Хар ялаа ихэсч, баавгай айлын хот руу дайрсан тохиолдлыг иргэд Сибирийн түймэртэй холбон тайлбарлаж буй. Харин энэ нь хэр үндэслэлтэй болохыг МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, профессор Р.Сумъяагаас тодрууллаа.
-Сибирийн ой түймэрт өртсөнтэй холбоотойгоор Монголд хар ялаа болон баавгай орж ирж байгаа талаар зарим хэвлэлүүдэд мэдээлж байна. Хар ялаа ихэсч, баавгай орж ирэхийн эерэг болон сөрөг тал нь юу вэ. Сөрөг тохиолдолд нь ямар арга хэмжээ авбал зохимжтой вэ?
-Хар ялааны тухай сайн мэдэхгүй байна. Намар болоход ялаа элбэг болдог нь байгалийн жам ёсны үзэгдэл. Энэ жил бороо элбэг байсан тул ургамлын ургац сайн, бас амьтдын тоо толгой ч элбэгшиж байх учиртай. Шумуул гэхэд энэ жил урьд урьдаасаа элбэгшсэн. Харин баавгай Сибирийн түймрээс болж элбэгшиж байгаа гэдэгт нэг их итгэхгүй байна. Зарим мэдээлэлд хар баавгай гэж ч бичиж байна.
Сибирьт Азийн хар баавгай биш, харин Сибирийн хүрэн баавгай л амьдардаг. Амьтан бүхэн өөрийн идээшил нутагтай байдаг. Идээшил нутагтаа амьтад хоолоо олж идэх, нуугдаж хоргодох газраа олох, биеэ хамгаалах боломж нь илүү байна. Их талбайг хамарсан түймэр гарснаас болж баавгай алс газар нүүдэллэж байгаа гэдэгт нэг их итгэхгүй байна.
Амьтан дайжаад өөр нутагт орж ирлээ гэхэд түүний эерэг, сөрөг талыг үнэлнэ гэдэг хүмүүн бидний хувиа хичээсэн аминчхан үзэлтэй л холбоотой. Эерэг, сөрөг тал гэдгийн цаана энэ амьтан надад хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг санаа л агуулагдаж байгаа юм. Нутаг хайж яваа ямар нэг амьтанд саад тотгор учруулахгүй байх нь монголчуудын эрт дээр үеэс мөрдөж ирсэн уламжлал.
-Баавгай айлын хоттой хонь руу дайрч, “танхайрсан” тохиолдол сүүлийн үед нэлээд гарч байна. Баавгай элбэгшээд байгаагийн шалтгаан нь юу вэ?
–Хэнтийн нурууны ойтой газрын захаар л ийм тохиолдол ажиглагдаад байх шиг байна. Энд тэнд үзэгдээд, хүн амьтан айлгаад байгаа баавгай бол манай нутгийн л баавгай. Энэ нь бас үндэслэлтэй гэж бодож байна. Энэ жил Хэнтийд самар, жимс ургаагүй. Хушны самар, байгалийн бүх төрлийн жимс, жимсгэнэ баавгайн намрын идэш тэжээлийн зайлшгүй бүрдэл хэсэг.
Тэжээл хомс болсноос баавгай тэнэх нь элбэг болно. Нөгөө талаар ихэнхдээ залуувтар баавгай үзэгдэх болсон тухай мэдээлэл бий. Баавгай олширсноос залуу баавгай шинэ орон зай хайж явах магадлалтай. Гэхдээ энэ талаар байнгын ажиглалт, судалгаа хийж байж л үнэн зөв дүгнэлт гарна. Манай орны хувьд тайгын амьдрал хайхрах эзэнгүй байна. Дархан газрын захаар энд тэнд суугаа хэдэн байгаль хамгаалагчид байгаль, ан амьтандаа нүд, чих тавих нь ховор болсон.
Өөр нэг ноцтой шалтгаан байж болохыг үгүйсгэх аргагүй. Юу гэвэл, хүний хөл байгалийн зэрлэг амьтдын нутагт гүн нэвтрэх болсноос зөрчил үүсэх магадлал өндөр. Гар аргаар алт олборлогчид, хулгайгаар мод бэлтгэгчид, хууль бус ан гөрөө хийгчид тайгын гүнд нэвтрэх болсноор зэрлэг амьтны байршилд таагүй нөхцөл үүсч, орон нутгаасаа дайжих хандлага илэрч байж болзошгүй.
-Зэрлэг амьтад “танхайрах” нь цаг агаар тавгүйтэхийн дохио гэж учир мэдэх хүмүүс ярилцдаг. Магадгүй энэ жил хатуу өвөл ирэх юм биш биз гэсэн болгоомжлол зарим хүмүүсийн дунд байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Баавгай айлын хотонд орж ирж байгаа нь идэш хайж яваагийнх. Баавгай ичээлдэг амьтан. Ичээнд орохын өмнө тарга хүчээ сайтар нөөж авах ёстой. Намар хүйтний дохио эхлэхтэй хамт амьтан бүхэн өвөлдөө бэлтгэдэг. Оготно хүртэл хөеө хураана. Идэш тэжээл хомс байгаагаас тарга тэвээрэг авч чадаагүй баавгай тайван бус болох магадлалтай.
Зэрлэг амьтдын зан авирт тулгуурлан өвлийн шинжийг тандах боломж бий. Үүнийг био цагуурын салбар дагнан судалдаг. Зэрлэг амьтад түүхэн хөгжлийнхөө явцад байгалийн аясыг тандах “чадвар”-ыг эзэмшиж байдаг. Жишээ нь, оготно эртнээс хөеөгөө бэлтгэх, хөеөгөө их хэмжээгээр хураавал хатуу өвөл болохын дохио, гогой буюу хар галуу үүрээ засахдаа өндөр суурь бэлтгэвэл усны түвшин нэмэгдэхийг дохио гэж үзнэ. Баавгай ойгоос гарч сэлгүүцэх нь өвлийн шинжтэй холбоогүй, харин дээр дурдсанчлан намрын тэжээл хомс байгаатай л холбоотой болов уу гэж бодож байна.
Энэ дашрамд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Манай нийгэм элдэв дуулиан, цуу яриа, хөөрөгдлөөр дүүрэн “амьсгалах” болжээ. Мэдээлэл шуурхай дамжих болсноор “сенсаац” амархан газар авна. Хүний амьтай холбоотой асуудал бүр ч амархан тархана. Үнэн хэрэг дээрээ тийм олон баавгай гарч тэнээд, энд тэнд аюул тариад байгаа юу, үгүй юу гэдгийг нэг тийш болгох ёстой. Үнэхээр аюултай байдал үүссэн бол орон нутгийн захиргаа, цагдаа, байгаль хамгааллын байгууллага хамтран шуурхай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлийг зайлуулах ёстой. Харин “дайны хажуугаар дажин” гэгчээр хэт их хөөрөгдсөн цуу ярианд дөрөөлөөд баавгай агнах гэсэн ховдог шунахай нэгэнд завших боломж олгож болохгүй гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.