Хэн нэгний хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэж энх цагийн Монголд эрдэнэт хүний амь нас “базаад” хаясан цаас шиг боллоо. Энгийн нэгэн гэхээсээ хууль сахиулах салбарын алба хаагчид цаг бусаар амь насаа алдсан хэрэг шил даран гарах болсон нь үүний илрэл. Хэд хоногийн өмнөхөн дөө, Ар гүнтийн давааны орчимд Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдлоо. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 19-ны 11:25 цагийн үед.
33 хүний суудалтай уг автобус осолдох үеэр долоон хүн амь насаа алдаж, 20 гаруй нь хүнд, хөнгөн бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Заримынх нь биеийн байдал сайжрахгүйгээр барахгүй тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй болох магадлалтай тухай мэдээлэл чих дэлсэж эхэллээ. “Эх орныхоо төлөө зүтгэе” хэмээн Төрийнхөө сүлдэнд гурвантаа тангараг өргөсөн долоон албан хаагч ээж аав, хань ижил, үр хүүхдээ үлдээгээд хэдхэн минутын зайтай хорвоог орхисон нь даанч харамсалтай. Хэрэг болсны дараа учир мэдэх нэгний яриагаар тухайн ажилчид ДХИС-ийн 85 жилийн ойгоо тэмдэглэх гэж яваад осолд орж амь насаа алджээ.
Төрд өргөсөн тангараг, түүнийхээ хүрээнд баяр тэмдэглэхээр явсан долоон залуу өнөөдөр гэртээ эргэж ирэхгүйгээр ийн “явлаа”… “Баяртай” гэж хэлээд гарсан тэд хайртай бүхнээ үнсэж, бас үнэрлүүлж чадсангүй…
Ид хийж бүтээх, хөдөлмөрлөж явах насан дээрээ хүний хорвоогоос харуусал дүүрэн халина гэдэг дэндүү харамсмаар бас халагламаар. Баяр ёслол тэмдэглэх, агаар салхинд гарах нь аль байгууллагад байдаг арга хэмжээ. Байдаг л энгийн зүйл. Гэвч албан ажил, ар гэрээсээ баяр хөөртэйгөөр гарсан тэдгээр алба хаагч амь насаа алдана гэдгээ даанч санаж, төсөөлөөгүй явсан нь дэндүү эмгэнэлтэй, зүрх шимширмээр.
Хэрвээ тэд ДХИС-ын 85 жилийн ой гэж хөл хөөрцөг болон баяраа тэмдэглэхээр яваагүй бол одоо ч амьд сэрүүн байх боломжтой байлаа. Гэвч баяр ёслолоос үүдсэн эл асуудалд ДХИС-ийн захирал хошууч генерал Ш.Лхачинжав ямар нэгэн тайлбар хийгээгүй явна. Угтаа бол хэрэг явдал үүдсэн мэдээ түгэхтэй зэрэгцэн хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хүн нь генерал Ш.Лхачинжав биш гэж үү?!.
Айлтай зүйрлэбэл Ш.Лхачинжав генерал ДХИС-ийн өрхийн тэргүүн буюу аав нь. Гэр бүлд том жижиг гэлтгүй асуудал дэгдэхэд аав хүн анхаарал хандуулж, хэрэг тарьсан нэгэнд нь хариуцлагтай тооцдог. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл хошууч генерал эрхэм нүдэн балай чихэн дүлий юм шиг ганц ч үг ган хийхгүй сууна вэ.
Анхнаасаа баяраа тэмдэглэх гэж явсан ажилчид тухайн асуудлаа сургуулийн удирдлагадаа мэдэгдэх нь зүйн хэрэг. Босоо удирдлагатай байгууллагад мөрдөгдөх энгийн мөртлөө хууль мэт хэрэгжих алтан зарчим нь ч энэ. Дээд удирдлагаасаа зөвшөөрөл авсан учраас явсан байж таарна. Ажил амьдралаа залгуулж явсан тэд тэр үед амь насаа алдана гэж санаж, зүүдлээ ч үгүй болов уу. Хамгийн гол нь, долоон хүний амиар хэмжигдсэн эл асуудал өнөөдрийг хүртэлх хугацаанд яагаад чимээгүй байна вэ. Эсвэл дараад өнгөрөх, хариуцлагаас зугтах шалтгаан дээд удирдлагууд нь байна уу.
Золгүй байдлаар амиа алдсан долоон хүний цаана хэдэн хүүхэд өнчирч, хэчнээн хүн шаналж байгааг бодолцож үзсэн үү. Хэрвээ сургуулийн удирдлага болон захиргаа нь ажилчдадаа тавих хяналт сайн байсан бол аймшигт ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байлаа.
Осолдсон автобусны жолооч ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд “Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан” гэх мэдүүлгийг өгсөн тухай мэдээлэл өнөөг хэр нь явж байна. Нийгмийн хэв журмыг сахиулах, хуулиар тангараг өргөдөг хууль сахиулагчдыг сургадаг ДХИС-ийн удирдлагууд тоормос нь ажилладаггүй автобустай ажилчдаа явуулсан гэхээр даанч санаанд багтамгүй. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг зогсоож, тээврийн хэрэгслийнх нь бүрэн бүтэн байдлыг хариуцдаг, сануулга өгдөг, торгодог алба хаагчдыг бэлтгэдэг ганц газар ДХИС биш бил үү!. Тийм байтал ажилчдаа тээвэрлэх автобусанд техникийн үзлэг ч хийхгүй явуулснаараа генерал Ш.Лхачинжав Та хариуцлага хүлээх ёстой!!!
С.Ичинхорлоо