Өхөөрдөм бяцхан үрсэд зориулан хайраа шингээж эхийн сэтгэлээр урладаг эгдүүтэй, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй, үндэсний үйлдвэрлэгч “Үр минь” брэндийг үүсгэн байгуулагч А.Уянгийг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа урилаа. Хоёр хүүхдийн ээж тэрбээр том хүүгээ асрахын хажуугаар хийх боломжтой бүхий л ажлыг судалсны эцэст хөвөн зөөлөн материалтай хүүхдэд зориулсан хувцас хийхээр шийджээ. “Хүүхэд өдөр тутамдаа өмсөх боломжтой хувцсыг хийх хэрэгтэй санагдсан. Гэртээ суудаг ээжүүдэд гадуур гарах зав төдийлөн байдаггүй. Тиймээс гэрээсээ хүссэн загварын хувцсаа хүүхдэдээ зориулан захиалж, хүргүүлээд авах боломжийг бүрдүүлэхийг зорьж, ажлаа эхлүүлсэн. 3-7 хоногийн хугацаатай захиалга авч, үйлдвэрлээд, гэрт нь хүргэж өгдөг байсан” гэв.
Гаднаас хүүхдийн хувцас импортоор их хэмжээгээр орж ирдэг. Тэднээс ялгарч байж үндэсний брэндээ хөгжүүлж, өөрсдийн үйлдвэрлэсэн хувцасны эрэлтийг нийгэмд нэмэгдүүлнэ. Тиймээс А.Уянга ээжүүдийн дунд “Хүүхдэдээ ямар хувцас өмсүүлбэл биед нь эвтэйхэн байх вэ” гэсэн судалгааг явуулжээ. Судалгаагаар ээжүүд гаднаас орж ирдгээс өвөрмөц, чанартай, эгдүүтэй харагдахуйц хувцас өмсүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Ээжүүдийн хүслийг биелүүлэхийн тулд дахин судалгаа хийх шаардлага түүнд тулгарчээ.
Хайраас төрсөн хорвоогийн хамгийн хөөрхөн үрсийн хувцсыг урлах учир А.Уянга илүү эрч хүчтэй ажиллаж, шинийг санаачилж хийхийг хүссэн хэрэг. “Үр минь” брэндийн хамгийн анхны хэвлэлттэй бүтээгдэхүүн “Гэрийн босс”, “Би хайраас” төрсөн зэрэг бичиглэл бүхий “боди”-г гаргасан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж хүүхдийн хувцас дээр төрөл бүрийн үгсийг бичиж эхэлсэн бол өдгөө 145 үгийн сантай болтлоо өргөжин тэлжээ.
Биднийг ийн ярилцах зуур хүүхдэдээ хувцас худалдаж авахаар орж ирэх ээжүүдийн цуваа тасарсангүй. Үйлчлүүлэхээр орж ирсэн хүн бүхэнтэй инээмсэглэн мэндэлж, хүүхдийн хувцас авахаар сонирхож яваа хүн бүрт эерэгээр санал тавихаас эхлээд худалдагч, менежерийн ажлыг давхар хийж байгаа нь А.Уянгааг ажилдаа чин сэтгэлээсээ ханддагийг илтгэх мэт. “Ямар хөөрхөн эгдүүтэй юм бэ. Миний хүүд гоё зохино доо. Ийм үгнүүд бичүүлэх гэсэн юм” гээд л худалдан авагчид сэтгэл хангалуун харилцан ярилцаж байгаа харагдав. Хүүхдэдээ зориулж чин сэтгэлийнхээ нандин үгсийг бичүүлэх ээжүүд хэсэг хүлээнэ. Учир нь, дэлгүүрийн арын өрөөнд хэвлэлтийн үйлдвэр хамт байрласан нь хамгийн зөв гарц гэлтэй. “Үр минь” брэндийн давуу тал нь үйлчлүүлэгчийнхээ хүссэн үгийг цаг алдалгүй бичиж өгнө.
“Хүн чаддаг ажлаа л хийх хэрэгтэй”
“Хүн чаддаг ажлаа л хийх хэрэгтэй” гэж бодож явдаг тэрбээр хамаатныхаа эгчид санал тавьж, хамтарч ажиллаад нэлээд хугацааг үдэж байгаа аж. “Эгч маань маш сайн туршлагатай оёдолчин. Анх даавуугаа хамт сонгоод бүтээгдэхүүнийхээ загварыг гаргаад, хийж эхэлсэн. Хүүдээ өмсүүлж үзээд хэрхэн, яаж харагдаж байна вэ. Загварыг дахин шинэчлэх шаардлагатай бол дахиж оёдог байсан. Хүүхдийн хувцас учир материал маш чухал. Сайн чанарын даавуу сонгохыг зорьж, эх орондоо импортоор орж ирсэн бүтээгдэхүүнийг эхний ээлжид худалдан авч, хувцас урласан байна. Хувцсныхаа материалыг үргэлж өөрөө сонгодог бүсгүй нярайлж, эхний нэг сарын хугацаанд хүүхдэдээ анхаарал тавьж, оёдолчдодоо худалдан авалт хийх үүргийг өгсөн ч материал төдийлөн үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрээгүй гэнэ. Тиймээс тэд сайн чанартай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй материалыг импортлогч улсад нь очиж, худалдан авалт хийхээр гуравхан сартай хүүтэйгээ хамт Хятадыг зорьжээ.
Нялх хүүхэдтэйгээ хэдэн хоногийн турш материал сонгож авахаар Азидаа том гэгддэг “Зондо” бүс барааны захаар явна гэдэг хэн хүний зориглож хийх ажил биш. Сэтгэл зүтгэл гаргаж, хийж байгаа ажилдаа дурласан учир А.Уянгаагийн эл үйлдлээс хөдөлмөрч, дайчин эмэгтэй гэдгийг тодотгоно. Энэ талаар түүнээс тодруулахад “ Зонда гээд бүс барааны том зах бий. Тэнд 11 хоногийн турш материал үзэж, давууныхаа судалгааг хийсэн. Сайн материал байна уу гээд туршилт хийж үзсэн. Давууны өөтөс бүрээс аваад эхний ээлжид угааж үзнэ. Будаг гарч байна уу, угаасны дараа материал агшиж, суналт өгч байна уу. Мушгихад дарвааж байна уу гэдгийг шалгаж үзсэн. Хамгийн сүүлд шатаагаад 100 хувь цэвэр даавуу байна уу гэдгийг үзээд сонголтоо хийгээд, худалдаж авсан. Харин одоо бид тухайн газарт захиалга өгөөд авч байна” гэсэн юм.
Хүүхдийн хувцсыг хийхэд том хүнийхээ хавь илүү ажиллагаа ордог гэнэ. Нэг ширхэг цамц хийхэд нэлээд хэдэн цаг шаарддаг байна. Импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг хүмүүс хувцас хийхэд олон шат дамжлага дамжиж, эзэндээ очдог гэдгийг төдийлөн мэддэггүй. Бүтээгдэхүүний гарцнаас шалтгаалдаг учир өдөрт хэдэн хувцас гарах нь харилцан адилгүй байдаг гэнэ. Хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй, өсөлтийн дэмжиж, дурсамж бүтээж, импортыг орлох зорилготой ажилладаг аж. Түүнчлэн тус брэнд ард түмнийхээ амьдралын боломжтой уялдуулж үнийн дүнгээ тогтоосон байна.
Эерэг үнэлгээ авсан анхны захиалга
“Үр минь” брэндийн анхны загвар бол нярайн цамц болон памперсны өмд юм. Импортоор орж ирдэг өмд памперстай хүүхдэд өмсгөхөд нуруу нь гардаг учир хүүхдийн биед ээлтэй ийм загвар гаргасан нь үйлчлүүлэгдээсээ эерэг үнэлгээ авсан гэнэ. “Хүүхдийн нуруу, гэдэс дулаахан байх ёстой. Гэтэл памперстай хүүхдэд өмд өмсгөхөөр нуруу нь гараад доошоо сугараад байдаг. Тиймээс л энэ загварыг гаргасан нь ээжүүдэд их таалагдсан. Зөрлөг энгэртэй цамцыг ч анх үйлдвэрлэж байлаа. Хүүхэд хурдан өсдөг. Тийм учраас уяаг нь сунгаад өмсүүлээд байх боломжтой. Хүүхдийн өсөлттэй уялдуулж хийсэн нэлээд хэдэн загвар гаргасан” гэлээ.
Хүүхдийн боди, пудволик, цамц, хослол, ноолуур нь өмд, цамц, даашинз, оймс, нярай хүүхдийн гэдэсний даруулга гэх зэрэг 70 гаруй загварын бүтээгдэхүүнийг монголынхоо үрсэд зориулан үйлдвэрлэсээр байна. Жил гаруйн хугацаанд 2000 орчим бүтээгдэхүүн гаргаж, худалджээ.
Худалдан авалт хийхээр зорьж ирсэн хүн бүрт таалагдах загварыг дэлгүүрийн лангуунд бэлэн байлгахыг хичээдэг ч оёдлын үйлдвэрийн хүчин чадлаас хамаардаг учир цөөхөн бүтээгдэхүүнтэй байх үе ч байдаг гэдгийг учирлаж байсан юм.
500 мянган төгрөгөөс эхэлсэн бизнес
Бизнесийнхээ сэдлийг олсон бүсгүй брэндийнхээ эхлэлийг 500 мянган төгрөгийн санхүүжилтээр эхэлсэн гэдэг. Нялх үрээ асраад гэртээ суудаг ээжүүдэд санхүүгийн хүндрэл байдаг нь нууц биш. Хань, хадам ээжээсээ 500 мянган төгрөгийн санхүүжилтийг бий болгож, ажлынхаа гарааг эхэлсэн нь амжилтын зүг хөтөлжээ. “Хүүгээ долоон сартай байхад нь үндсэн ажилдаа оронгоо давхар “Үр минь” брэндээ үүсгэн байгуулж байсан. Жилийн дараа буюу хоёр дах хүүхдээ төрөх үеэр үндсэн ажлаа хүлээлгэж өгөөд өөрийнхөө брэндэд анхаарал хандуулж эхэлсэн дээ. Хоёр сартай хүүхдээ тэргэн дээр түрээд ажилдаа ханцуй шамлан орсон. “Шарк Танк” нэвтрүүлэгт орсноор олон хүнд танигдаж эхэлсэн. Н.Цэлмүүн шаркийн дэмжлэгийг авсан ч бид хамтарч ажиллаагүй. Өөр хөрөнгө оруулагчидтай хамтарч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Бизнес хийхэд заавал их хэмжээний мөнгө шаардлагагүй. Бага байх тусмаа л бүхий л зүйлд хариуцлагатай хандаж сурдаг. Эхлүүлсэн бизнес, бүтээж буй брэндээ оршин тогтнуулж чадах л хэрэгтэй” гэлээ.
Түүний хийж буй ажил, хэлж буй үг бүрээс хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг нь мэдрэгдэж байв. Оёдлын болон хэвлэлийн үйлдвэртэй тус брэнд үндсэн найман ажилтантай. Гэртээ хүүхдээ асардаг ээжүүдэд тодорхой хэмжээний цалин олгож, хамтарч ажилладаг байна.
Хань, хадам ээжийнхээ дэмжлэгтэйгээр эхэлж байсан “Үр минь” үндэсний брэнд өнөөдөр үйлчлүүлэгчдийнхээ дунд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан нь тэдний хөдөлмөрийн үр шим гэлтэй. Бүхнийг болгож бүтээх сэтгэлгээтэй “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” залуухан хэрнэ завгүй А.Уянга бүсгүйн ажлаар аялсан нь энэ байв.
Хүүхдийн хувцсыг эхийн хайраар урладаг учраас шантарч байгаагүй гэнэ. Арга ч үгүй биз. Ээж хүн үрийнхээ төлөө өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж, ирээдүйн сайхан амьдралынх нь зураглалыг зурдаг. Тиймээс ээж бүхэн бүтээлч байгаасай л гэж хүсдэг гэж инээмсэглэн хэлснээр бидний яриа өндөрлөсөн юм.
С.Ичинхорлоо