж E-Mongolia цахим платформоор харах боломжийг бүрдүүллээ.
Ингэснээр өнөөдөр Монгол Улсын 3.5 сая иргэн Хуримтлалын нэрийн данстай болж, иргэн бүрт 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ.
Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай.
Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн “Чингис Хаан” Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж буй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг иргэдийн төлөөлөл эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү боомт нээхийг эсэргүүцэж буй 20000 хүний гарын үсэг цуглуулсан талаар дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаас авч үзэх нь байгаль орчноо сүйтгэх, устгах аюулд оруулж буйг тайлбарлав. Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөллийн зүгээс Нарансэвстэйн боомтын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг эхлүүлснээр нэн ховор, ховор амьтан, ургамлын амьдрах орчин доройтож, говийн эмзэг хөрс хөндөгдсөнөөр шар шороон шуурга нэмэгдэнэ. Түүнчлэн, нэн эмзэг говийн экосистемд гүний ус ашиглан зам байгуулах нь булаг шанд, баян бүрд ширгэх аюултай талаар ярив.
УИХ-ын даргын зүгээс төр аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог хангаж, тэдний санал бодлыг заавал тусган ажиллах ёстойг тодотгоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо болон бусад холбогдох яамдууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.
Ингэснээр байгаль орчны олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн санал бодлыг тусган байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох цогц үнэлгээ, судалгаанд үндэслэж Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудлыг ярилцах ёстойг онцлон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, төр иргэнээ сонсдог, тэдний эрхийг хангадаг байх ёстой. Тиймээс иргэд, олон нийтийн төлөөлөлгүйгээр уг асуудлыг яаралтай хэлэлцэх боломжгүй гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн төслийг хэлэлцлээ
Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.12.16) Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ Хархорум” хотыг байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт болон эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулалт, менежментээр хангах үүрэг бүхий тус захиргаа Засгийн газрын шийдвэрээр 2023 оны хоёрдугаар сард 30 орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ нийт 27 хүн ажиллаж байна. Энэ хугацаанд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаанууд, тэр дундаа хүн амын унд ахуйн зориулалттай усны хайгуул, инженер-геологийн болон байр зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээ, археологи, палеонтологийн судалгаануудын нэгдсэн дүгнэлтийг хийж дуусгаад байгааг тус захиргааны дарга Н.Нацагдорж танилцууллаа.
Энэ оны гуравдугаар сард “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, дүр төрхийг тодорхойлох зорилгоор ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үүнд 54 улсын 426 баг бүртгүүлснээс 76 баг бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлийг шалгаруулан хотын төлөвлөлтөд ашиглаж байгаа ажээ.
Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын “Хархорум” хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Иймд “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа аж. Нийтдээ 189 363 га талбай бүхий тус хот 500 мянган хүн амтай байх бөгөөд суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж байх юм.
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар захирамжаар байгуулагдсан юм. Тус ажлын хэсгийн ахлагч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Б.Пунсалмаа, Н.Батсүмбэрэл нар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаа, хотын ерөнхий төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ Хархорин хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.