Энтертайнмент
Усан будгийн уран гайхамшиг

Зураач хүний амьдрал “зугаатай” ч юм шиг. Өнгө будгийг хослуулж, өвөрмөц хэв маягт оруулан нүүдэлчин Монголын түүхийг эрт үеэс эдүгээ хүртэл цаасан дээр тамгалан үлдээж байгаа цаглашгүй их авьяастай хүмүүс бол зураачид.
Тэд өөр өөрийн гэсэн зурдаг жанр, өвөрмөц хэв маягийг бүтээл бүртээ шингээж шигтгэж өгдгөөрөө онцлогтой. Таван настайгаасаа зургийн урлагт дурлаж, зурж эхэлсэн Б.Мөнхзул бүсгүйг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа онцоллоо.
Зурах хүсэлдээ хөтлөгдөж тог тасарчихсан харанхуй ахуйд цонхны гэрлийн доор суугаад зурдаг байжээ. Түүний анхны хэрэгсэл бол харандаа. Тэр үед өнгийн харандаа усан, тосон будаг ховор байв. Техник технолги хөгжихийн хэрээр будгийн хэрэгсэл шинэчлэгдэж өдгөө усан өнгөөр урладаг болсон байна. Авьяас өвлөгдөж ирдэг гэж ярих нь бий. Түүний аав шог зураач. Зураач аавын хүүхдүүд бүгд л зурах авьяастай. Магадгүй тэр их авьяас билэг түүний ааваас өвлөгдөн ирж, өнөөдөр өөрийн гэсэн бүтээл туурвиж байгаатай холбоотой ч байж мэдэх юм. Монгол ахуйг тэр дундаа хөрөг зураг зурдаг тэрбээр 20 гаруй жилийн турш бүтээл туурвижээ. Таван настай жаахан охин зураач болох хүсэлдээ хөтлөгдөн мөрөөдлийнхөө зүг хөдөлмөрлөсний үр дүнг “Талын монголын үрс” үзэсгэлэнгээс харж болохоор. Усан будгийн цогц өнгөөр урлагийн бүтээлийг туурвигч түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таван настайгаасаа зурж эхэлсэн гэдэг нь их сонин санагдлаа?
-“Гэрээ цэвэрлэчихье. Хоёулаа хамт зураг зурна шүү” гээд л эгчээсээ их гуйдаг байв. Тухайн үед хар харандаа л байдаг байсан. Зургаа зурчихаад харандаагаараа будна. Аав маань зураач байсан. Тэгээд л зурах дуртай байсан байх.
-Зургийн хичээлдээ илүү их сонирхолтой байсан гэж ойлголоо. Дугуйланд явж байсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Зургийн хичээлдээ илүү дуртай байсан ч дугуйланд тууштай яваагүй. Нэг удаа явж үзсэн. Миний сэтгэлд нийцээгүй. Тухайн үед жаахан ч байж. Дугуйланд зурах бүх зүйлийг зааж өгнө гэж бодоод очиход төдийлөн сайн чиглэл өгөөгүй. Тэр цагаас хойш ахиж дугуйланд яваагүй дээ. Сонирхолтой учраас өдөр шөнөгүй зураад л байсан. Зурах бүрт л сайжирна. Өөрийгөө дайчилж зурсаар анхны шатны мэдлэгийг олж авсан юм.
-Тухайн үед ямар зураг зурдаг байв?
-Өөрөө сэтгээд л янз бүрийн зураг зурдаг байсан. Бага байхдаа дүрс эвлүүлж их зурна. Тэнгэрийн үүлийг харж байгаад амьтны дүрс болгоод л зурна. Хувцас загварын болон хуанлинийн зургийг их зурсан. Хон жу гэг, Халтар царайт киноны бүх ангийг нэг бүрчлэн дүрстэй нь зураад жижигхэн зургийн цомогтой ном бүтээж байлаа. Зурах бүрт сэдэв өөрчлөгддөг. Сүүлийн үед монгол ахуйг харуулсан хүүхдийн хөргийг голчлон зурж байна.
-Хар харандаагаар зурж, буддаг байсан гэлээ. Тухайн үед өнгийн харандаа, паламастр, усан болон тосон будаг ховор байсан байх?
-Нийгэм хөгжиж, цаг хугацаа өнгөрөх тусам зургийн хэрэгслүүд өөрчлөгдөж байсан. Бага байхдаа харандаагаар л зурж, буддаг байв. Олдож байгаагаараа л зурна. Одоо шиг бүх юм элбэг байгаагүй. Олдоц нь ховор. Гэхдээ өнгийн харандаа, паламастр, усан тосон будгийг бүгдийн хэрэглэж байлаа.
-Олдоц ховор байсан гэлээ. Хэдэн оны үед билээ?
-1995 онд.
-Шугам зураг, дүрслэх урлагийн багш нар гэж “дэгжин” хүмүүс санагддаг. Шугам бариад л… Өөрийн гэсэн эв дүйтэй, зурах эвсэлтэй хүүхдүүдийг дэмжээд л…?
-Намайг зургийн багш маань “Чи ирээдүйтэй зураач болно” гэдэг байсан. Их дэмжинэ. Харандаагаа зөв барьдаг гээд л их урамшуулдаг байлаа. Хүүхэд байсан болоод ч тэр үү харандааны барилтыг гэдгийг ойлгохгүй.
Багш шинэ жилийн сэдэвтэй зураг зур гээд л. Ангийнхан гацуур мод зурж байхад би тэс өөрөөр сэтгэж зурдаг байсан. Гадаа цас орохыг гэр бүлээрээ цонхоороо баяр хөөртэй харж байгаа байдалтай зурж билээ. Үйл явдал өрнөлтэй зурсан гээд багш маань хэлж байсан нь санаанаас гардаггүй. Тухайн үед 3-5 хүртэлх үнэлгээг өгдөг байсан ч багш надад 10 гэсэн дүн тавьж билээ. Хоёр удаа 5 өглөө шүү гэсэн.
-Зураач мэргэжилтэй болно гээд шийдчихсэн байсан уу. Өөр мэргэжлээр сурсан гэж сонссон.Таны мэргэжил сонголтод хэн хүчтэй нөлөө үзүүлэв?
-Багаасаа л зураач болно гээд шийдчихсэн байсан. Хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо их эргэлзэж, хувирдаг. Би бол багаасаа л зураач болно гээд шийдчихсэн байв. Гэтэл гэрийнхэн маань миний мэргэжил сонголтонд нөлөөлж ОХУ руу гаалийн мэргэжлээр сурахаар явсан. Тэнд байхдаа ч зургаа зурсаар л байсан. Сургуулиа төгсөөд эх орондоо эргэж ирээд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангид суралцсан даа.
-Хэзээнээс сэтгэлдээ нийцтэл зурж эхэлсэн бэ. Хөрөг зурахдаа яг хүн шигээ болчихож одоо л миний бүтээл сэтгэлд нийцлээ гэж бодож байв уу?
-Янз бүр л байдаг. Заримдаа дажгүй зурчихна. Заримдаа бодсоноос тэс өөр онцгүй болчих ч үе бий. Одоогоор бүтээлдээ төдийлөн ханаагүй л байна. Үргэлж л зурна. Зурах тусам гүйцэтгэл сайжирдаг.
-Одоогоор нийт хэдэн хүний хөрөг зурсан бэ?
-Ёстой тоолж үзээгүй юм байна. Сайхан бүтээл хийе гэдгээс тоонд нь бол төдийлөн ач холбогдол өгч байгаагүй. Гэхдээ зурсан бүтээлээ тоолж байвал зүгээр санагдлаа.
-Нүүр буддаг хүмүүс будахад хэцүү төрхтэй хүн байдаг гэж ярьдаг. Тэгвэл зурахад хэцүү төрхтэй хүн байна биз?
-Байлгүй яахав. Зураад байхад л төрх нь гарч ирэхгүй. Хэдэн арван удаа зурж төрхийн бүтээх ч тохиолдол бий. Хүний хөрөг зурах хэцүү. Харцын зурах л их чухал байдаг юм. Нүдийн өөр зурчихвал хүнээсээ тэс өөр болчихно. Дээд, доод, урд, хажуу талаас харагдах байдлын тухайн хүнтэй яг адилхан зурах ёстой. Тэгж л хүний хөрөг зураг бүтдэг. Монхор хамартай хүмүүсийг зурах л их эвтэйхэн байдаг юм.
-Таны бүтээлээс монгол ахуй, болон монгол хүүхдийн хөрөг зураг их таалагдлаа. Зурсан зураг бүртээ эх орныхоо өв соёл, түүхийг түлхүү харуулдаг уу?
-Эх орныхоо өв соёл, түүх, ёс заншил түлхүү илэрхийлсэн бүтээл туурвиж байна. Монгол хүүхдийн төрх, дотоод сэтгэлийн илрэлийг “Талын Монголын үрс” үзэсгэлэнгээс ирж үзэх боломжтой.
С.Ичинхорлоо

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм20 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна