“ Гидрометаллургийн үйлдвэрийн түүхэн хөгжил 1950 –иад оноос эхтэй юм билээ. Харин манай улсын тухайд тавхан жил. Ингэж онцлон дурдахын тухайд монгол хүн, монгол инженерүүдийн ур ухаан, зориг зүрхээр бүтсэн катодын буюу цэвэр цэсний үйлдвэр тун саяхан таван жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн хэрэг. Тодруулж хэлбэл, “Ачит –Ихт” ХХК 2014 онд Шар чулуутын хөндийд тоонотоо дугуйлж, тулгандаа галаа бадраасан түүхтэй. Уулын баяжуулах ”Эрдэнэт “үйлдвэрийн блансын бус овоолгыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах мөрөөдөл тээсэн хэдхэн хүн энэхүү үйлдвэрийн суурийг тавьж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, нөөцийг нь тогтоохоор өдөр, шөнөгүй зүтгэсэн билээ. Бидний мөрөөдөл цаасан дээр үлдэж, тоосонд дарагдах бус Монгол Улсын химийн үйлдвэрийн түүхэнд анхных гэдэг тодотголтойгоор алтан үсгээр бичигдэн үлдэж байгаа нь юутай их хувь тохиол вэ. Өнөөдөр үйлдвэр маань дэлхийд данстай, Лондонгийн биржид бүртгэлтэй болтлоо өсч өндийсөн байна. Миний сэтгэл маш их догдолж байна. Хурлын танхим маань хөл гишгих зайгүй болж. Бүгд манай ажилтан, албан хаагчид. Бид ийм олуулаа байгаагүй ээ. Эргэлзэж тээнэглэзэж явсан нэгэн ч байсныг үгүйсгэхгүй. Энэ бүхэн нэгэн амьсгаагаар бүтээгүй ээ. Асар их хичээл зүтгэлийн үр дүнд монголчууд бид өөрсдөө бүтээж чадлаа. “Ачит-Ихт” ХХК өнгөрсөн хугацаанд үйлвэрлээ ч барьж байгуулсан, улсынхаа төсөвт ч хувь нэмрээ оруулж иржээ. Татвар, төлбөр хэлбэрээр 160 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхийн хамт “Эрдэнэт” үйлдвэрт 10гаруй тэрбум төгрөгийг ашиглалтын төлбөрт төлсөн байх жишээний. Энэ бол бахархахгүй байхын аргагүй том амжилт. Энэ бүхний цаана “Ачит-Ихт” –ээр овоглож яваа залуучууд та бүгдийн хөдөлмөр, зүтгэл оршиж байгаа гэдгийг онцлох гэсэн юм” аа хэмээн баярын нулимстайгаар өгүүлсэн эрхэм бол тус компаний гүйцэтгэх захирал Д. Эрдэнэцэцэг. Монгол хүн бүр баярлавал зохих баярт үйл явдлын гэрч нь мэдээжийн хэрэг хэвлэл мэдээллийн байгууллагынхан. Тэр дундаа сэтгүүлчид. Шар чулуутын хөндийд сүндэрлэсэн Монголын анхны гидрометаллургийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан цех, дамжлагуудаар нь явах тусам “Монгол хүн хичээвэл чаддаг юм байна”, “Монголд үйлдвэрлэв” гэх алтан шошго бүхий аранжин зэс улсын минь нэрийг дуурсгах нь байна шүү дээ” гэх аархал өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.
Хүн бүрийн царайд баярын мишээл тодорсон таван жилийн ойн өглөө баярын хурал, сайшаал, шагналыг эс тооцвол үйлдвэрийн ажил ердийнхөөрөө эхэлсэн. Мөнгөн шагналаа халаасалж, дурсгалын цагаараа гоёсон залуучууд сэтгүүлчдийн хажуугаар өнгөрөхдөө “ Манай захирал баярласандаа болоод компанийхаа гол бахарлыг дурдсангүй. “Ачит –Ихт”- ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэд тэр дундаа “Эрдэнэт” ТӨУҮГ-ын ажилтан, албан хаагчдад давуу эрхийн хувьцаа эзэмшүүлж, улирал тутам ногдол ашиг өгч эхэлсэн. Мөн монгол хүүхэд бүрийг эрүүл саруул өсч өндийхөд нь зориулж хөрөнгө оруулалт хийж буй. Улаанбаатар хотноо Буянт-Ухаагийн дэнж дээр сүндэрлэн босох “Мөрөөдөл биелэх- Мөсөн өргөө”-г байгуулах буянтай үйл хэргийн гол хөрөнгө оруулагч нь манай үйлдвэр шүү” хэмээн ам уралдан өгүүлцгээснийг энд онцлох ёстой болов уу.
Үнсэн саарал овоолго үнэ цэнэтэй баялаг болсны нууц
Ингэж дүгнэж болно. Уулын баяжуулах үйлдвэр 1978 онд ашиглалтад орж, үйлдвэрийн хаягдал болох үнсэн саарал шороо 40 жил хөсөр хэвтсэн байдаг. Хэн ч тоодоггүй эдийг хөсөр хэвтсэн гэж монголчууд ярьдаг шүү дээ. БНМАУ газрын доорхи баялгаа эдийн засгийн эргэлтэд орууллаа хэмээх нэрийн дор өөрөө гүйгээд ирж байгаа валют гэцгээн Кремлийн ордонд болор хундага жингэнүүлж байх зуур тэртээ Оюут уулын бэлнээ улаан тууз хайчилж зогссон орос- монгол дарга нарын хэн нь ч хожмын өдөр Шар чулуутын хөндийд овоолж орхиод мартагдах блансын бус овоолго нь шинэ цагийн монголчуудыг тэжээх юм гэж санаагүй биз ээ. Эл үйл явдал зарим хүнд үлгэр мэт санагдаж, овоолсон шорооноос аранжин зэс гаргаж авлаа гэж үү гээд төсөөлөх гээд ч төсөөлж чадахгүй байгаа болов уу. Харин бидний хэдэн сэтгүүлчид тэр бүхнийг нүдээр харж, гараар барьж үзээд ирлээ. Энэ цагийнхан байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд орууллаа гэхээр юун түрүүнд аль аймгийн аль суманд нүгэл хурааж орхио вэ. Хайран ч хангай дэлхий минь хэмээн халаглах нь бий. Тэгвэл түмний хараалыг идэлгүйгээр харин ч гай тотгороос нь салгадаг өгөөжтэй технолог байдаг юм байна. Тодруулж хэлбэл, “ Ачит –Ихт” ХХК байгальд ээлтэй технологи ашиглан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал буюу блансын бус овоолгоос катодын цэвэр зэс гаргаж авч ядарсан эдийн засгаа аварч байгааг уншигч таны сонорт хүргэхэд таатай байна. Сэтгүүлч бидний гаргасан жимээр та ч бас аялаад үзээрэй. Бидний аялал тэртээд бараантах овоолготой газар дээр нь танилцахаас эхэлсэн. Овоолсон шороог юуг нь үздэг юм гэж бүү төвөгшөө. Үйлдвэрлэлийн анхан шатны процесс эндээс эхэлдэг гэдгийг ойлгочиход гэмгүй. Зуны цагт бол овоолго хэдий ч тус компаний байгаль орчныг хамгаалах хэлтсийн ажилтнуудын нөхөн сэргээсэн цэцэг алагласан талбай дундуур аялах байсан юм билээ. Цагийн эрхээр цэцгийн толгой бөхийж хагдарсан ч гэлээ овоолгын судлаар ногооноороо хатаж орхисон өвс салхины аясаар ганхаж байхыг харж л явав. Овоолго хүртэл нэлээд зайтай тул хөтөч авгайн өгүүлсэн нэгэн түүхийг дамжуулан сонордуулъя.
“Эрдэнэт” үйлдвэрийн энэхүү овоолгыг англи, австрали ноёд арваад жилийн өмнөөс сонирхон судалж, үзэж харан үсийг нь зулгаагаад амжиж. Дэлхий мэдэх “ Central Asia Metals” компани гэхэд л 2006-2008 онуудад судалж үзээд мөнөөх овоолгыг ядуу агуулгатай, зардал өндөртэй, үйл ажиллагааны эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй гээд голоод хаяад явчих гэнэ. Тэгээд Казакстанд бууриа засан тухалсан юм байх. Гэтэл П.Цагаан гэх нөхөр гудиггүй монгол зангаараа санхүүгийн болоод технологийн асар өндөр эрсдэл үүрээд л “бид чадна “хэмээгээд ороод явчихсан нь монгол хүний амны хишиг хаачив гэж. Мань эр санасанаа гүйцэлдүүлэхийн тулд бадар барьж дэлхийг тойрох шахсанаа энэ өдөр түмнээс нуугаагүй. Үйлээ үзэж, гутлынх нь хоншоор цайрч халцрахын даваан дээр аз таарч “Noble resources international” -тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж 60 сая ам.долларын зээл өгөхөөр болсон нь өнөөдрийн дэлхийд данстай болсон катодын зэсийн үйлдвэрийн суурь тавигдахын эхлэл болсон хэрэг. Нөөц байтугай нь сураггүй овоолгоостой шороонд найдна гэдэг хэн хүнээс гарах зориг биш шүү. нь Ямар сайндаа ашиггүй, ашиглахгүй гэж хаясан II овоолгыг нь ашиглах хүсэлтээ илэрхийлэн гэрээ байгуулахаар “Эрдэнэт “үйлдвэрийн удирдлагуудтай уулзахад “ Цагаан дарга аа, та эрүүл үү, энд оруулсан хөрөнгө чинь зүгээр л үнс болно ш дээ” гэсэн гэдэг. “ Үйлдвэр байгуулагдсан түүх ердөө энэ. Хөөрхий шар толгойтнууд өдийд амаа барьж суугаа нь лавтай. Сэтгүүлч хүний зангаар асуугаад амжсан. Хариулт нь мэдээж, “Жаахан л тэвчих байж. Шар чулуутын хөндий рүү юу юугүй ороод ирлээ. Өнөө овоолгын орой дээр ч гарлаа.
Хөрст дэлхий тээр дор харагдаж байна гэхээр сэтгүүлчдийн суусан төмөр хөлөг бидний сайн мэддэгээр бол Зайсан толгой дээр гарчээ дээ, маяг нь. Овоолгын өндөр 80 метр гэсэн шүү. Өглөөний салхи хацар жиндүүлэхтэй зэрэгцээд охидын хацарт улаан туяа бууж, хөндийн салхи эрчүүдийн цувны хормойг “ оролдон” айлгүйтэх нь намар цагийн аяс болохоор яалтай билээ. Нөгөө овоолго гэж нэрлээд байгаа зүйлийнхээ орой дээр нь гартал намираа бороо хацар норгон дэггүйтээд горьгүй. Тэгэх нь ээ бороо ч биш, гидротехнологийн аргаар хүдэр дэх зэсийг доошоо нэвчүүлж буй технологи юмсанж. Хар үгээр бол ус хүндийнхээ жингээр зэсээр өөрийгөө баяжуулж аваад цөөрөм рүү нийлнэ гэсэн үг. Нуруулдан уусгах технологи гээч энэ аж. Эл нэр томьёо дуулдаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч нүдээр үзэлгүй өнөөг хүрч. Үйлдвэрийн ерөнхий технологич Ц.Галсүрэн гэх эрхэм бидэнд хөтөчлөв. Түүний хийсэн танилцуулга маш энгийн. Химийн мэргэжлийн хүн биш гэж өөрийгөө голох хэрэггүй. Унаган байгалиараа байсан эл газарт 40 жилийнхугацаанд 12 том овоолго бий болж. Тодруулж хэлбэл, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэс, молбидены хүдрээ хөвүүлэх аргаар боловсруулаад баяжмалаа шууд экспортлодог гэдгийг бид мэднэ. Чухам энэ баяжмал монголчуудыг өнөөдөр ч тэжээж л байгаа. Гэвч “ Эрдэнэт” үйлдвэр зэсийн агууламж сайтай баяжмалаа гадагш борлуулаад хүдрээс үлдсэн хаягдал шаарыг нь балансын, балансын бус гэж ангилаад хиймэл уул болгоод овоолчихно. ТҮүнийндээ овоолго хэмээх нэрийг хайрлаж. Тэрхүү овоолго үйлдвэрийн хаягдал учраас химийн найрлагад өртсөн байх нь ойлгомжтой. Он цагийн уртад цас борооны ус овоолго руу нэвчин гадаргын ус болон урсахдаа зүгээр нэг борооны ус бус зэсийн агууламжтай ус болон хувирч байгаль орчин тэр хэрээр бохирдуулж байсан нь мэдээж. Үүнээс ангижрах арга нь ердөө өндөр технологийг ашиглах явдал. Энэ нь тусгай аргаар аргаж авсан химийн урвалд тэсвэртэй хулдаасан хамгаалалт бүхий хиймэл цөөрмүүдийг бий болгож, овоолгоос гарч ирэх зэсний агууламж бүхий усыг тосч аваад хүчтэй уусмалд эргэлдүүлсний эцэст үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг гаргаж авдаг байна. Энэхүү процесс нарийн ажиллагаа, өндөр хариуцлага шаарддаг нь нь нүднээ ил харагдаж байлаа. Үүний үр дүнд Шар чулуутын хөндий 40 жилийн бохирдлоосоо салж, нуруу нь тэнийх төдийгүй хөсөр хэвтэх хог эдийн засгийн эргэлтэд орон баялаг болох хувирч буйг нүдээрээ харж, сэтгэлийн таашаал эдэллээ. Эзэн нь “Ачит Ихт” ХХК. Эднийх өдөрт 35 тн цэвэр зэс хавтан үйлдвэрлэж, хөрөнгө оруулагч Нобель ресорс, Мицуй компани руу гаргаж байгаа гэнэ. Тэгэхээр жилд 10 мянган тонн цэвэр зэс экспортлож байна гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр тн зэсний ханш 5730 ам.доллартой тэнцэж буй. Тооны машин бариад энэ компани ямар ашигтай ажиллаж байгааг эндээс тооцож болно л доо. Атаархсан гадныхан шилээ маажин, хөлөө дэвсэн суудаг байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа, англи ноёд. Хамгийн гол нь хэн ч ашигладаггүй, тоодоггүй байсан овоолго дор тэрбумаар тоологдох хатуу валют хөсөр хэвтэж буйг монгол хүн олж харсанд л гавьяа нь оршино.
Ногоон зэс- буюу эко үйлдвэр
Зэс чинь юу боллоо гэж ногоон байдаг юм, улаан шар өнгөтэй гэж маргах хүн гарах л байх. Дэлхий дахин үйлдвэрлэлийн процесс нь байгаль орчинд ээлтэй бол бүтээгдэхүүнийг нь “ногоон” хэмээн хүндэтгэдэг болсон шүү дээ. Тиймээс “Ачит-Ихт” ХХК-ий үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн “ногоон” гэх томьёололд багтах нь зүйн хэрэг. Хүнд хортой химийн үйлдвэр гээд төсөөлөхөөр хөл тавихаас аль болох дөлж зугтаахыг хичээнэ. Чернобелийн аюул өдгөө ч бүрэн арилаагүй болохоор айхад гэмгүй. Гэхдээ технологийн зуун гэдгийг ойлгох хэрэгтэй. Компаний ажилтан албан хаагчид дэлхийн стандарт шаардлага хангасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, өндөр технологийг нэвтрүүлсэн учраас эмээх зүйл ер гарсангүй. Бүхэл бүтэн үйлдвэрийг арав хүрэхгүй хүн/нэг цехийн үйл ажиллагаа/ тусгай шилэн хорго дотроос удирдаж байх аж. Тодруулбал, операторууд үйлдвэрийн технологийн процессийг компютер дээр хянана гэсэн үг. Үйлдвэрийг хальт төсөөлөх аваас өнгө өнгийн шоог эвлүүлээд өрсөн мэт. Цэвэрхэн байгааг нь хэлээд юү гэх вэ. Цементен шал нь эмнэлгийн орчин шиг цэвэрхэн. Өнгө бүр өөрийн дамжлагыг илэрхийлнэ гэсэн үг. Химийн бодисны толбо ер харагдаагүй. Гурван том тогоон дотор л зэс хөвж байна лээ. Химийн мэдлэггүй мань мэтэд эхний тогоонд цэнхэр өнгөтэй хөөс л эргэлдээд байсан. Хоёр дахь тогооны шингэний өнгө хувирч тогооны хананд улбар шар туяа бүхий өрөм тогтож байгаа харагдсан. Гурав дахь нь мэдээж хэрэг шингэн зэс. Эцсийн дамжлага нь шингэн зэс тусгай хоолойгоор дамжин хавтанд наалдаад тэр нь царцаад зэс хавтан болж хувирна. Ямар ч хаягдал гардаггүй гэдгийг дурдах ёстой. Газар ухаж, мод бутыг огло татаагүй юм чинь ямар хог гарах билээ. Нэг хавтангийн хүндийн жин 90-100кг. Энэ цех жилд 10 мянга орчим тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй. Дашрамд өгүүлэхэд, тус үйлдвэрийн хүчин чадлыг ийм хэмжээний гээд ойлгочиход гэмгүй. Хөтөч Ц.Галсүрэнгийн албан ёсны тайлбараар, овоолгын орой дээр хиймэл бороожуулалт хийхэд ус доош нэвчин урсахдаа зэсээр баяжаад гараад ирдэг гэнэ.Тэр уснаас электролизийн аргаар цэвэр зэсийг нь “шүүн” боловсруулж аваад усаа тусгай насосоор буцаагаад овоолго руугаа шахан улмаар дахин нэвчүүлнэ. Энэ маягаар гидрометаллургийн процесс дахин дахин давтагдана. Энгийнээр ойлгуулахад нэг ийм. Байгаль орчинд ээлтэй, ямар ч хог хаягдалгүй, жинхэнэ эко үйлдвэрлэл явагдаж байгаагийн тод жишээг эндээс харж болно. Инженерүүд тун удахгүй хөрс рүү үл нэвчих тусгай “шаллагаатай” талбайд овоолгын хүдрээ бутлах илүү үр ашигтай аргад шилжих бэлтгэлээ базаагаад бараг дуусч байгаа тухайгаа үгийн далимд дуулгана лээ. Тус химийн үйлдвэр нь УУСГАХ-УУСГАН ХАНДЛАХ-ЦАХИЛГААН ХИМИ гэсэн гурван дамжлагат технологиор ажилладаг хэмээсэн. Агаарт ямар ч тоос, тоосонцор алга.Саарал усыг жинхэнэ утгаар нь ашиглаж байна лээ. Литр усыг хэд ч дахиад ашигладаг юм, бүү мэд. Дахин дахин ашиглана шүү гэх ганцхан тайлбарыг өгсөн. Үүнийг л ид шид гэх байх даа. Энэ бүхнийг нарийвчлан тоочихын учир хэмээвээс монгол хүн, монгол инженерүүд зориглон хөдлөх аваас химийн анхны үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулж чадсан гэдгийг л онцлоод байгаа хэрэг. Эргэлзэж байгаа нэгэн байвал очоод үзээрэй. “Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэг. Үнэндээ 40 жилийн турш өдөр бүр зөөсөн үйлдвэрийн хаягдал байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж ирснийг чухамхүү эрдэнэтчүүд сайн мэднэ. Энэ асуудлыг шийдэх гарцыг олж харалгүй хичнээн жил өнгөрсөн юм бэ, бид. Гэхдээ тэд зүгээр суугаагүйг хэлэх хэрэгтэй. Балансын овоолгоо түшиглэн “Эрдэнэт” үйлдвэр хорин жилийн өмнө “Эрдмин” үйлдвэр байгуулж, катодын зэс, улмаар зэс кабель үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж ирснийг уншигчид мэднэ. П.Цагаан дарга үүнээс санаа авч “Ачит-Ихт” ХХК-ийг байгуулсан байж ч болох юм. Үнэнийг өөртэй нь таарвал асууна биз. Төгсгөлд нь тус компаний гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэцэцэгээс хэн хүний сонирхлыг татаж буй “Ачит зэс” хувьцаа болон химийн анхны үйлдвэрийг хэрхэн байгуулсан талаар нь сонирхсоноо мөн Ачит-Ихт” ХХК байгуулагдсаны таван жилийн ойн баярын үеэр уулзаж, хөөрөлдсөн ажилтан, албан хаагчдын чин сэтгэлийн үгийг уншигч танд хүргэе.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Монгол Улс химийн үйлдвэртэй болсон. Тэр нь манайх
– “Ачит ихт” компаний байгуулсан зэс боловсруулах процессийг химийн үйлдвэр гэж ойлголоо.Тэгэхээр химийн үйлдвэрийн анхны шанг та бүхэн татаж?
-Гидротехнологийн аргаар зэс олборлох арга 1950 онд дэлхий дахинд түгсэн байдаг. Энэ нь чухамдаа химийн аргаар зэс олборлоно гэсэн үг. Бидний тухайд “Эрдэнэт”-ийн овоолгоос зэс олборлож, экспортод гаргах зорилготойгоор найман жилийн өмнө компаниа байгуулсан. Олон ч хөрөнгө оруулагч руу хандсан. Эцсийн дүнд өөрсдөө эрсдэлээ үүрээд үйлдвэрээ барьж ашиглалтад оруулснаас хойш таван жил өнгөрчээ. Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа. ТОП-уудтай зэрэгцэхийн тулд асар их хичээсэн. Гол нь аюулгүй ажиллагаа шүү дээ. Үйлдвэрийн галын осол аваараас авран хамгаалах “Тайко” бүрэн автомат системийг Монголд зөвхөн Оюутолгой , манай хоёрт нэвтэрсэн байх жишээний. Аюулгүй ажиллагаа бол амжилтын үндэс. Үүнийг л гол зарчмаа болгон ажиллаж байна, бид.
-“Ачит зэс” хувьцааны талаар нэмэлт тайлбар өгнө үү?
Бид анх ажилчдадаа зориулан “Ачит зэс” компанийн давуу эрхийн хувьцаа гаргасан. Хувьцааны 80 хувийг “Ачит Ихт” компанийн ажилчид, 20 хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, албан хаагчид эзэмшдэг. Манай хувьцаа аль ч банкны хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэй. “Ачит зэс”-ийн 10 сая төгрөгийн хувьцаа авлаа гэхэд гурван жилийн дараа есөн сая төгрөгийн цэвэр хүү авна гэсэн үг. Хувьцаагаа зарж, шилжүүлж, өвлүүлэх эрх бүрэн нээлттэй. Жилдээ бид дөрвөн удаа ногдол ашиг тараадаг. Нийтдэ нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. Нөхцөл нь ч уян хатан. Эрдэнэтчүүд ч ам сайтай байгаа. Энэ нь манай хамт олны улсынхаа эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм.
“Ачит-Ихт”-ээр овоглосон залуус
Гагнуурчин Ганболд: Ажлынхаа гарааг үйлдвэрийнхээ хашааг гагнахаас эхэлсэн
Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Бид анх 13-лаа ирж байлаа. Энэ сайхан хамт олныг түшээгүй бол өнөөдөр хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж хамгийн өндөр шагналыг авахгүй байсан. Миний ажлын гараа үйлдвэрийнхаа хашааг гагнахаас эхэлсэн. Ийм олон барилга, байгууламж байгаагүй юм шүү дээ. Компаний үйл ажиллагаа хашаагаа барихаас л эхэлдэг юм билээ. Мундаг хүмүүсээс их ч зүйл сурсан. Гагнуурчин хүнд торгон мэдрэмж хэрэгтэй гэж би найз нартаа хэлдэг юм. Үүнийг багшаасаа л сурсан.
Төлөвлөгч Билгүүн: Миний анхны хамт олон
Ажил амьдралынхаа гарааг энэ хамт олноосоо эхэлсэн. Цаг хугацаа маш хурдан юм, нэг мэдсэн зургаан жил болж. Анхдагч нарын тоонд багтаж явдагтаа баяртай байдаг. Бид нэг гэр бүл шиг ажиллаж, амьдардаг. Та бүхэндээ хайртай шүү.
Төлөвлөгч Б.Энхтүвшин: Би анхны тэтгэлэгт оюутан нь
“Ачит-Ихт” ХХК оюутнуудын дунд тэтгэлэг зарлахад найман хүн тэнцсэний нэг нь би. Сургуулиа төгсөөд ажлын байр хайлгүйгээр шууд л хамт олныхоо дунд орсон. Хамт олон маань намайг нээсэн. Ажлынхаа байран дээр өсч дэвжин ах, эгч нар шигээ эрдэм мэдлэгтэй сайн инженер болох юмсан гэж боддог. Хичээх ч болно.
Төлөвлөгч А.Олоннуур: Дипломоо аваад л ажилдаа орж байлаа
Дээд сургууль төгсөөд гурав хоноод л ажилдаа орж байлаа. Энэ хамт олны тэтгэлгээр төгссөн учраас нэрээ хичээж ажилладаг. Ах,эгч нарынхаа гаргасан жимээр өгсч яваадаа баяртай байдаг. Олон сайхан ах нар намайг дэргэдээ авч сургаж, хүмүүжүүлж яваа. Тэднээс их зүйл сурч байна.
Мөрөөдөл биелнэ, Мөсөн өргөө ч ашиглалтад орно
Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт”компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийжээ. Тэднээс хамгийн том нь 2020 онд ашиглалтад орох учиртай “Мөрөөдөл биелэх- Мөсөн өргөө”-г ашиглалтад оруулах явдал. Уг төслийн хамгийн гол хөрөнгө оруулагч нь “Ачит-Ихт” ХХК. “Азийн хүүхдийн спортын их наадам-2020” Монгол Улсын нийслэлд анх удаа болох гэж байна. “Мөсөн Өргөө” спорт цогцолбор 2600-3600 хүний суудалтай гээд төсөөл дөө. Сайхан байгаа биз. Энэ өргөөг олон ч хүн мөрөөдсөн дөө. Одоогоос гурван жилийн өмнө 2016 оны Залуучуудын өвлийн олимпоос Монгол Улс анх удаа алтан медаль хүртсэн түүхтэй. Багш, дасгалжуулагч хоёрыг эх орондоо аяны дөрөө мулталсан даруйд сэтгүүлчид шавсан. Тэр үеэр тэшүүрчин ОУХМ, Б.Сумъяа түүний багш,дасгалжуулагч Д.Энхбаяр хоёр төр, засагтаа хандан “Монгол Улс дэлхийн аварга тэшүүрчинтэй болох цаг ойрхон байна. ОУХМ Я.Зоригтбаатар маань дэлхийн аваргын болзол хангахад хэдхэн долль дутсан. Хэрэвзээ манай улсад өвлийн ордон байсан бол бид дэлхийг царайчилж, бэлтгэлээ базаах бус эх орондоо сэтгэл хангалуун бэлтгэлээ хангах ёстой байхгүй юу. Тиймээс төр, засаг минь анхааралдаа авч өвлийн мөсөн ордонтой болгож өгөхийг хичээгээрэй” хэмээж байсан. Тэдний хүслийг “Ачит Ихт”-ийнхэн ажил хэрэг болгож буй нь энэ. Энэ сайхан ордон ашиглалтад орох аваас тэшүүр, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт, соёл урлагын тоглолт, экспо, олон улсын хурал зэрэг нийтийг хамарсан үйл явдлуудыг ч зохион байгуулж болох хамгийн орчин үеийн технологи, инновацыг ашигласан гоёмсог байгууламжтай болох юм, бид. “Нийгмийн сайн сайхны төлөө хийж гүйцэтгэж буй ажилд ийм хэмжээний хөрөнгө “хаяхад” зориг зүрх гаргах хэрэгтэй биз” гэх хатгасан гэмээр асуултад маань Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг ажлаа мэддэг хүний араншингаар шууд л “Хүн рүү чиглэсэн үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг хойч үеийнхээ төлөө өнөөдрөөс зүтгэх хэрэгтэй бус уу. Манай компанийн хүний хөгжлийн бодлогод ирээдүйн сайн сайхны төлөө энэ мэтчилэн алсыг харсан бодлого олон бий” гэж омог бардам хариулна лээ. сан. Тэд нийтийг хамарсан үйлсээс гадна үйл ажиллагаагаа эхлүүлсэн арван жил, үйлдвэртэй болсон таван жилийн хугацаанд мэдлэг чадвартай хамт олныг бүрдүүлж, дараа дараагийнхаа үеэ сургаж, боловсруулж дадлагажуулах бүтэц системийг хэдийнэ бий болгоод амжиж. Ажилтан, албан хаагчдаа жил бүр эрүүл мэндийн иж бүрэн үзлэг хамруулж 167 сая төгрөг, биеийн тамир, спорт, фитнесс, бясалгал иогоор хичээллэхэд нь гэхэд л 334 сая төгрөгийг тус тус зарцуулж ирснийг сонсоход атаархахгүй байхын аргагүй. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, баталгааг хангах, сайжруулах үүднээс өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд 21 хүнд 412 сая, орон сууцны түрээс, ашиглалтад 23 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байх жишээний. Шинэ санал санаачилга гаргасан хүнээ шагнаж урамшуулахад 283 сая төгрөг зарцуулсан гээд аль ч компанийн үл тоон орхигдуулдаг зүйл энд харин заавал хийх ёстой ажлын жагсаалтад багтжээ. Ийм болохоор ажлын байрны тендер зарлахыг нь эрдэнэтчүүд хүлээж, нэг ажлын байрны төлөө 210 хүн өрсөлддөг буй за. Байгальд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологи ашиглан балансын бус хүдрийг боловсруулж, дэлхийн жишигт нийцсэн зэсийн үйлдвэрлэлийг эрхэм зорилгоо болгон эх орныхоо эрдэс баялагийг сорчлохгүй ашиглаж зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ гэсэн алсын хараатай “Ачит Ихт” ХХК-иар аялсан сурвалжлагын үр дүн нь Үндэсний шилдэг бүтээн босголт, үндэсний шилдэг компани гэж ийм л аж ахуйн нэгжийг нэрлэх ёстой юм байна гэсэн үнэлэлт дүгнэлтийг манай багийнхан нэгэн дуугаар өгцгөөсөн. Дараагийн компаниар аялсан тэмдэглэлээ хүргэх хүртэл баяртай.
Орхон аймаг- Улаанбаатар хот
Ч.Чулуунцэцэг