Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэл үргэлжилж байна.
“Уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагууд өнгөрсөн жилийн ололт амжилтаа тайлагнаж, ард түмэндээ хамгийн сайн сайхнаа үзүүлэхийг зорин бүх чадлаараа ажилладаг үе яг одоо болж байна” хэмээн Наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий продюсер, МУСТА Б.Отгонбат хэллээ. Түүнтэй их ажлынх нь хажуугаар товч ярилцаж энэ жилийн наадмаас онцлох зүйлсийг тодруулсан юм.
Нэг. “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл”
Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан зохион байгуулж байгаа ажээ.
“Үйлдэл бүрийг утга төгөлдөр байлгахын төлөө ажиллаж байгаа. Бас нэг онцлох зүйл нь ” хэмээн Б.Отгонбат продюсер хэлж байв.
Хоёр. Нээлтийн тоглолт тэгш ойнуудад зориулсан хэсгүүдээс бүрдэнэ
Энэ жилийн хувьд Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил, Богд хааны мэндэлсний 150 жил, Атар газрыг эзэмшсэний 60 жилийн тэгш ой тохиож байгаа юм. Түүх, нийгмийн чухал хүн, дэвшил дагуулсан дээрх түүхэн ой тус бүрт зориулсан хэсгүүдээс бүрдэх нээлтийн ёслолын ажиллагаа нэг цаг 30 минут үргэлжлэх юм байна.
Түүнчлэн Хүннү гүрэн, Их Монгол улс байгуулагдсан тухай болон Эзэн Чингис хааны тухай хэсгүүд нээлтийн тоглолтод багтаажээ.
Гурав. Чингис хааныг алтан титэмтэйгээр харуулна
Наадмын нээлт хаалтын тоглолтод оролцох 800 гаруй хүнд зориулан шинээр хувцас оёж байгаа. Хувцасны загвар гаргах ажил хоёр сарын өмнөөс эхэлж, сар гаруй өмнөөс санхүүжилт шийдэгдэн оёдлын ажил эхэлсэн ч олон хүний бүрэлдэхүүнтэй шахуу ажилласны үр дүнд үндсэндээ оёдол дуусаж, жижиг чимэглэлийн ажил үргэлжилж байгаа юм байна.
Энэ жилийн наадмын хувцасны загварыг гаргаж буй загвар зохион бүтээгч Д.Ариундэлгэр“Манай түүхэн кино, жүжиг дээр хувцсыг археологийн олдворын өнгөөр нь үзүүлээд байдаг. Хэдэн зуун жид дарагдсан, хорхой шавж идсэн өнгөөр нь харуулах нь түгээмэл. Гэтэл Хүннүгийн үед, XIII зуунд ч гэсэн хүчирхэг, эдийн дээдийг эдэлж байсан ард түмэн тийм гандсан хувцас өмсөж байгаагүй байх. Алтан утсаар нэхсэн торгоор хувцас урлаж өмсөж байсан язгууртан ард түмэн гэдгийг түүхэн эх сурвалжуудаас харж болно. Тухайн үеийн жирийн ардын өмсөж байсан дээлний ширээс оёдлын урыг одоо ч Европт дуурайж хийж чадахгүй байна. Тиймээс түүхэн таамаглал дэвшүүлсэн маягаар хувцасны загварыг гаргасан.
Чингис хааныг алтан титэмтэйгээр олон нийтэд харуулж байгаагүй. Түүхчид бол тийм дүрслэлийг мэддэг. Тиймээс анх удаа алтан титэмтэйгээр харуулахаар бэлдэж байна” хэмээн ярив.
Дөрөв. “Эвлэх, нэгдэх, цэгцтэй байх зарчмыг ард олондоо харуулахыг гол зорилгоо болгож байна”
Энэ жилийн хувьд соёл урлагийн салбарынхан, мэргэжлийн урлагийн байгууллагууд маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр наадмын арга хэмжээнд оролцож байгаа юм байна. Тодруулбал, ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2,000 шахам уран бүтээлч, 600 цэргийн алба хаагч, арын албанд 300 орчим хүн ажиллаж байгаа ажээ.
“Соёл урлагийн салбарынхан эвлэх, нэгдэх, цэгцтэй байх зарчмыг ард олондоо харуулахыг гол зорилгоо болгон аливаа нэгэн хувийн үзэл бодол, уран бүтээлийн өнцөг, арга барилаас илүүтэй төрт ёсны арга хэмжээгээ хүндэтгэн гар нийлэн ажиллаж байгаа” хэмээн Б.Отгонбат продюсер ярилаа.
Тав. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээг 600-750 сая төгрөгт багтаан зохион байгуулдаг
Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертыг 150 сая, Төв цэнгэлдэх хүрээлэн дэх нээлт, хаалтын арга хэмжээг 600-750 сая төгрөгт багтаан зохион байгуулдаг.
“Энэ төсөв хэзээ ч, аль ч наадмаар зохион байгуулалтын зардалдаа хүрч байгаагүй. Тиймээс бидний зүгээс томоохон ААН, хувийн хэвшлийнхнээс дэмжлэг авч, наадмаа сайхан хийчих юмсан гэсэн уран бүтээлчдийнхээ хүсэл зорилгоор болгож, бүтээсээр ирсэн” хэмээн Б.Отгонбат продюсер хэлж байв.
Энэ жилийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой”, “Дашваанжил”, “Эм Си Эс” компаниуд дэмжлэг үзүүлж байгаа ажээ.