Бусад
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх сарын 29-ний өдөр тохионо

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх сарын 29-ний өдөр тохионо. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Давга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хотын дарга асан Ц.Баасанжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НИТХ-ын төлөөлөгчид, бусад холбогдох албаныхан болон нутгийн иргэд төлөөлөгчид оролцож хүндэтгэл үзүүллээ.
1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн гэдгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Давга хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов.
Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 20 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн юм.
“Монголчуудын түүхэнд гэгээн саруул ухааны гайхамшгийг үзүүлж, өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний урлагийн алтан санд арилшгүй ул мөрөө үлдээсэн алдар суут өндөр гэгээний мэндэлсэн өнө мөнхийн дурсгалт өлгий нутагт Улаанбаатар хотын үүслийн түүхийн бодит үнэнийг өнөөгийн болоод хойч үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор Улаанбаатар хотын 360 жилийн ойг тохиолдуулан 1999 онд босгосон “Гэрэлт хөшөө”-нд бид жил бүрийн намрын нар хур тэгширсэн налгар сайхан өдрүүдэд хүндэтгэл үзүүлж, хүмүүний ёсыг гүйцэлдүүлдэг уламжлалтай болсон. Уламжлалаа хүндэтгэж, удам хойчдоо өвлүүлэн үлдээдэг өвөг дээдсийн ёс жаяг өнөөгийн бидэнд хамааралтай төдийгүй даяарчлагдаж буй орчин цагт өөр бусдаас ялгарах өвөрмөц соёлоо ариун нандин байлгах өгөгдөхүүний хариу тайлал болж байна. Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж,Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье” хэмээгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ёслолын үйл ажиллагааг нээсэн юм.
Нийслэлийн анхны шав тавьсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр бэсрэг наадам зохион байгуулсан юм. Мөн нийслэлийн удирдлагууд Ширээт цагаан нуурын уснаас амсаж, Өндөр гэгээний суваргад арц хүж уугиулан цагаан сүүгээ өргөж хүндэтгэл үзүүллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм22 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа