Улс төр
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг хамгаалах зорилгоор Засгийн газар нь Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 он хүртэл 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлж улмаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2014 онд баталсан. Ийнхүү уг хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад малчдын гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурь тавигдсаныг дурдлаа.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх даатгалын тогтолцоо нь эрсдэл тохиолдсоны дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс зардал багатай, тогтвортой, үр дүнтэй байдаг нь олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд байгалийн гамшиг их хэмжээний эрсдэлийн эсрэг хэрэглэдэг даатгалын шинэлэг төрөл гэдгийг сайд танилцуулгадаа онцлоод Монгол Улсад малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59,4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26,1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна гэв.
Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, малын 7-10 хувь нь тус тус даатгалд хамрагдаж байгаа нь эрх зүйн орчныг шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаа төрийн бодлогын зорилт төдийлөн оновчтой хангагдахгүй байгааг харуулж байна. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас уг хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсныг С.Одонтуяа сайд онцлон тэмдэглэв.
Хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг өөрчлөн, уян хатан тогтоохоор тусгасан байна. Энэ нь малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Мөн даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгасан. Нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, М.Ганхүлэг, Б.Ганбаатар, Б.Уянга, Б.Бейсен, С.Замира нар асуулт, асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдлээс үүссэн малын хорогдлын нөхөн төлбөрийг урьдчилан олгоно гэсэн зохицуулалт болон, мөн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаанын талаар холбогдох судалгаа тооцоолол хийсэн эсэх, мөн малчдын зүгээс даатгалын босго үзүүлэлтийг багасгах саналтай байдгийг төсөлд хэрхэн зохицуулсныг илүүтэй лавлаж байлаа.
“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант хариултдаа, “Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу хагас жилийн мал тооллогын дүнгийн дараа нөхөн төлбөрийг сумдын малын зүй бус хорогдлыг дүнд үндэслэн олгодог. Хагас жилийн мал тооллогын дүн долдугаар сард эцэслэгдээд найман сард хамтын эрсдэлийн сангийн хурлаар ороод 9-10 дугаар сарын хооронд даатгалын нөхөн төлбөр олгогддог. Үүнд даатгалын ач холбогдол багасч, даатгуулагчийн сэтгэл ханамж сул байдаг. Иймд хуулийн төсөлд Статистикийн үндэсний хорооны мэдээлэлд үндэслээд тухайн сум орон нутгийн малын хорогдлын босго үзүүлэлтийг давах нь тодорхой болсон тохиолдолд хугацаанаас өмнө гаргасан мэдүүлэгт үндэслэн даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан авах уян хатан зохицуулалтыг тусгасан” гэж байлаа. Мөн тэрбээр, хуулийн хэрэгжилт хангалтгүй, малчдын малаа даатгалд хамруулсан хувь, хэмжээ бага байгаагийн шалтгаан нь даатгалын босго үзүүлэлт өндөр байсантай холбоотой гэдгийг 21 аймгийн Засаг дарга нарын дунд явуулсан судалгаанаас харагдсан. “Үндэсний давхар даатгал” ХК, Сангийн яамнаас тодорхой тооцоо, судалгаа хийхэд зарим аймгийн сумдад зургаагаас доош хувийн босго оноо тогтоох боломж байгаа хэдий ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд энэ талаар хатуу заалттай байдаг. Иймд Засгийн газарт босго үзүүлэлтийг уян хатан зохицуулах боломж олгохоор тусгаснаар малчдыг даатгалд хамруулах нэг хөшүүргийг бий болгоно гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс даатгуулагч бага, хүртээмж сул, малчид мэдээлэлгүй байна гэлгүй үйл ажиллагаа эрчимжүүлж, ажлаа хийх шаардлагатайг онцгойлон анхааруулаад, хуулийн төсөлд малчид төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөллтэй зээл авахад малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх гэсэн нөхцөлийг оруулж, албан журмын даатгал шиг зохицуулалт тусгасныг эргэн харах шаардлагатай гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, “Босго үзүүлэлтийг Засгийн газар тогтоох эрх олгоход чиглэх бус малчдын саналыг харгалзан үзээд хамрах хүрээг нь бууруулж иргэдийн эрх ашгийн төлөө байх агуулга руу нь хуулийн төслийг чиглүүлэх саналтай байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Ганбаатар, ““Үндэсний давхар даатгал” ХК эсвэл холбогдох салбарын яам, орон нутгийн удирдах байгууллагууд малчдад даатгалын талаар ойлголт, мэдээлэл олгоход анхаарч ажиллах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Эцэст нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм15 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа