Бусад
Увс аймаг олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай боллоо

Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын аэродромын явгалах замд өргөтгөл хийж, наймдугаар сарын 22-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа.
Хархираа хайрханы өвөрт орших 330 гаруй жилийн түүхтэй Улаангом хотод анх 1956 оны намар хоёр эсгий гэртэй сууриа тавьж байсан “Дэглий цагаан” нисэх буудал эдүгээ улам бүр өргөжиж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад орууллаа. Ингэснээр улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаа юм.
Увс аймгийн ЗДТГ болон Увс АЗЗА ХК-иудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаан шугам хүлээлцэж тус ажлыг эхлүүлсэн. Нийт явгалах замын хэмжээг 415.6х15 метрээс 415.6х18 метрийн өргөнтэй болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 500 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий энэ ажлыг “Ростов” ХХК-ны зураг төслөөр технологийн дагуу хийж гүйцэтгэжээ.
Алслагдсан аймаг руу хийх нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдүүлэх зорилготой Засгийн газраас баталсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг энэ өвлийн улирлаас хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг албаныхан хэлж байна.

Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс энэ оны 3 дугаар сард “Дэглийн цагаан” нисэх буудалд хилийн боомт байгуулахаар тогтсоны дагуу олон улсын нисэх буудал болгох асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх шатанд байна. Ингэснээр “Дэглий цагаан” нисэх буудал нь хөрш орнуудын хил орчмын хотууд хооронд агаарын тээврийн үйлчилгээгээр холбогдож, бүс нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцааг сайжруулах, цаашлаад бүс нутгаар дамжин олон улсын агаарын замд хүрэх бололцоог хангах юм.
Мөн сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын нисэх буудал болоход ойрхон байна хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн Увс аймаг нь малын гоц халдваргүй бүс бөгөөд ОХУ, Казахстан зэрэг улсуудаас олон жилийн турш санал болгосоор ирсэн малын мах экспортлох асуудалд ахиц гарч, улс орны эдийн засаг хүрээгээ тэлэх боломжтой.

Нисэх зурвасын нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон Орон нутгийн удирдлагууд оролцов гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.