Улс төр
Д.Амарбаясгалан: Баруун бүсэд хөв цөөрөм барих 6,6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар 2025 оны 01 дүгээр сарын 30-нд Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаж, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа.
Таван нам, эвслийн төлөөлөл бүхий, олон ургалч үзлийг хадгалсан, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг нэгтгэсэн шинэ парламент хүн төвтэй, хүний эрхийг хамгаалсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Тус бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэг байгуулагдаж, хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. “Гурван төгөлдөршил” бодлого хэрэгжсэнээр шинэ тутамд бий болж буй харилцааг хуулиар зохицуулдаг болж, хүний эрхийг хангасан, эрх тэгш нийгэмд амьдрах боломж бүрдүүлнэ гэдгийг тодотголоо.
УИХ-ын намрын чуулганаар 2025 оны төсвийг 2 удаа хэлэлцэж, анх удаа Монгол Улс алдагдалгүй төсөв баталж чадсан. Энэ бол салбар бүрийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд орж ажиллаж, асуудалд олон ургалч үзлээр хандаж буйн хамгийн энгийн жишээ юм. Тиймээс олон нийтийн зүгээс шинэ парламентаас хүлээлт өндөр байгаа гэдгийг УИХ-ын дарга уулзалтын үеэр дурдлаа.
Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ сумын иргэдийн зүгээс сумдын авто замын бүтээн байгуулалтын ажил, Нарансэвстэйн боомт нээх эсэх, хөв цөөрмийн асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Баруун бүсийн иргэд зах зээлд хүрэхийн тулд 1500 км зам туулж байна. Тиймээс алс хязгаарт амьдран суугаа иргэд өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, амьжиргааны түвшнээ нэмэгдүүлэх боломжийг нээхийн тулд авто зам, дэд бүтэц, боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтуудыг ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн сумдыг хатуу хучилттай авто замаар аймгийн төвтэй холбох хүрээнд Алтай-Бургастай боомт чиглэлийн 278 км авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км авто замыг ашиглалтад оруулах хүрээнд зураг төслийн ажлууд дуусаж байгаа” гэлээ. Зураг төслийн ажил дууссаны дараа хөрөнгө оруулалтууд шийдэгдэж, барилгын ажил эхэлнэ. Алтай-Бургастай чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэйгээ авто замаар холбогдох юм” гэв. Түүнчлэн, баруун бүсэд хөв цөөрөм барих 6,6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсантай холбогдуулан Эрдэнэ суманд шуудуу татах ажлын төсвийг УИХ-ын дарга дэмжлээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа “УИХ-аас “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын15-нд байгуулсан. Ажлын хэсгийн гишүүний хувьд Нарансэвстэй боомтын асуудлыг тал бүрийн оролцоотойгоор нарийн хэлэлцэж, тооцоо, судалгаануудад үндэслэж, ажиллана” гэдгээ уулзалтын үеэр тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм13 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм11 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно