Улс төр
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Энэ хугацаанд Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр зам, Монгол Улс, Франц улс хамтран хэрэгжүүлэх “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх шатанд орлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярилаа.
Ерөнхий сайдын албан даалгавар гарч дараагийн төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Эдгээрт Газрын тос боловсруулах цогцолбор, Зэс боловсруулах болон Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Тавантолгойн дулааны станц, Говийг усжуулах төсөл, Атрын IV аяныг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн 2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн байна.
Улс төр
ЗГ: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч ААН байгууллагад хөнгөлөлт үзүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх талаар нийтлэг журам баталсан байна.
Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов.
Уг журамд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн болон санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Үүнд:
1.Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах;
2.Байгаль орчинд ээлтэй дулаан, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
3.Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй хороолол барьж байгуулах;
4.Авто замын сүлжээг өргөтгөх;
5.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх;
6.Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих зэрэг болно.
Татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг Сангийн яамнаас зөвлөмж болгосон загвараар боловсруулжээ.
Улс төр
Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн актууд батлагдлаа
УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг Засгийн газраас баталлаа.
Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталлаа.
Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдснаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа Ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцлолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж ахмад настны нийгмийн хамгаалал сайжрах юм.
Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилттай уялдуулж, ахмад настанд хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтийг хүнд сурталгүй, олон баримт бичиг бүрдүүлэхгүйгээр олгоход чиглэсэн зохицуулалтууд багтсан.
Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан.
Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд болон гадаад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгалаа.
Улс төр
Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн үр дүн, шийдэл’’
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:
- Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой. Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.
- Оролцогч нь санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ сонсгол болохоос ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө цахимаар эсхүл шуудангаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлнэ.
Хэвлэл, мэдээллийн байгууллагыг бүртгэх:
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-262946/
Жич:Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.