“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа гоо сайханч Б.Энхжаргалыг урилаа. Тэрбээр 1995 оноос өнөөг хүртэл гоо сайханчаар ажиллаж байна. Одоогоос 24 жилийн өмнө мэргэжлийн гоо сайхны салон манайд гарын таван хуруунд багтахуйц цөөхөн байсан цаг. Тухайн үед өөрийн сонирхлын дагуу сонины зар харж, гоо сайхны томоохон салонд очиж, сургалтад хамрагдаж, дагалдан хийснээр ажлын гараагаа эхэлжээ. Хүн бүхний ажил, амьдралын зам мөр өөр. Аливаа ажлыг эхлүүлэхэд алдаа, оноо гардаг ч тууштай явсан нь амжилт олдог туйлын үнэн. Б.Энхжаргалын хувьд өөрийн сонгосон мэргэжлийнхээ дагуу шантралгүй, тууштай явсан нь өөрийн салоныг нээх суурийг тавьсан гэдэг.
“Гоо сайхны сургалтад хамрагдахад алчуур хэрхэн угаах хичээл заахаас эхэлдэг байсан. Хүний нүүрэнд хамаагүй хүргэдэггүй. Өдөр өнгөрөх тусам өөр зүйлийг зааж, хийх даалгаврыг хүртэл хэлж өгдөг байв. Ажлынхаа гарааг “Зууны эмэгтэй” арьс гоо заслын эмнэлгээс эхэлсэн. Хоёр жилийн турш дадлага туршлага хуримтлуулж, сурч мэдэх хүсэл, эрмэлзэл ихтэй идэвхтэй ажилласан даа. Улмаар үсчин дотор гоо сайхны өрөө түрээслээд өрх тусгаарлаж билээ. Шууд салон нээгээд ажиллуулах хэмжээний мөнгө мэдээж байгаагүй. Гоо сайханд орж ирж үйлчлүүлдэг хүн ч ховор байлаа. Одоо бол гоо сайхны үйлчилгээ хүн бүхний хэрэглээ болчихсон” гэдгийг тэрбээр онцлов.
Түүнийг ажлынхаа гарааг эхэлж байх үед гоо сайхны үйчилгээний үнэ 3500 төгрөг байжээ. Үйлчлүүлэхээр ирдэг хүн хүний тоо ч цөөхөн байсан гэдэг. Үсчин доторх жижигхэн өрөөг сарын 120 мянган төгрөгөөр түрээслэж, олон жил тууштай ажилласны хүчинд өнөөдөр өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй “UB BEAUTY TATTОО SALON”-ыг нээжээ. Мэдээж энэ хүртэл Б.Энхжаргалын зам тийм ч дардан байсангүй.
Унаж, босохоос эхлээд урагшлах, ухрах нь хосолдог, зэрэгцэн оршдог хүний амьдралд тохиолддог саад бэрхшээл тулгарч байсан ч түүнд шантрах эрх байсангүй. Зориод ирдэг, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, тодорхой хэмжээний орлоготой болж эхэлсэн ч ганцхан бэрхшээл түүнийг тушиж байсан нь түрээс.
“Түрээслэхээ болилоо. Таньдаг хүнээ оруулахаар болсон. Та өрөөгөө суллаж өгөөрэй” гэсэн үг түүний энэ хүртэл явж ирэхэд тулгардаг байсан бэрхшээлийн нэг. Нэгэнт түрээслэгчийн зүгээс өрөөгөө суллахыг шаардсан болохоор гарахаас өөр аргагүй. Харьцангуй тогтвортой өрөө оллоо гэхэд хэсэг хугацааны дараа түрээсээ нэмнэ. Арай гэж үйлчлүүлэгчээ олоод тогтвортой ажиллаж байхад түрээс нэмэгдэх нь амаргүй.
Энэ тухайгаа тэрбээр “Олон асуудал тулгардаг байсан. Хэсэг хугацаа өнгөрөөд түрээсээ нэмнэ. Үйчлүүлэгчээ татаад тогтвортой ажиллаж байхад гар гэнэ. Зах зээлээ дагаад ийм зүйл их тулгарна. Гоо сайхны хоёр ороо чирээд л гардаг байсан. Тоотой хэдэн газар түрээслэж ажилласан. Тиймээс цаашид өөрийн гэсэн салонтой болж тогтвортой ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэр үеэс эхэлж, ирээдүйд салонтой болно гэсэн зорилт тавиад өглөөнөөс орой хүртэл амралтгүй ажиллаж эхэлсэн дээ” гэлээ.
