Энтертайнмент
Е.Даваасүрэн: Хүн шиг амьдрахыг харуулахыг зорьсон МАМ киноны онцлог

“Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн уран бүтээл “МАМ” кино аравдугаар сарын 11-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Түгшүүрт аймшгийн төрөл жанрын энэхүү киноны гол дүр дээр ажилласан Е.Даваасүрэнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Монголын кино урлагт шинэ залуу гарч ирж байгаа жүжигчдийн нэг нь та. Энэ дүр таны анхны дүр үү?
-“МАМ” кино миний тав дахь уран бүтээлийн дүр. Анх “Анги” телевизийн олон ангит кинонд анхны дүр дээрээ ажиллаж байсан. Дараа нь “Ноход”, “Хүний цаана” зэрэг уран бүтээлд тоглосон.
-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон бэ?
– Би Эрдэнэт хотод төрж өссөн. Сурагч байхаасаа л урлагийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог байлаа, манай үеийнхэн сайн мэднэ. Найзуудаараа хамтлаг хүртэл байгуулж байлаа. Ер нь урлагт дуртай хүүхэд байсан даа. Жүжигчин болох нь миний багын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж явна. КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд одоо найзуудтай хамтран “Событ фильм” студийг байгуулаад кино урлагийн салбарт ажиллаж байна даа.
-Яг тэр жүжигчин шиг болно гэж бодож байв уу?
-Анх жүжигчин л болно гэсэн гэнэн дэврүүн мөрөөдөл л байсан. Харин сургуулиа төгсөөд жүжигчин болсноос хойш тийм бодол төрж эхэлсэн.
-Ямар?
– УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ. С.Болд-Эрдэнэ ахыг олон сайхан дүр бүтээсэн гайхалтай уран бүтээлч гэж боддог.
Яагаад “МАМ” гэж нэрлэх болсон юм бол?
–Киноны нэрийг ерөнхий найруулагч Б.Ганболд ах өгсөн. “МАМ” гэдэг нь үлгэр домгийн шумнус гэсэн утгатай. Энд нэг хөгжилтэй зүйл хэлэхэд нэг үзэгч маань” ээж минь намайг загнахаараа яадаг мам бэ гэдэг байсан, одоо мам гэж юу байдгийг энэ киноноос л харъя даа” гэсэн байсан. Энэ бол монгол үг. Маам, мама гэхмэтээр уншиж ойлгоод байгаа хүмүүс “Монгол хэлний хуучин үгийн толь” номноос харах боломжтой.
-Киноныхаа талаар товчхон ярьж болох уу?
–“Номадиа” пикчерс, “Хамба” фильм студи, “Событ” фильм, “Рояаль” мюзик хамтын уран бүтээл “МАМ” УСК 7-р сараас эхлэн зураг авалт хийгээд одоо эвлүүлэг дуусч, 10-р сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. Киноны товч агуулга гэвэл үйлийн үрийн тухай. “Чи энэ насандаа хэрхэн яаж амьдрана, тэр үйлийн үр чинь хэзээ нэгэн цагт өөрт юм биш гэхэд үр удамд чинь ирнэ, сайн ч бай муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй” гэсэн агуулгыг харуулсан.
Киноны дууг реппер Гинжин дуулсан нь анхаарал татсан?
-Гинжин бол энэ цаг үеийн сайн уран бүтээлчдийн нэг. Дуу уран бүтээлийг нь сонсдог бүхэл бүтэн үе байна. Кионы дуун дээр хамтран ажиллах болсон шалтгаан нь Гинжингийн уран бүтээлчийн характер, онцлог нь манай кинотой тохирохоор санагдсан тул хамтран ажиллах санал тависан. Манай саналыг сайхан хүлээн авч “Үхэл төгсгөл үү?” нэртэй дуугаа хийсэн. Дууны нэр, үг агуулга нь яг л “МАМ” киноны гол санаа болох үйлийн үрийн тухай юм. Хэн нэгэн үхлээ гээд бүх юм дуусчихгүй, хийсэн үйлийн үрээ өөрөө эдлээд зогсохгүй үе удамд нь хүртэл дамждаг гэсэн санаатай. Үг нь энгийн, хийц хэлбэр нь орчин үеийн сонсогчдын сонирхдог хэв маягтай “гоё” дуу болсон. Клипний зураг авалтыг киноныхоо уур амьсгалтай ойртуулж хийсэн.
-Таны ажилласан дүрийн онцлог юу байв? Өөр ямар жүжигчид кинонд оролцсон бэ? Дүр сонголтын тухайд…
-Дүр сонголт дээр “Хамба фильм” студийн продюсер Д.Золзаяа эгч ажилласан. Би “Событ фильм” студид харьяалагддаг. Дүрийн хувьд гэвэл өмнөх ажиллаж байсан дүрүүдээс ялгаатай.Түгшүүрт аймшгийн төрлийн хувьд ч гэсэн анх удаа ажиллаж байна. Миний дүр сэтгэлзүйн дарамттай, түгшүүрт далдын айдастай түүнийгээ бусдад илэрхийлэхэд зөрчилтэй учраас олон зүйлийг дотроо бодож тоглох хэрэгтэй байсан. Энэ дүр надаас жүжигчний хувьд сэтгэлзүй, бие махбодийн аль аль талаасаа өндөр шалгууртай, ур чадвар шаардсан сорилт болсон. Найруулагч Тука ах надад маш их зүйлийг зааж зөвлөж, сургуулилт хийж, шаардлагаа ч өндөр тавиж хамтран ажилласан. Төрийн соёрхолт МУ-ын Гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, мөн манай “Событ фильм” студийн жүжигчин Б.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал, ВГИК-ийн жүжигчний ангийн оюутан Т.Дашсурмаа гээд ахмад дунд шинэ залуу үе үеийн уран бүтээлчидтэй хамтдаа ажиллалаа.
