Нийгэм
2020 онд нийслэлийн төсвийн 82 хувийг татварын орлогоор бүрдүүлнэ

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанд нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/ 23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2020 оны төсөв батлах талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцууллаа.
2019 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 31,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 986 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн орлогын төлөвлөгөө 45 тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан тооцоо байна. Төсвийн орлого бүрдүүлэлтийг хот дүүргээр нь задалж урьдчилсан гүйцэтгэлийн тайланг мэдээлэв. Төсвийн тухай хуулийн зүйл заалтын дагуу хотын шуудын 2019 оны төсвийн нийт орлого, зарлагын дунд өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөлд тусгасан талаар хотын Захирагч дурдлаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 6,0 хувиар тооцсон байна. Нийслэлийн 2020оны төсвийн хэлэлцүүлгийг иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлж гарсан саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсвийн төсөлд тусгажээ. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 2020 оны төсвийн төслийг татварын шинэчлэлийн хүрээнд хялбаршуулсан горимыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, “Цахим ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэл бодлогыг баримталж ажиллах талаараа дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ гэв.
2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Ийнхүү нийслэлийн 2020 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар авч хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгийн явцад НИТХ-ын төлөөлөгчид төсвийн төсөлд оруулах тодорхой саналаа илэрхийлж, холбогдох газар хэлтэс, агентлагийн дарга нар хариулт авлаа.Ирэх сарын 2-нд төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр товлолоо хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент18 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм19 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм19 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм19 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа