Улс төр
Хархорум хот Архангай, Өвөрхангайн гурван сумыг хамарна

Засгийн газраас Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлиг гарган Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхийн улбааг өртөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх үүднээс Хархорум хотыг байгуулах асуудлаар холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Улсын Их Хурал “Орхоны хөндийд “Хархорум” хот байгуулах тухай” 2023 оны 7 дугаар тогтоолыг баталж, “Хот байгуулах тухай” 2024 оны 72 дугаар тогтоолоор “Хархорум” хотыг улсын зэрэглэлтэй хот байхаар тогтоосон.
Засгийн газар Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжихтэй холбогдох тусгайлсан хууль шаардлагатай гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн зорилт нь түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтооход оршино.
Хууль батлагдсанаар Хархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим, хот төлөвлөлтөд тавигдах шаардлагыг тодорхойлж, Хот байгуулалтын тухай хуульд зааснаас гадна баримтлах хот төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, бүсчлэлийг тодорхой тусгасан болно.
Хархорум хотын газар зохион байгуулалтын хувьд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцүүлэн газрыг ашиглах эрхийг хотын Захирагч олгохоор тусгасан.
Тус хот нь Архангай, Өвөрхангай аймгийн 3 сумын нутаг дэвсгэрийг хамарсан эдэлбэр газартай байхаар тогтоосон бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Зөвлөл, Захирагчийг оршин суугчдаас сонгох хүртэл Засгийн газраас томилсон хотын Зөвлөл, хотын Захирагч ажиллахаар тусгасан.
Хотын Зөвлөл нь Засгийн газрын санал болгосон гурван төлөөлөл, Засгийн газраас томилсон хотын Захирагч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санал болгосон гурван төлөөлөл, хот байршиж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон мэргэжлийн холбоодын хоёр төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй байна. Хотын Захирагчийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
Хотын эдийн засгийн үндэс, өмч, төсөв татварын харилцааг хуульд тусгаснаас гадна Хархорум хот нь хот хөгжүүлэх сантай байх бөгөөд сангийн эх үүсвэрийг нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламжийн зориулалтаар зарцуулахаар тусгасан. Хотын хөрөнгө оруулалт, түүний тогтвортой байдлыг хангахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан шалгуурыг хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээг олгох хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалт хийж дуусах хугацааг тусгайлан заасан болно.
Хотын байнгын оршин суугчийн тоо 10000 хүрснээр хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулах бөгөөд энэ нөхцөл бүрдэх хүртэл Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуультай хамт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан техник, эдийн засгийн үндэслэл бүхий барилгажилтын төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Хархорум хотын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар гаргаж болохоор тусгасан болно.
Түүнчлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль, ““Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол болон Улсын Их Хурлын зарим тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолыг баталсан болно.

Улс төр
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уулзалт нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.
Уулзалтаар үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал зэргийн талаар хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, төрийн албан хаагчид аа,
Эрхэм нөхөд өө.
“Цагаан алт” болсон мал аж ахуй гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, тэдгээрийг дэмжин ажиллаж буй банк, санхүүгийн салбар болон төрийн байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний ахуй амьдралд малын ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Ялангуяа, олон мянган жилийн туршид монголчууд бид буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг боловсруулж, ард иргэдийнхээ аж амьдралыг тэтгэж ирсэн баялаг түүхтэй ард түмэн.
Тухайлбал, өнгөрсөн зууны 1960-1990 онд малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, түүхий эдийн боловсруулалт, үр ашиг, чанар сайжирч, мэргэжлийн боловсон хүчнээ эх орондоо бүрэн бэлтгэж байсан.
Үр дүнд нь 1980-аад оны сүүл гэхэд мал аж ахуйн салбарын хөнгөн үйлдвэрлэл нийт аж үйлдвэрийн салбарын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, 40 орчим мянган хүнийг ажлын байраар хангадаг эдийн засгийн тэргүүлэх салбар байлаа.
Харин 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд цаг үед аж үйлдвэрийн салбар, тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар ихээхэн бэрхшээл, сорилттой тулгарсан.
Гэхдээ 2000 оноос хойш ноос, ноолуур, арьс, шир, оёдол, тавилга, хэвлэл зэрэг цөөнгүй салбарт тодорхой сэргэлт ажиглагдсан.
Сүүлийн 30 гаруй жил мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч ноос, ноолуур, арьс, шир зэрэг “Цагаан алт”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна.
Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт гэхэд л 2024 оны байдлаар нийт экспортын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна.
Бид жилдээ ноос, ноолууран хувцас, арьс, шир, гутал, савхин эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг 190 орчим сая ам.доллараар гадаадаас худалдан авч байгаа.
Энэ бол чаддаг байсан зүйлээ чадахгүй болсны тод илрэл юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай. Чаддаг байсан зүйлээ сэргээн хөгжүүлэхийн төлөө Та бид хамтран ажиллах ёстой.
Түүнчлэн цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, дайн тулаан, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг олон асуудал улс орон бүрийг дотоодын үйлдвэрлэлдээ онцгой анхаарахыг сануулсаар байна.
Тийм ч учраас хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, орон даяар өрнүүлж байгаа билээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 2.5 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 220 тэрбум төгрөгийн импортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, 1.3 орчим их наяд төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай зээлийг хүнсний салбарын иргэд, хоршоо, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгожээ.
Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй төсөв, санхүүгийн бодит дэмжлэг юм.
Үр дүнд нь 39 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 350 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинээр 1,500 орчим ажлын байр бий болжээ.
Эдгээр эерэг, нааштай үр дүн нь төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн бодлого, зорилт нэг байж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч болдогийн бодит жишээ гэж үзэж байна.
Харин одоо монголчууд бид 60 гаруй сая буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж, ашигладаг болох ёстой.
Ганцхан жишээ дурдахад бид жилдээ 30 мянган тн хонины ноос бэлтгэх боломжтой ч үүний 70 гаруй хувийг нь нэмүү өртөг шингээлгүй, зөвхөн угаагаад гадагшаа гаргаж байна.
Хэрэв дотооддоо бүрэн боловсруулж чадвал энэ салбарын орлого 2-3 дахин нэмэгдэж, ард иргэд, малчдын орлого, амьжиргаа сайжрах боломжтойг олон судалгаа харуулдаг.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт жил ирэх тусам эрчимжиж, ган зудын давтамж нэмэгдэж байгаа нь бидний амьдралд хүндээр тусах боллоо.
Өнгөрсөн хаврын зуд турханаас шалтгаалж нийт мал сүргийн 15 орчим хувь буюу 9.4 сая мал хорогдож, төр, засаг, түмэн олон тэр дундаа орон нутгийн иргэд, малчид томоохон хохирол амслаа.
Цаашдаа тэнгэр хангай хэзээ муудах бол, хэзээ ахиж зуд болж хэдэн малаа алдах бол гэж айж, сэтгэл зовнин суусаар байх уу?
Үүнийг шийдэх үндсэн арга бол үйлдвэрлэлээ хөгжүүлж, малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулж, ашиг шимийг нь бүрэн гүйцэд авч, ард иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах явдал юм.
Тиймээс малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг эрс нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, УИХ-аас 63 дугаар тогтоол баталж, бодитоор хэрэгжүүлж эхэлж байна.
Үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм.
Энэ зорилгод хүрэхийн тулд ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд нийтдээ 2.2 орчим их наяд төгрөгийн өртөгтэй татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй, урт хугацаатай санжүүжилт гээд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолд тусгаж, төрийн 12 байгууллага хамтран ажиллахаар болсон.
Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй төрийн дэмжлэг гэж ойлгож болно.
Зөвхөн 2025 онд гэхэд л 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан.
Өнгөрсөн нэг сар хүрэхгүй хугацаанд 90 гаруй тэрбум төгрөгийн зээлийг ноос, ноолуур, арьс, ширний зургаан аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ ташрамд үйлдвэрлэгч улс орон болох их үйлсийг дэмжин ажиллаж байгаа банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье.
“Цагаан алт” хөдөлгөөн амжилттай хэрэгжих эсэх нь дан ганц салбарын яамны биш, төрийн бүх байгууллагын ажлын уялдаа холбоо, үүрэг, хариуцлага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Мөн уг хөдөлгөөнийг үр дүнтэй, шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, эрдэмтэн судлаачид маань санаачилга гарган “Цагаан алт” төрийн бус байгуулага болон “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.
Та бүхэнд талархал илэрхийлж, “Цагаан алт” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлагаа дайчлан үр дүн гарган ажиллахыг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдэх, гарц гаргалгааг хамтдаа тодорхойлох зорилгоор өнгөрсөн хугацаанд есөн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллалаа.
Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань дэд бүтцээ сайжруулах, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх, техник, технологийн шинэчлэл хийх, үйлдвэр үйлчилгээ, лабораториудын хүчин чадлыг сайжруулах, борлуулалт, экспортын зах зээлийг тэлэх, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.
Цаашид:
– “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атрын 4” үндэсний хөдөлгөөнийг уялдуулж, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах,
– Бүсчилсэн хөгжлийн хүрээнд “Эмээлт” болон бусад аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг чангатгах,
– Малчин, үйлдвэрлэгчдийн хоорондох Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлууд, бусад татаас, урамшуулал, Аж ахуй нэгжийн орлогын татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой санал, зөвлөмжүүдийг сайтар судлан шийдвэрлэх,
– Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй техник, технологи, инновац ашиглах, малын эрүүл мэнд, гарал үүсэл, чанарын тогтолцоог сайжруулах,
– Төрийн худалдан авалтыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх, гадаад зах зээлд монгол бүтээгдэхүүнийг сурталчлах, брендинг хөгжүүлэх,
– Салбарын хүний нөөцийн дутагдалтай байдалд онцгой анхаарч, богино хугацаанд нэмэгдүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэн сургах нь чухал байна.
Дээрх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя.
Мөн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэн үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, шударга бус үйлдлийн талаарх санал, гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд түргэн шуурхай, баримт нотолгоотой мэдэгдэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Аливаа шударга бус үйлдэл, хээл хахууль, авлига, хүнд суртлыг таслан зогсоох нь дан ганц хууль, шүүхийн байгууллагын ажил төдий бус харин ард түмэн, улс үндэстнээрээ хамтран тэмцэх ёстой бүх нийтийн үйл хэрэг юм.
Ингэж байж бид нийгэмд шударга ёсыг тогтоож, сайхан Монгол Улсаа цогцлоон хөгжүүлж чадна.
Эрхэм нөхөд өө,
Манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог, эдийн засгийн уламжлалт салбар билээ.
Тиймээс энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлж, хүн бүрийн амьдралын чанар сайжрах онцгой чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа, олон мянган жил мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бид мал аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлээ дэлхийн жишигт хүргэн, шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж, үйлдвэрлэгч, экспортлогч орон болох учиртай.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэж байна.
Харин төр, засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.
Өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Улс төр
Завхан аймагт “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Улиастай суманд ажиллалаа. УИХ-ын дарга Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 37 сумаар ажилласны дараа ийнхүү Улиастай сумын иргэдтэй уулзав. Баруун бүсийн аймгуудад энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төсөвт тусгаснаас Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгаа аж.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улиастай сумын иргэдтэй уулзах үеэрээ бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд туссан ажлуудаас танилцуулж, нэн тэргүүнд аймгийн төв, сум, хилийн боомтуудыг хооронд нь авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлнэ гэдгийг тодотгов. Улиастай-Алтайг холбох 178 км хатуу хучилттай авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Уг төслийн үр дүнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм. Түүнчлэн Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь завханчуудын хувьд худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох юм гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Уг төслийн хүрээнд Түдэвтэй сумыг холбох 3.6 км, Баянхайрхан сумыг холбох 1.5 км, Тэс сумыг холбох 1.4 км салаа холбоос зам, гэрэлтүүлгийн хамт хийгдэнэ.
Анх 1976 онд байгуулагдсан Арцсуурь боомтоор Завхан болон Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгийн иргэд ОХУ-тай экспорт, импортын худалдаа эрхэлж, ялангуяа орон нутгийн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой гэдгийг УИХ-ын дарга илтгэлийн үеэр дурдлаа. Эдгээрээс гадна аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр эхлүүлэхээр улсын төсөвт тусгасан бол Солонготын давааны 12 км хатуу хучилттай замыг мөн энэ онд барина гэлээ.
Парламентын баталж буй хууль тогтоомж, бодлого шийдвэр нь хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарч, хүн төвтэй үзэл санаа бүхий хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөгөө баталсан талаар УИХ-ын дарга танилцуулав. Энгийнээр хэлбэл хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах, эсхүл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, хууль нь бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх үзэл санаа юм.
Уулзалтад оролцогчид Завхан аймгийн хөгжлийг хурдасгахад хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид түлхүү анхаарах ёстой гэдэгтэй санал нэгдлээ. Улиастай сумын иргэдийн зүгээс сум, орон нутагт бүх насныхны хэрэгцээнд суурилан аялал жуулчлал, амралтын бүс байгуулах, аймгийн төвийн номын сангийн барилгыг шинэчлэх, ахмадын ордны үйл ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон өргөтгөлийн асуудал зэргийг дэвшүүлж байв. Мөн Дөрвөлжин сумын Бага нуурын ус ширгэж, ойр орчмын ан амьтан, шувууд хоргодож байгааг анхааралдаа авч, “Нэг сум-нэг нуур” төсөлд хамруулж өгөхийг хүсэв. Сумын Засаг даргын тавьсан хүсэлтийн дагуу хөв цөөрөм байгуулах байршлуудын хүрээнд мэдээлэл өгч, Бага нуурын усыг даруй шинжилж, холбогдох арга хэмжээг авахаар Усны газрын дарга З.Батбаяртай зөвшилцлөө. Улиастай хотын цаашдын усны хангамжийг шийдвэрлэх зорилгоор Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулахаар болжээ.
Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээл олголт, зарим импортын барааны гаалийн татвар, орон нутаг дахь түлш, шатахууны үнийн зөрүү зэрэг асуудлыг хөндөж, саналаа хэлцгээсэн юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай нар Улиастай суманд болсон Хоршоологчдын зөвлөгөөнд оролцлоо. Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй хоршоологчдын төлөөлөл чуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зээлийн олголт, эргэн төлөлт, татвар болон даатгалтай холбоотой зохицуулалт, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 8971 шинэ хоршоо байгуулагдаж, 88000 гаруй малчин гишүүнээр элсжээ. Завхан аймгийн хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зөвлөгөөний үеэр хоршоологчдын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах, төрөөс тогтвортой бодлогоор дэмжин ажиллахад анхаарна гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр орлогоо бодитоор нэмэгдүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, урт хугацааны өгөөжийг хадгалахад “Шинэ хоршоо” хөдөлгөөн олон талт боломжоор хангаж байгааг тодотгов. Цаашид дундын хоршоог байгуулж, бүс нутгийн онцлох аж ахуйд суурилан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд түлхүү анхаарахыг уриаллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд Уинстон Питерс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд Уинстон Питерс 2025 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд 2013 оноос хойш хэрэгжиж буй өндөр түвшний айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна.
Айлчлалын үеэр Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
Яриа хэлэлцээний үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, тухайлбал эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцоно.
Монгол Улс, Шинэ Зеланд Улстай 1975 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
-
Нийгэм11 цаг өмнө
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийнхан дэд бүтцийн асуудал хариуцсан инженер техникийн ажилчидтай уулзлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Манай улсад хавдрын хими эмчилгээний 40 гаруй төрлийн эм хэрэглэгдэж байна
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбаатарт 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ
-
Нийгэм15 цаг өмнө
“Шинь шинь”-ийн бас нэгэн ШИНЭ амжилт
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Гашуунсухайт-Ганцмод” боомтод ажиллаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа
-
Нийгэм12 цаг өмнө
Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