Улс төр
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ
Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа.
“Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан долоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна.
2021 оны зургаадугаар сарын 1-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус амаржих газарт ажиллахдаа шинэ барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан. Ингэснээр 66 жилийн дараа хуучнаар “Хоёрдугаар төрөх” эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар шинэ байртай болж, орчин үеийн тоног төхөөрөмжэй, Япон технологи бүхий хагалгааны таван вакум өрөө, гэр бүлээрээ хамт байж төрөх өрөөнүүдтэй болж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдээд байна.
Засгийн газар эрүүл мэндийн салбар тэр дундаа эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд эх нярайн эндэгдэл буурч байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Өнөөдрийн байдлаар манай улсын эхийн эндэгдлийн түвшин 1990 онтой харьцуулахад 8.8 дахин, нялхсын эндэгдэл 5.2 дахин буурсан үзүүлэлттэй байна.
“Хүрээ” амаржих газарт Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар ажиллалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээ” амаржих газарт ажиллахдаа тус эмнэлэгт шаардлагатай байгаа өндөр технологи бүхий зарим тоног төхөөрөмжийн санхүүжилт болон хуучин барилгыг хүчитгэн засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.
Засгийн газраас 2021-2024 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, өмнөх 10 жилийнхтэй дүйцэхүйц буюу нийт 954 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын их засвар, шинэ эмнэлгүүдэд нийт 292 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг Засгийн газраас 2024 онд эхлүүлсэн. Хоёр жилийн дотор 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, 120 ортой, 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилга шинэ төв барина. Нийтдээ 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Цар тахлын дараа Засгийн газар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд орон даяар эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоог зохион байгуулж, 2024 оны байдлаар 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, орчин үеийн техник технологийн дэвшил, хиймэл оюун нэвтрүүлэн үргэлжлүүлнэ.
Улс төр
ЗГ: “Нимерикс” вакциныг “Пфайзер” компаниас худалдан авахаар ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа.
2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоожээ.
Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй, 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байна.
Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна.
Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.
Улс төр
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олгохоор шийдвэрлэлээ.
Улс төр
ЗГ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулахыг даалгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах, даваа гараг бүр хуралдаж бизнес эрхлэх орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Мөн,
-Хуулийн этгээд байгуулах шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулан гурван хоногоос илүү хугацаа зарцуулдаггүй болгох арга хэмжээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан авч хэрэгжүүлэх,
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулан боловсруулж энэ сард багтаан танилцуулах,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд эрчим хүчинд анх холбогдох шат дамжлагыг цөөрүүлж, зарцуулах хугацааг 40 хоногт багтаах арга хэмжээг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх,
-Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахим хэлбэрт шилжүүлэх, тус үйл ажиллагааг цахимаар явуулахад зарцуулах дээд хугацааг тодорхой болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох арга хэмжээ авах,
-Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалтыг цэгцэлж, хуулиас давсан журмуудыг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
-
Улс төр6 цаг өмнө
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
-
Энтертайнмент9 цаг өмнө
Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвани, Тайландын багтай тоглоно
-
Нийгэм7 цаг өмнө
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Сор кашемир” ХХК-д ажиллалаа
-
Эдийн засаг7 цаг өмнө
Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
-
Улс төр10 цаг өмнө
Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна
-
Улс төр9 цаг өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
-
Улс төр9 цаг өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