Монгол Улс агаарын бохирдлын талаар сүүлийн 15-20 жилийн хугацаанд ярьж байгаа ч цаашид нөхцөл байдал үүнээс ч илүү дордоно. Олон жил бохир агаараар амьсгалсан залуус 50, 60 нас хүрээд хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөх тэр үед л жинхэнэ асуудал үүсэх учраас маш яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид тодотгосон юм. Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага, зуны улиралд төрж буй эхчүүдээс өвөл төрж буй эхчүүдэд ногдож буй амьгүй төрөлтийн хувь 3-3.5 дахин өндөр байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн 2015 онд 0-5 насны 435 хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины үрэвсэл нь хүндэрч, нас барсан бол бага, дунд орлоготой орнуудын 0-5 насныхны 98-99 хувь нь ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа аж. Тэр ч бүү хэл агаарын бохирдлоос болж хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах зэрэг олон аюул учруулж байгааг олон улсын эрдэмтэн судлаачид анхааруулсан юм. Агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга /PhD/ П.Энхтуяатай ярилцлаа.
-Агаарын бохирдол хүний ялангуяа жирэмсэн эх болон бага насны хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар ямар дүгнэлт гарсан бэ?
-Энэ онд НЭМҮТ АШУҮИС-тай хамтарч хоёр төрлийн судалгаа хийсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар бид олон жилийн хөдлөл зүйг судалсан. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлоос үүдэлтэй гуурсан хоолойн багтраа өвчний чиг хандлагыг 2017 оноос хойших тоон үзүүлэлтээр судалж үзсэн. Судалгаагаар агаарын бохирдол энэ чигээрээ 2022 он хүртэл үргэлжилбэл уг өвчлөл тасралтгүй өсөх төлөвтэй байна. Улаанбаатар хотын хүн амд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийн талаарх судалгаанаас үзэхэд амьсгалын замын өвчлөлийн 20-30, зүрх судасны эмгэгийн 20, нийслэлийн хүн амын нас баралтын 9.2, уушги, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28.8, уушгины хавдрын 39.9 хувьд нөлөөлж байна. Мөн хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлааны тогтолцоо тогтворгй болох, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгаа.
-Гуурсан хоолойн багтраа өвчин хэдэн насныханд тохиолдох эрсдэлтэй байна вэ?
-0-19 насны бүлгийн хүн амд гуурсан хоолойн багтраа өвчин эрчимтэй өсч, 100 мянган хүн ам тутамд шинэ тохиолдлын тоо даруй 2-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Гуурсан хоолойн багтраа гэдэг нь хүүхэд амьсгалах боломжгүй болж боогдохыг хэлж байгаа юм. Энэ бол агаарын бохирдлоос үүдэлтэй нэг л өвчлөлийн төлөв байдлыг судалсан судалгаа. Дээр дурдснаас гадна эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүн амыг эрсдэлд оруулж буй тохиолдол олон бий. Тиймээс агаарын бохирдлыг нэн даруй бууруулахгүй бол иргэд, эрүүл мэндийн салбарт ирэх өвчний дарамт, түүнд үзүүлэх тусламж үйлчилгээний төсөв хөрөнгийг одоогийнхоос ч илүү нэмэгдүүлэх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, бусад өвчлөлөөс гадна зөвхөн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилт хэрэгтэй болно гэсэн үг.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээнээс нийтийг хамруулсан, томоохон гэж хэлж болох нь түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй явдал. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон улсад хүн ам олноор төвлөрсөн газарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байдаг. Энэ хэрэглээг орлуулах олон арга бий. Улаанбатар хотын гэр хороололд амьдарч буй айл өрхийн дийлэнх нь энгийн буюу ердийн зууханд галладаг учраас манай улс түүн дотроос богино хугацаанд үр дүн гарах аргыг сонгосон. Тодруулбал, нүүрсээ сайжруулж, хэлбэрт оруулан агаарт тархах химийн найрлагын үзүүлэлтийг бууруулж байгаа юм. Сайжруулсан түлш түүхийн нүүрсэнд агуулагдаж буй хор нөлөөг 50 хувь багасгана. Гэхдээ энэ бол урт хугацааны үр дүнтэй арга хэмжээ биш. Цаашид бид цэвэр түлш рүү шилжих ёстой. Цахилгаан хэрэглэх, нарны энерги, салхины эрчим хүч ашиглах зэргээр эко түлш хэрэглэх нь зүйтэй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Тухайлбал, Европын орнууд хийн түлш хэрэглэдэг. Харин Азийн зарим улс орон манай улстай адил сайжруулсан түлш хэрэглэдэг. Хөгжиж буй манай улсын хувьд ойрын үед энэ чиглэл рүү шилжих нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй ч цаашид дэлхийн жишгийг дагах нь зүйтэй.
-Энэ жилийн тухайд агаарын бохирдол ямар хэмжээнд байна вэ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулж үзсэн үү?
-Албан ёсоор тоон үзүүлэлтээр нь харьцуулалт хийгээгүй. Иргэн хүний хувьд хэлэхэд өнгөрсөн жилийн өдийд агаарын бохирдол ямар хэмжээнд байсныг бүгд мэднэ. Одоо бол сийрэгжилттэй байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр цэвэр агаартай болно гэсэн үг биш, харин утааны хэт их өтгөрөлийг шингэрүүлж байгаа юм. Агаар бохирдуулагчийг арван метр кубээс буулгаж чадвал арван хүнийг эмнэлэгт хандахаас урьдчилан сэргийлж чаддаг гэж үздэг. Тиймээс цаашид шат дараатай арга хэмжээ авч бууруулах л хэрэгтэй.
-Цаашид агаарын бохирдол одоогийнхоос ч илүү ноцтой хэмжээнд хүрч, хүний эрүүл мэндэд ихээхэн аюул учруулах эсэхэд гаргасан тооцоолол бий юү?
-Аль хэдийн эрсдэлийн түвшинд хүрчихсэн. Манай улс эко түлш рүү шууд шилжих боломжгүй юмаа гэхэд хамгийн түрүүнд автомашиныхаа шатахууныг евро стандарт руу оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй олон хүчин зүйлийн нэг нь автомашинаас гарч буй химийн агууламжтай утаа. Энэ нь гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч буй утаанаас ч илүүтэй хор хөнөөлтэй. Хүхэр агуулсан түлш бидний ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулна. Тиймээс нэн даруй, яаралтай евро стандарт руу шилжих л хэрэгтэй. Энэ стандартын түлшийг хар тугалга болон хүхэрийн агууламж ихтэй одоо хэрэглэж буй шатахуунаас хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө хамаагүй бага гэж олон улсад үздэг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо жил бүр нэмэгдэж байна. Айл бүр, зарим нь 2-3 автомашинтай байх жишээтэй. Тиймээс гэр хорооллын айл өрхийн түлшийг шинэчилж буйтай зэрэгцүүлж энэ талд өөрчлөлт хийх хэрэгтэй.
-Тодруулбал, автомашины утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-1990-ээд оноос хойш энэ төрлийн судалгааг хийж байгаа. Тухайлбал, замын хөдөлгөөнийг зохицуулж буй цагдаа нарын дунд хийсэн судалгаагаар тэдний цусан дахь хар тугалгын агууламж өндөр гарсан байдаг. Замын цагдаа нар яг голомт дээр буюу автомашины дунд зогсч ажилладаг учраас чанар муутай шатахуун хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалгааны дүн харуулж байна. Тиймээс ер нь цаашид төр засаг бодлогоо цэвэр түлш рүү чиглүүлэх нь маш чухал.
-Бохирдолтой орчинд амьдарч буй ийм үед иргэд өөрсдийн зүгээс ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ?
-Агаарын бохирдлыг бууруулахад төр, засгаас шийдэл гаргаж, томоохон ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой ч иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч, хариу арга хэмжээ авах ёстойг олон улсын эрдэмтэн, судлаачид зөвлөдөг. Тухайлбал, дотор орчинд агаар цэвэршүүлэгч тавих, гадагшаа гарахдаа зориулалтын амны хаалтыг зөв хэрэглэж хэвших нь зүйтэй. Мөн хүүхэд төдийгүй насанд хүрэгчид хоол тэжээлдээ анхаарах хэрэгтэй. Тэжээллэг, чанарлаг, амин дэмтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь, Үндэсний тавдугаар судалгаагаар хүүхэд өсөлт хоцрогдолтой, тураалтай, туранхай гэж гарахаас илүүтэй илүүдэл жинтэй нь олон байсан. Энэ нь хөдөлгөөний хомсдолтой холбоотой. Яагаад гэвэл, эцэг эхчүүд хүйтэн сэрүүний улирал буюу өвлийн гурав, дөрвөн сард агаар хэт их бохирдол байдаг учраас хүүхдээ гадаа тоглуулдаггүй. Хоол тэжээлийн судалгаанаас харахад цаашид агаарын бохирдол халдварт бус өвчний эрсдлийг нэмэх гол шалтгаан болох магадлал өндөр байна. Хүүхдийн оюун ухааны хөгжил, чадамжид нөлөөлж буйг дэлхийн олон эрдэмтэн судлаач тогтоож, нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэн бодох чадамжийг агаарын бохирдол дарангуйлж бууруулдаг гэсэн үг.
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхим, өрөө тасалгаанд агааржуулагч тавьж буйд олон нийт янз бүрийн байр суурьтай байдаг юм билээ. Ер нь хэр зэрэг үр дүнтэй бол?
