Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа.
Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтсан юм.
Ажлын хэсэг хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллана.
Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна.
Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.
Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барьж байна.
Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Хуулийн үндсэн зохицуулах харилцаа нь:
Нийслэл хот нь агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, шар бүстэй байна. Бүсийн хилийн зааг, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэжээ. Ногоон бүсэд тухайлбал,
-стандартад нийцсэн хийн болон шингэн түлшээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах; /бүх төрлийн хатуу түлш/
-стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах;
-инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;
-Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;
-Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
-Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгажээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан түүхий эд нийлүүлэх гэрээ дууссан, “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөх талаар холбогдох судалгаанууд хийжээ. Тухайлбал, хагас коксон /хөх нүүрс/ шахмал түлш, “Эрдэнэс тавантолгой”-н ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлын 6 хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирчээ. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.
Товч мэдээ
· Төрийн өмчит компаниудын 2025 оны бизнес төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ТӨХК-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
· “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтын зарыг олон улсад мэдээлж, түгээхээр боллоо.
· Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлэв.
Улс төр
ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр 07-нд хуралдаан 14 цаг 53 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм.
Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав. Төслүүдийг холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажилласан байна. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн зүйл бүртэй холбогдуулан асуулт асууж, Н.Учрал сайдаас хариулт авсан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд тухайн саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан юм. Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав.
Төслүүдийг холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, О.Батнайрамдал Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажиллажээ. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолыг төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 2, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны гишүүн Н.Батсүмбэрэл олборлолтын дараах нөхөн сэргээлт болон хог хаягдлын менежмент, хяналт, мөн усны салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг тодруулж хариулт авсан. Л.Соронзонболд гишүүн ашигт малтмалын 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ-ын талаар зохицуулалтын талаар, мөн төслийн хавсралт дахь тооцоололтой холбоотой тодруулга хийж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй тайлбар авав. Түүнчлэн М.Бадамсүрэн, Г.Уянгахишиг төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтаншагай, Д.Батбаяр, Р.Батболд, О.Номинчимэг, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа гэв. Хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохих журмын дагуу өргөн мэдүүлэхийг ажлын хэсэгт даалгасан юм.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ ерөнхий мэдээллээ танилцуулаад, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Шадар сайд Т.Доржхандаас тодруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанд оролцох ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс мөн нэмэлтээр тодруулга хийхээр төлөвлөөд буйгаа танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, хариулт авав.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг захиргааны эрх зүйн асуудал болгон, улмаар хэрэглэгч эрх ашгаа хамгаалах бололцоогүй болгож байгааг тэрбээр шүүмжлээд, иргэний хууль тогтоомж болон бусад хууль тогтоомж дахь гэрээний харилцааг оновчтой зохицуулах, гэрээний нөхцөлүүдийг эрх зүйн орчинд тодорхой болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, бусад хууль тогтоомжтой болон олон улсын жишигт нийцүүлэх шаардлага бий гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний явцад иргэн хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг гэрээний харилцааны асуудлыг хууль тогтоомжид оновчтой зохицуулах, зар сурталчилгаа хийх тохиолдолд мөрдөх зөвлөмж, энэ нь холбогдох хууль тогтоомждоо тусаж буй эсэхийг тодруулав. Мөн хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой шүүхийн шийдвэрүүдийн талаар лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дараа нь Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт болон тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хөрөнгө оруулалт, хэрэгжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцаанд 2025 он нэн чухал үүрэгтэй гэдгийг онцлон тодотгоод, Үндсэн хуулийнхаа хүрээнд улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой гэв. Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, ягштал мөрдөх нь эдийн засаг, хөгжлийн хамгийн том бодлого хэмээгээд бүх түвшиндээ хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллах нь улс орныг хөгжилд хөтлөх болно гэв. Үүнээс засаглалын асуудал ургах бөгөөд засаглалын нээлттэй, ил тод байдлыг хангаж буй эсэх, парламентын засаглалыг бэхжүүлж чадах эсэхээс хөгжлийн бодлого тодорхой харагдана хэмээн тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Түүнчлэн хөгжлийн бодлого нь тогтвортой байдалтай салшгүй холбоотойг тодотгон тайлбарлаад, үргэлжлүүлэн эдийн засгийн эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээрх бодлого, зорилтыг онцлоод Эдийн засаг, хөгжлийн яам дээрх гурван зүйлээр Монгол Улсын хөгжлийг томьёолж, хөгжлийн хөтөлбөр, бодлого, зорилтууддаа тусган ажиллаж байгаа гэв. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацаанд Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байгаа бол богино хугацаанд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлэхээр тус тус заасан талаар Л.Гантөмөр сайд мэдээлсэн. Дээрх баримт бичгүүдийн хүрээнд нэн тэргүүнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаанчаар хөгжих, урт хугацаандаа нээлттэй, чөлөөт эдийн засгаараа тэргүүлэгч улс болох бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулсан.
Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын суурь баримт бичиг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болохыг Л.Гантөмөр сайд дурдаад, эрчим хүчний реформ хийж эрчим хүч үйлдвэрлэх, улмаар үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтын хүрээнд гол бодлогуудаа төлөвлөсөн гэв.
Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хамгаалах, хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийг солонгоруулах зорилгоор авч хэрэгжүүлэх бодлого, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зорилт, 14 мега төслийн зорилго, ач холбогдол, хууль эрх зүйн орчин болон түүнийг сайжруулах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан. Мөн тэрбээр эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийн талаар, үүн дээр парламентын түвшинд хэрхэн хамтрах боломжтойг тайлбарлаж, энэ онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт, түүнд хүрэх арга замын талаар мэдээлэл танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Г.Лувсанжамц, М.Мандхай, О.Батнайрамдал, П.Батчимэг, М.Энхцэцэг, Р.Сэддорж нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт авсан.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн талаар дурдаад, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, зорилт болон макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг 2023, 2024 оны гүйцэтгэл, энэ оны төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Үргэлжлүүлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар товч мэдээлэл өгсөн юм. 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 22.4 сая.тонн нүүрс, 2.4 сая.тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мян.тонн жонш, 5.4 мян.тонн зэсийн баяжмал тус тус арилжаалжээ. Үргэлжлүүлэн хөрөнгө оруулагчдад дэмжлэг үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамгаалах цогц механизмыг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулав. Энэ хүрээнд татварын бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2027 он хүртэл 90 хувь, 2029 он хүртэл 50 хувь тус тус хөнгөлж байгаа гэлээ. Түүнчлэн нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10 хувь, гадаадад 20 хувь байсныг нийтлэг 5 хувь болгож бууруулсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг орлогын албан татвараас чөлөөлжээ. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд хөнгөлдөг зохицуулалтыг 5 жил болгон нэмэгдүүлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч ижил нөхцөлөөр холбогдох зардлыг хасаж тооцох боломжийг нээсэн аж. Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдын татварын харилцааг хялбаршуулж, тайлан гаргах үүргээс чөлөөлж, хувьцаа, өрийн хэрэгсэл, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг нэгдсэн журмаар суутган тооцож, төсөвт төлдөг болжээ.
Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хуулийг баталсан бөгөөд энэ дагуу Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, хөгжлийн сангаас бүрдэхээр зохицуулалтыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх шилжилтийн үеийн зардал 131.1 тэрбум төгрөгийг 2024 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн гэлээ. Тухайн оны батлагдсан санхүүжилтийг бүрэн олгосон бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг Ж.Ганбат дарга нэгбүрчлэн танилцуулав.
Урт хугацааны даатгалын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа гэв. Төслөөр даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг малын хорогдолтой уялдуулж уян хатан тогтоох, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд нэг удаа хэсэгчлэн урьдчилан олгох болон Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж, 2025 оны эхний хагас жилд багтаан өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн даатгалын үйл ажиллагааг цахимжуулах, даатгалын үнэлгээ, хураамж тооцох, итгэлцүүр хэрэглэх аргачлалыг шинэчлэх, албан журмын даатгагчдын холбоог өөрчлөн зохион байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусган боловсруулаад байна.
Тэргүүлэх чиглэлийн гуравдугаарт “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” хэмээсэн байдаг бөгөөд гол зорилт нь бол нийгмийн хамгааллын салбарт нийгмийн даатгалын оновчтой тогтолцоог бий болгож, төрийн албан хаагчийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэн гэв. Хот тохижилтын ажилчдын цалин 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн байна. Орон нутгийн нэмэгдэл олгож байгаа гэлээ. Суманд ажиллаж байгаа бол сар бүр үндсэн цалингийн 40 хувийн, аймгийн төвийн сум, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа бол сар бүрийн үндсэн цалин дээр нь 20 хувийн нэмэгдэл олгож байгаа аж. Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга тэтгэмжүүдийн нэмэгдлийн талаар танилцууллаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 15 хувиар, асаргааны тэтгэмжийг 10 хувиар, амьжиргаа дэмжих тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөлт нас баралтыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 3.1 их наяд төгрөг зарцуулсан байна.
Дараагийн тэргүүлэх салбар болох хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хүнсний хангамж хүн амын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортын хамаарлаа бууруулж нийлүүлэлтийн сүлжээ аюулгүй байдлыг хангана хэмээн зорилт тавьсан юм. Энэ хүрээнд НӨАТ-аас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж, бордоог чөлөөлсөн байна. Мөн хүн амын зайлшгүй хэрэгцээний мах, сүү, хүнсний ногоо, жимс зэрэг 28 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг, эрүүл мэнд, боловсрол зэрэг 19 нийтийн үйлчилгээг мөн чөлөөлөх арга хэмжээг авчээ. Ж.Ганбат дарга үргэлжлүүлэн засаглалын үзүүлэлтийг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Монгол Улсын 2024 оны төсөв, урьдчилсан гүйцэтгэл, Засгийн газрын өрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв.
Улс төр
“Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд “Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ” хэмээн тусгасан билээ. Мөн их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээр ахлуулан байгуулсан юм.
Эдгээр бодлого, үйл ажиллагааны хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн 3 ба түүнээс дээш түвшний оюутнуудад зориулсан “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг энэ сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна. Оюутнууд хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм.
Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын даргын 2024 оны 331 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын оюутны холбоо тус тус ажиллах юм.
Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд Open Parliament 2025 линкээр нэвтэрч, мэдээллээ энэ сарын 13-ны өдрийн дотор ирүүлэх боломжтой.
Зохион байгуулагчид хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлсэн оюутнуудын материалтай танилцаж, оюутан тус бүрийг 1-5 оноогоор дүгнэн эхний 100 оюутныг шалгаруулж, хөтөлбөрт хамруулах бөгөөд дадлагажигч оюутнуудад ажилласан хугацааны цалин, сертификат олгох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов
-
Улс төр3 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
-
Улс төр9 цаг өмнө
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
-
Улс төр8 цаг өмнө
“Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
Хоёр цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна
-
Нийгэм8 цаг өмнө
Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллана
-
Энтертайнмент8 цаг өмнө
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
-
Нийгэм8 цаг өмнө
Үерийн хамгаалалтын сувгийн хашлагыг мөргөж машин унаж осолджээ