Энтертайнмент
Бяцхан балетчид ОХУ-д зохиогдсон тэмцээнд амжилттай оролцжээ
Монголын бяцхан балетчид өнгөрсөн сарын 28-наас 31-ний өдрүүдэд ОХУ-ын Большой балетын академийн театрт анх удаа зохион байгуулсан “World Ballet Grand Prix –Moscow” тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Монгол улсаа төлөөлж энэ тэмцээнд Монголын балетын үндэсний сургуулиас гурав, Монгол Улсын Консерваториос гурав, “Сильфида” балет төгөлдөр хуурын студиос хоёр оролцогч оролцож, медалийн эзэд болсон байна.
Тэмцээний шагналт байруудад Монгол Улсын Консерваторийн сурагч Б.Хулан хүрэл медаль, тус сургуулийн сурагч Б.Хүслэн, Н.Оюунболор дипломын шагналт байр, “Сильфида” балет төгөлдөр хуурын студийн сурагч Д.Бөртэ-Үжин хүрэл медаль, тус сургалтын төвийн Ж.Амарлин тусгай байр, Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Г.София тусгай байрын эзэд болжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.