Хэвлийд “зүрх” цохилж эхлэв. Хүсэж, хүлээж байсан баярт мөчийн догдлол, сэтгэл хөдлөл, аз жаргалаар бялхсан тэр л хором амьдралын сайхан үе. Анхны үрээ өлгийдөж авахыг тэсэн ядан хүлээсэн аав ээжид арван сар урт хугацаа мэт. Жирэмснийхээ хяналтад орж, цаг тухай бүрт эмчид үзүүлж нэг л мэдэхэд арван сар харвасан сум шиг өнгөрч хорвоо дээр бяцхан үр мэндлэнэ. Ээжийнхээ хэвлийд тайван торниж байсан бяцхан “зүрх” шинэ бүхний эхлэлийг тавьж, аав ээж хэмээх эрхэм алдрын эзэд болдог. Тэр үеэс бид амьдралд хариуцлагатай хандаж, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эхэлдэг. Ээж аавынхаа хайранд энх тунх өсч байсан хүүхэд цэцэрлэг хэмээх хоёрдох гэр бүлд хүмүүжинэ.
Хүн бүхэн үр хүүхдээ сайн сайхан амьдруулахын тулд ажил хийх хэрэгцээ тулгарна. Тиймээс хүүхдээ хувь хувьсгалын цэцэрлэгт өгөх сонголттой нүүр тулдаг. “Аз” тохиовол сугалаагаар улсын цэцэрлэгт орох эрхтэй болно. Эсвэл гэртээ хүүхдээ харах, хувийн цэцэрлэгт явуулах сонголттой тулахаас өөр аргагүй. Цэцэрлэгт хүүхдээ явууллаа гээд асуудал шийдэгдэхгүй. Харин ч ар араасаа асуултын тэмдэг хөвөрнө. “Хүүхдэд хэрэглэнэ” гэх нэрийдлээр хэтэвчнээс зулгаах бол энгийн нэг байдаг зүйл.
Гэтэл но-той, ноцтой сэтгэл сэмрээх, нийгмийг айдас хүйдэст автуулах хэд хэдэн хэрэг хичээлийн жил эхэлснээс хойш шил шилээ даран гарлаа. Тодруулбал, Дархан-Уул аймгийн хувийн цэцэрлэгийн багш нар өглөө ээж ааваас нь хүүхдүүдийг инээмсэглэн хүлээж авчихаад өдөржин харанхуй өрөөнд түгжиж, хүйтэн шалан дээр хэвтүүлдэг гэсэн мэдээлэл цахим орчноор тархсан. Хэргийг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж дуусаагүй байхад Өвөрхангай аймгийн I дүгээр цэцэрлэгийн багш хүүхдийг сандалтай нь скочоор хүлсэн жигшмээр мэдээ гарч эхэлсэн. Хэл мэдэхгүй нялх хүүхдийг харгислаж, айлгасан хоёр багш ажлаасаа халагдаад хэрэг хав дарагдсан. Хүүхдийг хүмүүжүүлэх үүрэгтэй багш нар нэгдэн нийлж, хүчирхийлэл үйлдэнэ гэдэг өөрөө жигшихгүй байхын аргагүй үйл явдал. “Хүчирхийлэл үйлдсэн багш ажлаасаа халагдаад өнгөрнө” гэдэг хууль тэдэнд хүрч үйлчилдэггүйн тод жишээ. Харамсалтай нь, сарын 650 мянган төгрөгийн төлбөртэй “Глобол-монтессори” цэцэрлэгт явж байсан гурван настай охины гар индүүнд түлэгдсэн хэрэг хэд хоногийн өмнө гарч нийгмийг цочролд орууллаа.
Хэргийн тухай охины эмээ Д.Батцэцэг фэйсбүүк хуудастаа мэдээлж, гарыг нь боолгож буй бичлэгийг хавсарган оруулав. Хэрвээ охины эмээ түүнийг нийтэлж, хэвлэлд ярилцлага өгөөгүй бол энэ хэрэг магадгүй хав дарагдах байлаа. Индүүнд түлэгдэж, өвчиндөө шаналж байгаа охин аутимзтай. Энэ төрлийн өвчтэй хүүхдэд анхаарал, хараа хяналт бусдаас илүү их шаарддаг. Эцэг, эх эмээ нь тус цэцэрлэгийн удирдлага, багш нарт итгэсэндээ хүүхдээ даатгасан. Гэтэл өнөөдөр охин түлэгдсэн гартай, өвчиндөө шаналж зовсон байдалтай байна. Энэ талаар түүний эмээ “Охины минь биеийн байдал хүнд байгаа. Өвчин намдаах эм, тариа байнга хэрэглэнэ. Халуурч, уйлна. Цэцэрлэгийн зүгээс биеийн байдлыг нь асууж, уучлалт гуйсан зүйл одоогоор байхгүй. Хамгийн гол нь нялх хүүхдийг яах гэж индүүний өрөөнд дагуулж орсон. Яагаад халуун индүүтэй өрөөнд ганцааранг нь үлдээсэнг гайхаж байна. Сайн харж халамжлах байх гэсэндээ 650 мянган төгрөгийн төлбөрийг төлөөд оруулсан шүү дээ” хэмээв.
Харин “Глобал монтессори” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Бурмаа “Манай цэцэрлэгт явдаг Х охин аутизмтай. Үргэлж багш нь хөтөлж явдаг. Гараасаа салгадаггүй. Гэтэл эмээ нь санаатайгаар түлсэн юм шиг мэдээллийг фэйсбүүк хуудастаа бичиж, бидний нэр хүндэд санаатайгаар халдсан. Аутизмтай хүүхдийг хувийн цэцэрлэг авдаггүй. Харин ч бид авсан. Гэтэл манай цэцэрлэгийн талаар сөрөг мэдээлэл түгээж байгаад харамсч байна. Хуулийн байгууллага үнэн зөвийг тогтооно” гэх мэдээллийг өгсөн юм.
Хамгийн хачирхалтай нь сарын 650 мянган төгрөгийн төлбөртэй цэцэрлэгийн өнцөг булан, өрөө бүрт камер байх ёстой. Боловсролын салбарт хийсэн сайшаалтай ажлын нэг нь улсын бүх цэцэрлэг, анги тус бүрийг камержуулж, эцэг эхчүүд хүүхдээ өдрийг хэрхэн өнгөрүүлж байгааг хянах боломжийг бүрдүүлсэн явдал. Камерын ачаар хэд хэдэн хэрэг ч ил болсон. Хоолоо идэхгүй хүүхдийг алгадаж байсан багш, сандал дээр скочирдож хүлсэн мөн хэдэн жилийн өмнө хүүхдийг хөөж гүйж цохиж, зодсон хэргүүдийг илрүүлсэн байдаг. Тэгвэл яагаад өндөр төлбөртэй цэцэрлэгийн индүүний өрөөнд бус хонгилын буланд камер байсан бэ гэх асуулт гарч ирнэ. Угтаа бол бүх өрөөнд хяналтын камер байршуулах ёстой.
Эцэг, эхчүүд бид хувцас индүүдэхдээ хүүхдээ хажуудаа байлгадаггүй. Мэргэжлийн сургууль төгссөн цэцэрлэгийн багш яагаад индүүний өрөө болох эрсдэлтэй бүс рүү хүүхэд дагуулж оров. Цэцэрлэгийн эрхлэгчийн хэлж буйгаар гурван настай охин хүний хэлсэн ярьсныг ойлгох чадваргүй гэсэн. Тэгвэл багш яагаад хүүхдэд тавих хяналтаа сулруулав. Хэдэн даавуу индүүдэхийн тулд хүний нялх үрийг халуун индүүний харгислалд өртүүлэх болсон бэ. Хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж, үнэн мөнийг тогтооно.
Гэхдээ хүүхэд хүмүүжүүлэх байгууллага удирдаж буй эрхлэгч аутизмтай хүүхдийг хувийн цэцэрлэгүүд авдаггүй. Харин ч манайх авсан. Эцэг эхийг нь боловсролтой хүмүүс гэж бодсон чинь манай цэцэрлэгийг нэр төрд халдсан гэж хээв нэг хэлээд өөрсдийгөө өмгөөлж хамгаалаад байна вэ? Харин ч ёс зүйгүй үйлдэл биш гэж үү. Хариуцлага алдсан тухайгаа хүлээн зөвшөөрөхгүй мөртлөө хүүхдийн биеийн байдлыг ганц удаа ч асуугаагүй тэд боловсролын салбарт ажиллаж, бяцхан үрсийг хүмүүжүүлж байна гэж бодохоор халагламаар.
Хүүхдийн биеийн байдал хүнд байхад “Манай цэцэрлэгийн нэр төр” гэж ярих нь тийм чухал гэж үү?. Хүний, хүүхдийн эрүүл мэнд, амь наснаас үнэтэй байгууллагын нэр төр гэж байх уу?. Уян зөөлөн гэгддэг ээж хүн, эмэгтэй хүн цэцэрлэгт багшилж байгаа байх, түүнд нь хүн бүр итгэж, хүүхдээ үлдээдэг. Гэтэл яагаад унасан дээр нь нулимж байгаа юм шиг бие болон сэтгэл санааны хохиролд орсон бяцхан охины гэр бүл рүү дайрч давшилсан мэдээлэл өгч, мэдэгдэл гаргана вэ.
С.Ичинхорлоо