Тухайн үед өнөө цаг шиг интернэт байсангүй. Гар утсыг цөөн хүн хэрэглэнэ. Тэгэхээр тогтсон үйлчлүүлэгчтэй болоход хүндрэлтэй. Эргэх холбоо байхгүй болохоор тэр шүү дээ. Гэхдээ Б.Энхжаргал шантарсангүй. Үйлчлүүлэгчээ аль болох гоё сайхан харагдуулахын тулд өөрт байгаа бүхий л боломжийг ашигласан нь өнөөдрийн хэмжээнд хүргэхэд нөлөөлсөн болов уу. Ойр тойрных нь хүмүүс түүнийг “шидэт гар”-тай хэмээн хошигнодог гэнэ лээ.
Үнэхээр ч Б.Энхжаргал үйлчлүүлэгчийнхээ нүүрний бүтэц, хэлбэр, арьс гээд бүгдийг нэгбүрчлэн судалж, гоо сайхны массаж хийхээс гадна царай төрхөнд тохирсон хөмсөг, контур, төрөл бүрийн шивээс хийж байна. Мэдээж чанарын өндөр төвшинд. Арга ч үгүй юм. Учир нь, гоо сайханч хийнэ гэдэг хэн бүхний хийдэг, эзэмшдэг мэргэжил биш. Адаглаад тухайн хүнийхээ сэтгэлд нийцсэн будалт, арьс арчилгааг хийхгүй бол дахин ирэхгүй. Цаашлаад үйлчлүүлэгчээ алдана. Харин Б.Энхжаргалын хувьд багаас нь мэргэжлийн төвшинд хүртэл бүхий л шат дамжлагаар явж ирсэн болохоор энэ зэргийг асуудал гарах нь ховор, барагтаа гарахгүй.
“Чимээгүй тууштай хөдөлмөрлө” гэсэн үгийг хэлэх дуртай түүнтэй арьс арчилгаа, гоо сайхны талаар хөөрөлдсөн юм.
-Та Монголын анхдагч гоо сайханчдын нэг юм билээ. Багаас нь явсан туршлагатай хүний хувьд эргээд харахад энэ салбар хэрхэн өөрчлөгдсөн вэ. Анх гоо сайханчаар ажиллаж байхдаа яг ямар үйлчилгээ хийдэг байсан юм бэ?
-Нүүрэнд массаж хийж, маск тавьж, батга шахдаг л байсан. Орчин үе шиг олон үйлчилгээ хийдэггүй байсан.Түүнээс хэн дуртай хүн, хэд хоногийн сургалтад суугаад гоо сайхны үйлчилгээг хийхгүй. Техник технологи хөгжихийн хэрээр манай салбарт дэвшилттэй болон шүүмжлэлтэй олон зүйл бий болж байна. Эргээд харахад салбартаа олон жил тууштай ажиллажээ. Энэ хугацаанд олон ч туршлага хуримтлуулж, өөрийн гэсэн орон зайтай болсон байна. Хүний арьс, гоо сайхантай холбоотой учир хариуцлагатай ажилах хэрэгтэй гэж боддог. Цаг хугацаа өнгөрөх тусам эрэлт үйлчилгээ нэмэгдэж байна.
-Ажил хийж байгаа хүнд алдаа оноо их гардаг байх. Анхнаасаа төгс хийнэ гэж байхгүй шүү дээ?
-Хүн бүхэнд тохиолддог асуудал. Алдаа оноо гарна. Арван хүний нэгд ч юм уу таалагдахгүй байх тохиолдол гардаг. Алдаагаа засч залруулахыг хичээж ажиллана. Миний хувьд хүнтэй эелдэг харьцаж, харилцан яриа өрнүүлэхээс ажлаа эхэлдэг.
-Танайхыг анхдагч шивээсний салон гэдгээр нь хүмүүс мэднэ. Хөмсөг шивэхэд хүртэл дэвшил гарч байна гэдэг?
-Анх урт нарийхан хөх хөмсөг шивдэг байсан. Одоо өөрийн мэт харагдахуйц хөмсөг шивдэг болсон. Энэ бол дэвшилтэй тал нь. Миний ажил хүний гоо сайхан, эрүүл мэндтэй холбоотой учраас мэдлэг, мэдрэмж, судалгаа, туршлага чухал. Хүн бүрийн нүүрний онцлог, ясны бүтэц, бие организмын талаар судалгаа хийж, төрхөнд нь тааруулж шивэх хэрэгтэй.
2012 оноос эхэлж гоёлын шивээс биеийн лазер үйлчилгээг түлхүү хийж эхэлсэн. 6D шивээсийг Монголд анх удаа хийж эхэлсэн. Биеэндээ янз бүрийн шивээс хийлгэсэн олон хүн байдаг. Лазерын аргаар арилгаж байна. Ингэхийн тулд мэргэжлийн, туршлагатай хүнээр хийлгэх хэрэгтэй. Түүнээс хэн дуртай хүний хийдэг ажил биш.
-Хаврын улиралд арьс хуурайшиж, өнгөө алддаг. Эрс тэс уур амьсгалд амьдардаг бидний хувьд арьсаа хэрхэн хамгаалах ёстой юм бол?
-Хаврын улиралд хүний нүүрний коллаген алдахаар хуурайшиж, сэвх нөсөө тогтож эхэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүн сардаа ядаж нэг удаа гоо сайхны массаж хийлгэх ёстой. Гэтэл одоо нэг удаагийн тариа тариулаад гоё сайхан болно гэсэн бодолтой хүн олон байна. Тариа нь тухайн хүний биед хэдий хэр хугацааны баталгаатай байдгийг төдийлөн мэддэггүй. Тодорхой хэмжээний химийн нөлөө байна. Дараа нь гарах үр дагаварын судлаагүй байж сайн гэсэн бүхэнд очиж үйлчилгээ аваад байдаг. Эрдсэлийг нь тооцох хэрэгтэй. Тариа хийлгэж байснаас массаж хийлгэх нь хавь илүү дээр.
-Массаж хийлгэхийн давуу тал нь чухам юу байдаг юм бол. Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн арчлах ёстой вэ?
-Массаж хийлгэхэд олон давуу тал бий. Тухайлбал, нүүрний арьс чангалж, цусны эргэлтийг сайжруулдаг. Гэрийн нөхцөлд арьсаа маш сайн цэвэрлэж занших хэрэгтэй. Өөрийн арьсандаа тохирсон цэвэрлээг хийх ёстой. Тослог арьстай бол хөөсөн цэвэрлэгээ болон савангаар цэвэрлэж сурах хэрэгтэй. Харин хуурай арьстай бол сүүн цэвэрлэгээг тогтмол хийж, хөөсөн цэвэрлэгээг хаа нэг хийхэд тохиромжтой. Хэрвээ хуурай арьстай бол савандаж болохгүй. Хэт хуурайшил явагдаж коллаген алдагддаг. Өнгөн хэсгийн арьсанд суналт өгч, үрчлээтэй болж эхэлнэ. Өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэж сурах хэрэгтэй. Сурталчилсан бүтээгдэхүүн бүрийг сайн гэж авч хэрэглэхээс аль болох татгалзаж байх ёстой. Магадгүй гэнэт сайхан болохыг хүсдэгтэй нь холбоотой байх.
-Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх мэдээж чухал. Ер нь импортоор орж ирдэг бүтээгдэхүүн арьсанд таарахгүй харшлах тохиолдол их гардаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Өөрт тохирох бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эх орныхоо бүтээгдэхүүнээр массаж хийлгэдэг олон үйлчлүүлэгч байдаг. Би ч бас хэрэглэдэг. Хэт брэнд шүтээд байж болохгүй юм шиг санагддаг.
-Таныг массаж маш сайн хийдэг гэдгийг олон хүнээс сонссон. Өөрийнхөө хийдэг фитнес массажныхаа талаар тайлбарлаж өгнө үү?
-Фитнес массажийг зөвхөн гараар хийдэг. Анх гоо сайханч болоод хийдэг байсан. Хийсээр ч байна. Үйлчлүүлсэн хүмүүс гайхдаг. Гараараа ийм сайн хийдэг газар байдаг юм уу гээд л. “Маш их таалагдсан. Сайхан боллоо” гэдэг хүн олон. Эртний хоцрогдсон аргаар үйлчилж байна гэж бодох хүн байж магадгүй. Тийм биш. Эрүүлээр хүний арьсыг гоё сайхан болгох үйлчилгээ гэж ойлгож болно.
-Гоо сайханч хүний бие организмыг судлахаас гадна нүүрний төрхийг тодорхойлдог. Нүүр уншдаг гэх юм билээ?
-Тийм ээ. Хүнийг нүүрийг уншдаг юм. Хүн бүхний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх мэдрэмж өөр байдаг. Тэр тусмаа хөмсөг шивүүлэхээр ирсэн хүний нүүрийг сайн унших хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө хүн бүр өөрөөр илэрхийлдэг. Зөвлөгөө өгч байхдаа тэр бүгдийг сайн ашиглаж, өөрт нь тохирсон хөмсөг шивнэ. Хоёр нүдний зай хэт хол, шанаа нь хүртэл өөр байдаг. Духны өндөр, зовхи хоорондын хэмжээ, хөмсөгний булчингийн ажиллагаа өргөлт зэргийг харна. Нүүрний бүтцийг тайлбарлаж, өөрт нь зохихоор шивж өгөхийг зорьдог.
-Гоо сайханчаар ажиллаж эхэлсэн тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд шантрах үе гарч байв уу?
-Гоо сайханч болохоор өөрөөрөө үлгэр дуурайлал болохыг хүсдэг. Найзаар маань намайг шинж гэдэг үг байдаг. Б.Энхжаргал гэсэн хувь хүнээр нь манай салоныг шинждэг хүмүүс бий. Хүний хүссэн үйлчилгээг сэтгэлд нь хүртэл хийж өгчихөөд урмын сайхан үгнээс эрч хүч авч, урагшилж явна. Ажлыг хийх тусам хүн улам сайжирч, гаршдаг. Хүн аливаа зүйлд тууштай байх хэрэгтэй гэдгийг залуучуудад хэлмээр санагдах үе бий. Тодорхой хэмжээний боломжийн өндөр цалин өгөхөөр сар ажиллаад хаяад явах тохиолдол гардаг. Тууштай хөдөлмөрлөх хэрэгтэйг төдийлөн мэддэггүй. Уг нь гоо сайханч их эерэг сайхан мэдрэмжийг авч ажилладаг мэргэжил.
“Эмэгтэй хүн бүхэн үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Гоё сайхан байхын тулд өдөр бүр өөртөө цаг зарцуулж, өнгөлөг арьстай амьдрах хэрэгтэй” гэж зөвлөсөн Б.Энхжаргал хоёр охинтой. Түүнийг 2012 онд өөрийн салоноо нээн ажиллуулж эхлэхэд том охин нь түшиг тулгуур болж хамт ажиллаж байсан бол өдгөө бага нь хичээлийнхээ хажуугаар тусалдаг гэнэ.
Тэрбээр “Хоёр охиныхоо ирээдүйн сайн сайхны төлөө цаг наргүй, цалин бага гэлтгүй хөдөлмөрсний хүчинд өөрийн гэсэн салонтой болсон. Төдийгөөс өдий хүртэл тусалж дэмжиж, байсан хүн бүхэнд баярлаж явдаг шүү” хэмээн ярилаа. Б.Энхжаргал бүсгүй зорин ирсэн хүн бүрт үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сэтгэл заслын зөвлөгөөг өгдөг байна. Хүний амьдрал болсон хойно зовлон, жаргал ярих хүн олон. Тэр бүгдэд сэтгэлээсээ ханддаг аж. Аливаа зүйлийг хийхэд шулуун дардан замаар явдаг хүн гэж үгүй. Олон хүүхэдтэй айлд өсч, өөрийн хүчээр өндөрлөгт хүрсэн түүнд гаднын орныг зорьж, ажиллаж явсан үе ч бий. Дөрвөн жил хүний нутагт хүч, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө орон сууц худалдан авсан хэмээх түүний яриа өмнөө тавьсан зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөр өрнүүлснийг нь ямар нэгэн өнгө будаггүйгээр харуулсныг энд тодотгох хэрэгтэй.
С.Ичинхорлоо