Найруулагчийн тухайд юу хэлэх вэ?
Найруулагч Тука ахын уран бүтээл кинонуудыг өмнө нь мэддэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй, драм киног сайн хийдэг найруулагч гэж бодож явдаг. “Улаан дөрвөлжин”, “Орхидос”, “Хоёр амь” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн кино хийсэн. Тэр мундаг найруулагчийн уран бүтээлд тоглоно гэдэг нэг талаасаа асар их үүрэг хариуцлага тул сандарч байсан. Нөгөө талаасаа их урам авсан. Тука ахыг асар туршлагатай уран бүтээлч юмаа гэдгийг нь өдөр бүр зургийн талбайд мэдэрдэг байсан. Жүжигчидтэйгээ маш их тулж ажилладаг. Зохиол задлахаас эхлээд ширээний уншлага, зааварчилгаа өгөх, зарим тохиолдолд өөрөө тоглож үзүүлэх гээд ур чадвар, туршлагыг нь үнэхээр бахархсан.
-Киног багийн ажиллагаа гэж хардаг. Та бүхний хамтарсан баг хэр гар нийлж ажилласан бол? Энэ бүхэн нь мэдээж уран бүтээлийн чанарт нөлөөлдөг байж таарна.
Тэр мэдээж хэрэг. Манай хамтрагчид болох “Номадиа пикчерс”, “Хамба фильм” студи, “Событ фильм” студи, “Роял мюзик” продакшн бүгд бүх уран бүтээлчид, арын албаныхан сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаж чадсан. Одоо ч ажиллаж л байна. Кино бэлэн болмогц дуусчихдаг ажил биш. Бид газар нутгийн онцлог, зураг авалтын талбайн хувьд тохирч байсан учраас Булган аймгийн Хялгант тосгонд очиж зураг авалтаа хийсэн. Киноны нэг л хэсгийг авахад кино багийнхнаас гадна мэргэжлийн байгууллагууд, жирийн ард иргэдийн туслалцаа хөдөлмөр ч бас шингэдэг. Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн засаг дарга Б.Ууганбаяр, Гал түймэр унтраах 50-р анги, Цагдаагийн хэлтэс, дунд сургуулийн захиргаа, багш, ажилчид гээд олон хүн өөрсдийн нөөц боломжоороо тусалж оролцсон. Тэр бүгдэд маш их баярлалаа гэдгийг одоо ч бас хэлье. Хэдийгээр хамтын хөдөлмөр ч гэсэн ял гавъяаны аль аль нь найруулагч үүрч явдаг, бүтэн багийг удирдан толгойлж явна гэдэг маш том хариуцлага байдаг. Найруулагч Тука ах энэ үүргээ үнэхээр сайн мэддэг бас сайн гүйцэтгэж чаддаг юм билээ.
-Түгшүүрт аймшгийн киноны төрлөөр Монголд гарсан уран бүтээл цөөн байх?
-Миний мэдэхийн цөөхөн. Бид уран бүтээлчдийнхээ хувьд кино урлагийн бүхий л төрөл жанраар уран бүтээл хийж өөрсдийгөө сорьж, нөгөө талаас үзэгчдэд сайн бүтээл үзүүлэхийг хичээж явах учиртай. Тиймээс бид “МАМ” гэдэг киног түгшүүрт аймшгийн төрлийг сонгож хийсэн нь бас нэгэн алхам урагшилж, алдаж онож, суралцаж яваагийн илэрхийлэл боллоо гэж бодож байна.
-Уран бүтээлчдийн хувьд нэг бүтээлээр хязгаарлагддаггүй. Дараагийн уран бүтээл мэдээж бий байх?
-Тийм ээ. Дараагийн уран бүтээлээ хийж гаргах төлөвлөгөө гаргаад явж байгаа. Зохиол нь гараад дууссан. “МАМ” киноны дараа ирэх хавраас зураг авалт нь эхлэх болов уу гэсэн төлөвтэй байна.
-Монголын кино урлагийн салбар олон бүтээл нээлтээ хийж байна. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болох байх. Жүжигчин, хувь хүний хувьд кино урлаг манайд хэр хөгжиж байна вэ?
-Энэ бол кино урлагийн салбарын өөрийнх нь хөгжил явж л байгаа асуудал. Олон кино гарч байна. Зарим нь үүнийг зөв гэдэг. Өөр нэг хэсэг нь буруу гэдэг. Миний хувьд зөв. Олон киноны өрсөлдөөн дундаас чанаржина. Үзэгчид шилж үздэг болж байна. Алдсан нь алдаан дээрээ суралцаад явах байх. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд хэлэхэд олон уран бүтээл гарч байгаа нь сайн хэрэг. Зарим хүнд энэ нь таалагдахгүй байж магадгүй.
Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Танд бас баярлалаа. Үзэгчиддээ хандан хэлэхэд үндэсний контент, монгол уран бүтээлээ дэмжиж байдагт чинь талархаж явдаг шүү. Та бүгд бидэнд урам өгдөг, дүн тавьдаг хамгийн том хүч шүү. Баярлалаа.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм19 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм21 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм20 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр20 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна