Улс төр
Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо

Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон онцлох ажлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.
–Улсын Их Хурлын намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Төсвийн төслийг гурван удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадлаа. Иргэдэд 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл хэрхэн яаж ажиллах нь сонин байсан болов уу. Магадгүй шүүмжлэлтэй нүдээр харсан байх.
Төсөв батлахаас гадна гацаанд орж, хөдөлгөж чадахгүй байсан олон том мега төслүүдийг урагшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргаж чадлаа. Өмнө нь улстөржилтөөс болоод зөвшилцөлд хүрч чадахгүй байсан гэж хэлж болно. Хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх чухал үе тохиож байна. Үүгээрээ 126 гишүүнтэй шинэ парламент улс төржилтөөс ангид байхаа харуулж чадлаа. Мэдээж цаг үе нь зөв таарлаа. Ерөнхий сайдын хувьд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэхэд өмнөх Засгийн газрын үед хийсэн яриа хэлэлцээр, бэлтгэл ажлууд сайн хангагдсан байна. Тиймээс УИХ-аар хэлэлцэн батлахад дэмжлэг сайтай байлаа.
-УИХ ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэхүү стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. УИХ-ын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнөөс хэрхэн ялгарах бол?
-Байгууллага бүр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг. Парламент ч мөн ялгаагүй. 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 2019 онд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. УИХ 2020-2024 онд стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлсэн. Тэр үед иргэд, олон нийтийн зүгээс парламентын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна, юуг илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэдэг дээр судалгаа хийж түүнийгээ үндэслээд D-Parliament цахим платфорыг хөгжүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлтээр парламентын хяналт, шалгалтыг сайжруулж олон сонсголыг амжилттай зохион байгуулсан.
Иргэд, олон нийтийн зүгээс социологийн судалгаагаар парламентад итгэх итгэл нэмэгдсэн гэж гарсан. Нөгөө талдаа парламентыг илүү нээлттэй болгож, хууль, эрх зүйн механизмуудыг илүү сайжруулах, УИХ-аас баталсан хуулиуд төрд илүү их эрх мэдэл олгосон, төрийг данхайлгасан, бүтцийг нэмэгдүүлсэн хуулиуд гарч байна гэсэн шүүмжлэл иргэдээс ирэх болсон. Хууль иргэд, олон нийтэд үйлчлэхгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөнд УИХ хүний эрхийг боомилсон, зөрчил үүсгэсэн хуулиудыг хэлэлцэхгүй, батлахгүй байхаар тусгасан. УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хороодоос байгуулагдсан ажлын хэсгүүд үүнд хяналт тавьж ажиллана.
Улсын Их Хурал хяналт шалгалт хийх газартай болсон. Зөвхөн хууль батлаад өнгөрдөг биш баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудыг хүний эрхийн хувьд дэвшилтэт болгох чиглэлээр ажиллаж байна.
Олон салбарын төлөөлөл болсон гишүүд салбарынхаа хуулиуд дээр түлхүү ажиллаж байна. Зарим нь батлагдсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж байна. Жишээ нь Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахлан ажиллаж байна. Мөн УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ажлын хэсгийг М.Мандхай гишүүн ахлан “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улсын Их Хурал зүгээр л хууль батлаад өнгөрөх биш араас нь хяналт тавьж ажиллах төлөвлөгөөг бид боловсруулсан.
–Хууль тогтоомж цаг үетэйгээ нийцсэн, хүн төвтэй байхыг чухалчилж байна. Энэ талаар тодруулбал?
-Ес дэх удаагийн парламент Стратеги төлөвлөгөө, “Гурван төгөлдөршил”-ийн нэг үндсэн чиглэлийг хүн төвтэй байхад чиглүүлж байна. Улсын Их Хурлаас олон хууль тогтоомж батлагдан гарч байгаа ч зарим талаараа цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.
Банк, санхүү, эдийн засагтай холбоотой хуулиуд гэхэд 1990-ээд онд батлагдсан, зарим зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлтүүд хийгээд явж байна. Суурь үзэл баримтлалын хувьд 30 гаруй жил болчихсон. Одоо үед тэрхүү үзэл баримтлалаар нийгэм, эдийн засгийг чиглүүлж явахад хэцүү болж. Тиймээс эдгээр хуулиудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Цаг үеэ мэдэрч, хөл нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй. Хоёр жилийн дараа, таван жилийн дараа ийм асуудал үүсэх нь гэдгийг харж, тооцоолж дэмжих хөшүүргүүдийг хийдэг байх ёстой. Дийлэнх хуулиудад байгууллагын эрх, бүтцийг голчилсон байна. Иргэдийг бухимдуулж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүйгээс маргаан дагуулж байна. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах талаар зохицуулалт байхгүй. Хуулиас давсан журмууд их байна.
УИХ ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдээс боловсруулсан санал дүгнэлт, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Улс төр
Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.
Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтсан юм.
Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
Энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд 2013 оноос хойш хэрэгжиж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй айчлал гэдгээрээ онцлог юм.
Улс төр
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Дэлэгийн Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
- Анагаахын шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан удам зүй, дархлал судлал, молекул биологи судлалыг хөгжүүлэх, анагаах ухааны сургалтын тогтолцоонд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх сургалтын арга зүй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл туурвин, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, сурган дадлагажуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Балдандоржийн Амаржаргал,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын Ичинноров,
Гавьяат тамирчин цолоор:
- Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баттүвшингийн Билгүүн,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Дамбадаржаагийн Довдондэмбэрэл,
Гавьяат малчин цолоор:
- Увс аймгийн Зүүнхангай сумын малчин, Улсын аварга малчин Цагаанхүүгийн Балжинням,
Гавьяат техникч цолоор:
- “А-Жет Авиэйшн” ХХК-ийн навигацийн инженер Үржингийн Жамсран,
Гавьяат уурхайчин цолоор:
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн дарга Дэндэвийн Нямдорж,
Гавьяат багш цолоор:
- Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Цагааны Баасандорж,
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор Тангаагийн Мөнхцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Цогт-Очирын Гүнчин-Иш,
- Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Цэдээгийн Цэвэлмаа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- Чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш Болдын Энхболд,
Гавьяат жүжигчин цолоор:
- Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Отгоны Гэрэлсүх,
Гавьяат тариаланч цолоор:
- “Алдар тулга” ХХК-ийн захирал, Улсын тэргүүний тариаланч Баастын Найдан,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- “Цээг” ХХК-ийн захирал Лхагвын Цэрэндорж,
- Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Буяндэлгэрийн Сайнбаяр,
- Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Любагийн Эрдэнэчулуун,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Нийтийн тээврийн салбарын ахмад ажилтан Дамдинсүрэнгийн Энхбаяр,
- Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Жамъянсүрэнгийн Баатарсуурь,
Алтан гадас одонгоор:
- Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Бадарчийн Болортуяа,
- Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, оёдолчин
Эрдэнийн Одонтуяа,
- “Сүлд” зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн Дамдинсүрэнгийн Мөнхбат,
- “Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Янсанжавын Наваан,
- Мотоспортын олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Ган-Од,
- “Очирням” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Чулуунбатын Баярсумъяа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын шинжээч Энхбаярын Тэлмүүн,
- “Мөнх Ган Ундарга” ХХК-ийн менежер Ганбаатарын Хосбаяр нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.
Улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр 2025 оны 02 дугаар сарын 25-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг БНХАУ-д айлчилж буйд баяртай байна гээд, уул усаар холбогдсон сайн хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын даргын хувиар гадаад айлчлалаа мөнхийн хөрш БНХАУ-аас эхэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Тэрбээр, Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэгийг дурдаад, хоёр талын парламент уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Монгол, Хятад хоёр улсын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 5 дахь удаагийн хуралдаан өнгөрсөн жил буюу хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизм бий болсны 10 жилийн ой тус тус тохиосон чухал жил зохион байгуулагдсан бөгөөд механизмын хурлыг энэ удаад Монгол Улсад зохион байгуулна. Тус механизмын хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын зүгээс баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэвшилтэт технологийг ашиглах болон мэдээллийн технологийг нэвтрүүлэн хэвшүүлж байгаа талаарх туршлага хуваалцах талаар талууд санал солилцов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, иж бүрэн зохицуулалттай, цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх “Гурван төгөлдөршил” бодлогыг баримтлан ажиллаж буйгаа онцоллоо. Тэрбээр хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, тэр дундаа дэд бүтэц, боомтын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт технологи, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх саналаа илэрхийлэв. Монгол, Хятадын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулах хүрээнд ирэх онд батлагдах БНХАУ-ын 15 дахь удаагийн таван жилийн төлөвлөгөөнд талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг тусгах талаар харилцан санал солилцлоо.
Боомт, дэд бүтцийн хамтын ажиллагааны хүрээнд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсантай холбогдуулан ойрын хугацаанд парламентаар холбогдох хуулийг соёрхон батлан, бүтээн байгуулалтыг эхлүүлэх талаар ярилцав. Үүнтэй холбогдуулан Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлэх, мөн Булган-Такашикен боомтын өргөтгөл, баруун бүс дээр худалдаа, эдийн засгийн хоёр дахь боомтыг байгуулах, баруун бүсийн хүн амын зах зээлээс алслагдсан байдлыг арилгах, бүс нутгийн хэмжээнд байгаа Орос, Монгол, Хятадын 30 гаруй сая хүн амын зах зээлийн төвлөрлийг бий болгох чиглэлээр ярилцлаа.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв, говийн бүсийг эрчим хүчний дэд төв болгон зарласантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох хүрээнд судлагдсан талбайд том чадлын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станц барьж, цахилгаан эрчим хүчийг БНХАУ руу экспортлох боломжийн талаар ярилцав.
Мөн талууд хамтын ажиллагааны шинэ чиглэлийн талаар санал солилцож, өндөр технологийн хөгжил, хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах хүрээнд Монгол Улсын улаан буудай, гурил, тэжээлийг Хятад улсад экспорт хийх, анхан шатны боловсруулалт хийсэн малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жао Лөжи хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн чиглэлээр шинэ боломжуудыг эрэлхийлэхийг зорьж буй талаар онцлов. Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, найрамдлын бүлгүүд болон орон нутгийн хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцохыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.