Энтертайнмент
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг тоглогдоно
Улсын драмын эрдмийн театрын 2019-2020 оны үзвэрийн жилийн нээлт энэ сард тохиож байна. Түүнчлэн тус театрын уран бүтээлчид нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулж “Монгол жүжгийн өдрүүд”-ийг зарлаж байгаа аж. Тухайлбал, УДЭТ-ын тайзнаа энэ сарын 17,18-нд 19:00 цагт, 19, 20-нд 18:00 цагт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, 25-нд 19:00 цагт, 26, 27-нд 18:00 цагт Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг тоглогдох аж.
Харин ирэх сард Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Э.Оюуны “Би эндээс явахгүй”, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч”, Ц.Балдоржийн “Хайрын виз” бүтээл үзэгчдэд хүрэх аж.
А.Амар
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.