ЖУУЛЧИД МОНГОЛД ХЭДЭН АМ.ДОЛЛАР ҮЛДЭЭДЭГ ВЭ?
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 онд 1 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавьж, энэ тухай сайд нь мэдэгдэл хийсэн билээ. Одоо жилд 500-600 мянган жуулчин хүлээн авч байгаа юм.
Энэ оны эхний улирлын мэдээллээр манай улсад 75 мянга гаруй жуулчин ирж, 76,3 сая ам.долларын орлого оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буюу 8,5 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний улиралд буюу өвөл нэг жуулчин Монголд 1000 ам.доллар зарцуулсан гэсэн үг. Тэгвэл Монголбанкны судалгаагаар улирал хамаарахгүйгээр нэг жуулчин Монголд дунджаар 14 хоног саатдаг бөгөөд 1800 орчим ам.доллар зарцуулдаг байна. Үүнд зочид буудал, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүд, бэлэг дурсгал авах гэх мэт олон зүйл багтана.
Тиймээс энэ жил Монголд 600 мянган жуулчин ирнэ гэж тооцвол тэд манайд тэрбум гаруй ам.долларын орлого оруулах магадлалтай гэсэн үг.
МОНГОЛ УЛСАД ЖУУЛЧДЫН ХАМГИЙН ИХ АЯЛДАГ НУТГУУД:
Жуулчдын хамгийн их сонирхол татдаг нутаг нь Монголын их говь юм. Учир нь манай говь хүн төрөлхтөний эртний түүх, археологи палентлогийн нэн ховор олдворууд олдсон нутаг билээ. Говь нутгийн дараа Хөвсгөл нуур, Тэрэлжийн сав газар, Алтай Таван Богд багтана. Үүнээс Алтай Таван Богд нь мөсөн гол, нуураараа жуулчдын сонирхлыг татдаг. Мөн Хархорин Эрдэнэзуу, Орхон голын хөндий, Хустайн нуруу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Цагаан суварга гэх мэт байгалийн үзэсгэлэнт газрууд жуулчдын сонирхон очих дуртай газруудад багтдаг.
ЖУУЛЧДЫН ХУДАЛДАН АВДАГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮД:
Аливаа улсаар аяласан жуулчид тухайн улсын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг худалдаж авдаг. Эдгээр нь тухайн улсын түүх болон хөгжил дэвшлийг сурталчилдаг. Тэгвэл манай улсад ирсэн жуулчдын хамгийн их сонирхож худалдаж авдаг чанар, чансаагаараа жуулчдын таашаалд нийцдэг брэндүүд бол 30 гаруй жилийн түүхтэй “Говь” ХК-ийн ноолууран эдлэл. Мөн 100 орчим жилийн түүхтэй АПУ компанийн ууган брэнд “Чингис Грандхаан” нь Монголыг илэрхийлэх идээний дээд гэдэг утгаар нь жуулчид сонгон худалдан авдаг. Түүнчлэн манай орны байгалийн үзэсгэлэнт газруудын уран зураг, фото зураг, мөнгөн тэмдэгтүүд болон уламжлалт хэв маягийг орчин үетэй төгс хослуулсан “Таван нүдэн” брэндийн цуглуулга нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг байна.
ЖУУЛЧДАД ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТӨРҮҮЛЬЕ
Аялал жуулчлал хурдацтай хөгжиж буй Зүүн Өмнөд Азийн орнууд сүүлийн 30 жилд жуулчдад хамгийн ээлтэй бүсэд тооцогдох болсон. Учир нь тэдний гол орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал. Тиймээс иргэн бүрийн жуулчдад эерэг, таатай хандах хандлага нь хүссэн хүсээгүй нэмэгджээ. Жуулчдыг тосож авахаас эхлүүлээд үдэн гаргах хүртэл бүх үйлчилгээнд найрсаг, соелтой, эерэг хандлагаар үйлчилж эх орноо сурталчлах нь их хотын залуусын хийгээд иргэн хүний эх орныхоо төлөө хийж болох хамгийн энгийн бөгөөд үнэтэй хувь нэмэр юм. Тиймээс монголчууд бид нүүдэлчин өвөг эцгээс өвлөгдсөн найрсаг зангаараа жуулчдад үйлчлэх нь тэдний Монгол руу дахин ирэх хүслийг нь төрүүлэх биз ээ.