-Гадна талын агаар, орчны бохирдол цонх, хаалга зэргээр нэвчиж дотор орчныг бохирдуулж байна. Судалгаанд хамруулсан нийт хүүхдийн 70 гаруй хувьд амьсгалын замын өвчний ямар нэг эмгэг шинж тэмдэг илэрсэн. Гэр буюу ердийн галлагаатай сууцанд амьдарч буй хүүхдийн дунд амьсгалын замын өвчний шинж тэмдэг тохилог орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс илүү илэрч байсан. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхим дах РМ2.5-ын агууламж Монгол Улсын агаарын чанарын стандартаас 3-10 дахин их буюу сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн байна. Тиймээс өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн анги танхимд агаар цэвэршүүлэгч тавьсан. Агаар цэвэршүүлэгч тавьсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг тавиагүйтэй нь харьцуулахад үр дүн нь 30 орчим хувьтай гарсан.
-Хүн бүр л агаар, орчны бохирдлын талаар ярьж, хэлэлцэж байна. Үүнийг бууруулахад төрийн байгууллага ялангуяа иргэдийн үүрэг, оролцоо чухал болов уу. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?
-Агаар, орчны бохирдлоос үүдэлтэй аливаа дарамт, ачаалалыг эрүүл мэндийн салбар үүрдэг. Хүн амын дунд агаар, орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөл нэмэгдснээр эмнэлгийн ачаалал, төсөв хөрөнгө нэмэгдэхийн зэрэгцээ тусламж үйлчилгээний хүртээмж багасч, хүлээгдэл бий болдог. Нөгөө талдаа тухайн хүний амьдралын чанар мууддаг. Олон улсад хөдөлмөрийн чадвараа алдах амьдралын жилээр нь үнэлдэг. Агаар, орчин бохирдолтой байснаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, 70 наслах байсан бол 60 хүрээд цаг бусаар нас барж байгаа нь тухайн хүн амьдралынхаа арван жилийг алдаж буй явдал юм. Энэ төрлийн судалгааг тухайн улсын хүн амд тооцоолж гаргаж, шийдвэр гаргагчдын анхааралд оруулдаг. Шийдвэр гаргах түвшнийхэн орчны бохирдлыг бууруулах чиглэлд гарц шийдэл эрэлхийлж, түүнийг нь анхан болон дунд шатныхан хэрэгжүүлдэг ч үүний цаана иргэдийн идэвх санаачилга, оролцоо хамгийн чухал байдаг. Орчныхоо бохирдлыг бууруулахын тулд хоёр талаасаа санаачилж, нэг цэгт уулзан шийдвэрлэдэг жишиг олон улсад бий. Жишээлбэл, тухайн хорооны оршин суугчид энэ хэсгийг хэрхэн зүлэгжүүлэх, яаж тоос шороогүй болгох вэ гэдгийг сэдэж, тэр тухайгаа холбогдох хүмүүст нь уламжилж, шахаж шаардснаар үр дүнд хүрдэг. Ингэснээр тухайн хэсэгт амьдарч буй олон зуун хүнийг орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг.
-Ярианы эхэнд та хоёр төрлийн судалгаа хийсэн гэсэн. Гуурсан хоолойн багтраа өвчний төлөв байдлаас гадна ямар асуудлыг судалж тогтоосон бэ?
-Эрүүл мэндийн салбарын тэр дундаас иргэдэд хамгийн ойр ажилладаг өрхийн эмнэлгийн эмч нарын дунд мэдлэг хандлага, зан үйлийн судалгаа явуулсан. Ингэхдээ агаарын бохирдлын үед бага насны хүүхэдтэй ээж, жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө өгч чадаж буй эсэхийг тогтоосон. Тоон болон чанарын судалгаагаар эрүүл мэндийн байгууллагын эмч иргэдэд агаарын бохирдлын өртөлтөөс сэргийлэх зөвлөгөө өгөх чадвар хомс байна. Эмч нар маань тусламж үйлчилгээ, эмчилгээндээ илүү анхаарал хандуулж, цаг зарцуулдаг. Нөхцөл байдал нь ч ингэж таарч байна. Гэхдээ үүнээс илүүтэй хүүхдийг өвдөөгүй байхад нь урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг өгдөг чадвар эзэмших ёстой. НҮБ-ын Хүн амийн сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгийн эмч нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж, агаарын бохирдлын үед иргэн хүн ямар хариу арга хэмжээ авч, эрүүл мэндээ хамгаалах ёстой талаар мэдлэг олгохоор төлөвлөж байна.
-Цаашид агаарын бохирдлоос үүдэлтэй ямар өвчлөл давамгайлах эрсдэлтэй байна вэ?
-Харшил, хордлого их байгаа. Энэ талын судалгааг хийхээр төлөвлөж байна. Манай төв орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцооны нэгдсэн программтай болсон. Энэ бол том дэвшил. Хэн хаана байгаагаас үл хамаарч аль хэсэг, нутаг дэвсгэрийн агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдлын чанарын үзүүлэлт, өвчлөл ямар түвшинд байгааг харах боломжтой. Төрийн байгууллагууд тухайн программаас тоон үзүүлэлтийг харж, төлөвлөлт хийж, урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм.