Хөдөө аж ахуйн салбарын инновацийг хөгжүүлж, импорт орлохуйц таван шилдэг бүтээлийг шалгаруулж, шагнал гардууллаа.
Тус бүтээлүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журам”-ын дагуу шалгаруулжээ. Энэ жил эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачдаас нийт 20 бүтээл ирсэн байна.
Эдгээр бүтээлүүдийг шинжлэх ухаан, технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох, үйлдвэрлэлд ашиглах бодит боломж, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтээр шүүж, үнэлгээ дүгнэлт өгчээ.
Шилдэг таван бүтээлийн эздэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле нар шагналыг гардуулсан юм.
- Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, В.Энхчимэг удирдагчтай “Завханы улаан сармис болон Алтайн сонгинын вирусгүй булцууг гарган авах, тарималжуулах” сэдэвт бүтээл
- Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхимийн багш, доктор (Ph.D), Д.Баатархүү удирдагчтай “Шувуу үргээх төхөөрөмж” сэдэвт бүтээл
- Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельминт судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), С.Лхагвацэрэн удирдагчтай “Малын цагаан хорхойтой тэмцэх шинэ арга” сэдэвт бүтээл
- Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, Б.Баатарцол удирдагчтай “Бактерийн шингэн бордоо” сэдэвт бүтээл
- Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн багш, доктор (Ph.D), З.Эрдэнэ удирдагчтай “Малын тэжээлд нэмэлтээр ашиглах целлюлаза ферментийн бэлдмэл үйлдвэрлэх” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарсан байна.
Шувуу үргээх төхөөрөмжийн хувьд нь ХАА-н газар тариалангийн ургацын талбай дээрх үр тариа, жимс жимсгэнийг шувуунаас хамгаалах зорилготой аж. Тус төхөөрөмж нь жимсний модны өндрөөс хамаараад босоо голтой сунаж агшдаг. Босоо голын хамгийн дээд цэгт лазер байрлана. Лазерт цацардаг нэмэлт хошуу суулгаж өгсөн учир бүх өнцөгт тусах боломжтой. Лазер эргэлдэн гялбаж шувуу үргээх аж. Тус төхөөрөмж нэг сая 30 мянган төгрөгийн үнэтэй.
Манай улс зах зээл дээрх сармис, сонгинын 80 хувийг БНХАУ-аас импортолдог. Гэтэл Монгол орны өвөрмөц экологийн нөхцөлд зэрлэгээр ургадаг, хүйтэнд гойд тэсвэртэй, ааг амт сайтай Алтайн сонгино (Allium altaicum Pall.) болон Завхан аймгийн Улиастайд 300 гаруй жилийн өмнөөс тариалж ирсэн биологийн идэвхт бодисын агууламж өндөртэй, Японд экспортолдог Улаан хальст сармис (Allium sativum L.) зэрэг хүнсний төдийгүй эмчилгээний чухал ач холбогдолтой сонгино, сармис манай Монгол оронд ургадаг. Хүний эрүүл мэндэд тустай Алтайн сонгиныг орчин үеийн ургамлын биотехнологийн аргаар үржүүлжээ. Ингэхдээ:
- Богино хугацаанд сонгинын нэг үрнээс олон мянган ургамал гаргах чадавхтай эсийн масс өсгөвөр гаргасан
- Өсгөвөрлөсөн эсүүдээс Алтайн сонгиныг ургуулан гаргах тэжээлт орчин, гормоны зохист тунг тогтоосон аж.
Монгол улсад нэн ховордсон Алтайн сонгинын нэг үрнээс хэдэн мянган ургамал ургуулах биотехнологийн шинэ аргыг боловсруулснаар оюуны өмчөөр баталгаажсан байна. Уг аргыг ашиглан Алтайн сонгинын масс үржүүлэг хийж байгаа бөгөөд одоогоор 2500 гаруй Алтайн сонгиныг нэг үрээс гаргаж тарималжуулжээ. Биотехнологийн аргаар уг процессыг явуулахад ойролцоогоор сар гаруйн хугацаа шаардагддаг аж.